Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас автозам ашигласны хураамжийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Сүүлийн өдрүүдэд уг шийдвэрийг иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэж Хотын даргад удаа дараа шаардлага хүргүүлээд байна.
Мөн өнөөдөр иргэн Б.Цэгмид, "Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан нар болон "Үнэн ба зөв" намын гишүүд автомашинтай жагсаал зохион байгуулж байна.
Тэгвэл эсэргүүцэлтэй холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хотын дарга С.Амарсайханыг дуудаж уулзжээ.
Олон нийтийн эрх ашгийг хөндсөн ямар нэг асуудлаар шийдвэр гаргуулахдаа иргэдийн санал бодлыг сонсож, бодлого, үйл ажиллагаандаа тусгаж байх нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд хэлэв. Тухайлбал автозам ашигласны хураамжийг нэмсэнтэй холбогдуулан энэ талаар НИТХ-д дахин асуудал оруулж хэлэлцүүлэхийг чиглэл болголоо.
Энэ дагуу тооцоо, судалгаагаа дахин нягталж, хуулийн хугацаанд нь НИТХ-д хандана гэдгээ Хотын дарга С.Амарсайхан хэллээ.