Хятад руу байгалийн хий дамжуулах “Сибирийн хүч” хоолойгоо нээсний маргааш ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхий сайдыг Сочи дахь шилтгээндээ хүлээж байв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсад албан ёсны айлчлал хийхээр Москвад газардаж, зочид буудалдаа ирэхэд нь “Газпром” компанийн тэргүүн А.Б.Миллер хүлээж байсан нь ч учиртай аж.
Сочид Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч В.В.Путин нар Хятад руу байгалийн хий дамжуулах “Сибирийн хүч-2” хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулахаар тохиролцсон юм. Тэд сүүлийн гурван сарын хугацаанд хоёр дахь удаагаа уулзсан нь энэ. Харин хоёр хөршийг холбох хийн хоолойг өөрийнхөө нутаг дэвсгэрээр дамжуулах хүсэл, сонирхлоо илэрхийлсэн манай төр, засгийн удирдлага, ер нь энэ тухай хөндөж ярьсан хүний тоог хэлж мэдэхгүй юм. Гагцхүү Оросын талаас “За” гэж хэлүүлж, баримт бичигт гарын үсэг зурах хүртлээ тодорхой, бодитой болсон алхам нь энэ удаагийнх.
Сибирийн Чаяндин, Ковыткин ордоос манай зүүн талаар буюу Хятадтай хил залгаа бүсэд орших Оросын Благовещенск хот хүртэлх “Сибирийн хүч”-ийг Оросын “Газпром” хариуцах бөгөөд хоолойн урт нь 3000 км. Харин өмнө нь “Алтай”, өдгөө “Сибирийн хүч-2” гэгдэж буй төслийн хүрээнд 2700 км орчим хоолойг манай баруун талаар буюу Казахстан, Монголын дундуур тавьж Хятадын Шинжаан Уйгарт хүргэхээр төлөвлөж байсан юм. Хятад, Казахстантай хил залгаа орших, Оросын Алтайн уулсын бүс, баруун Сибирийг дайрах эл чиглэлийг өөрчилж, Монголын нутгаар дамжуулан төмөр замын маршрутын дагуу тавихаар тохиролцсон нь Монгол Улсын Ерөнхий сайдын түвшинд есөн жилийн дараа тус улсад хийж буй албан ёсны айлчлалын хамгийн том үр дүн юм. Уулзалтын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжих хийн хоолойн төсөл нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна” гэсэн бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Төслийг хэрэгжүүлэхэд улс төрийн ямар ч саад байхгүй” хэмээснийг албан ёсны эх сурвалж уламжилсан байна лээ.
Монгол, Орос, Хятадын нутгаар дайруулах байгалийн хийн хоолойн санамж бичигт Шадар сайд Ө.Энхтүвшин, ”Газпром” компанийн захирал Алексей Миллер нар гарын үсэг зурсан бөгөөд үүнд хоолойн ТЭЗҮ-ийг боловсруулах, эдийн засгийн үр өгөөжийг тогтоохоор тусгажээ. Хоёр улсын судалгааны ажлын хэсгүүд одооноос уг төслийн эдийн засгийн үр өгөөжийг тогтоох, ТЭЗҮ боловсруулах зэрэг ажлаа эхэлнэ гэсэн үг. Байгалийн хий дамжуулах асуудлаар ажлын хэсгийн анхны хурал Москва хотод болсон бөгөөд хоолойн техникийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд харилцан мэдээлэл солилцон ажиллах, эдийн засгийн үр өгөөжийг тооцох судалгааг эхлүүлэх талаар ярилцсан байна. Монголын төмөр замын маршрутын хувьд урьдчилан харж, тооцож болохооргүй газрууд байж мэдэх ч тухай бүр нь ажлын хэсэг хэлэлцэн шийдэх гэнэ. Эхний ээлжинд техникийн шийдэл гаргахад шаардлагатай мэдээллүүдийн жагсаалтыг ОХУ-ын Эрчим хүчний яамнаас Монголын талд энэ сарын сүүлчээр ирүүлэхээр болсон байна. Төслийн эдийн засгийн үр өгөөжийг тооцохдоо хоолойн диаметр, түүгээр дамжуулах байгалийн хийн хэмжээ, хий дамжуулах, шахах дэд станцууд болон шаардагдах цахилгаан хангамж зэрэг техникийн болон эдийн засгийн үр ашгийн тооцоог хийх шаардлагатай гэж талууд санал нэгдсэн. Үүний дараа төслийн үр өгөөжийн талаар ярих нь. Ажлын хэсгийн дараагийн хуралдаан гурван улсын хамтарсан уулзалт байх нь чухал гэдгийг талууд онцолжээ.
Ташрамд дурдахад, “Сибирийн хүч”-ийн бүтээн байгуулалтын ажил 2014 онд эхэлсэн бөгөөд таван жилийн дараа ашиглалтад орж буй юм. “Российская газета” сонины өнгөрөгч 5-ны дугаарт нийтэлсэнчлэн “Сибирийн хүч-2” төслийн хүрээнд хоолой тавих бүтээн байгуулалт эхэлчихвэл магадгүй үүнээс богино хугацаанд “Чингисийн зам” Монголын нутаг дэвсгэр дээр зурайх биз ээ