УИХ-ын өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаан Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр эхэллээ.
Нийслэл, орон нутгийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, аймаг, дүүргийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах зорилгоор уг хөтөлбөрийг гурван үе шаттайгаар, 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөснөө Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танилцуулгадаа дурдав. Ингэхдээ Азийн хөгжлийн банкны 158.34, Ядуурлыг бууруулах Японы сангийн 3.48 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх юм байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, саналаа хэлсэн. Д.Лүндээжанцан гишүүн “Тоног төхөөрөмж авахад их хөрөнгө зарцууллаа гээд иргэд эрүүл мэндийн байгууллагаар хүртээмжтэй үйлчлүүлж чадах уу. Орон нутгийн өрх, багийн эмнэлгийг эмч, мэргэжилтнүүдээр хангах, мэдлэг, мэргэжлийг нь дээшлүүлэхэд анхаарвал эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж сайжрах юм биш үү. Нэг эмнэлэгт үзлэг, нөгөөд нь шинжилгээ, өөр нэг газраас хариугаа авдаг тогтолцоо хэзээ өөрчлөгдөх вэ” гэв.
Төслийг санаачлагч Д.Сарангэрэл “Хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн алслагдсан хороололд өрхийн зургаан жишиг эмнэлэг барина. Нийслэлийн Хан-Уул, Чингэлтэй дүүрэг, Увс, Ховд аймаг дахь нэгдсэн эмнэлгийг өргөтгөж, 10 аймгийн сум тус бүрт эрүүл мэндийн төв байгуулна. Өрхийн нэг эмнэлэг байгуулахад 522 тэрбум төгрөг шаардлагатай. Тиймээс гадаадын байгууллагуудаас зээл, тусламж авахаас өөр аргагүй. Барилга, тоног төхөөрөмж, хүний нөөцөө цогцоор нь шийдэх учраас энэ төсөл онцлогтой. Мөн эмзэг бүлгийн болон алслагдсан дүүргийн, орон нутгийн иргэн бүрт хүрч үйлчилдэг болох зорилготой” гэлээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нэмэлт тайлбар хэлэхдээ “Сонгинохайрхан дүүрэгт жишиг эмнэлэг барьж байна. Бусад дүүрэгт ч барихаар төлөвлөсөн. Цаашдаа алслагдсан аймгийн сумдад ийм эмнэлэг байгуулснаар иргэд эрүүл мэндийн даатгалаараа харьяа эмнэлэгтээ шинжилгээ, оношилгоо, эмчилгээ хийлгэх боломж бүрдэнэ” гэдгийг онцлов.
Ингээд дээрх хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.4 хувь нь дэмжлээ.
Дараа нь Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт тавьж, санал хэлэх гишүүн байгаагүй учраас Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улс дахь Элчин сайдын яамны газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав.
СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ
Л.Энх-Амгалан нарын 10 гишүүний өргөн мэдүүлсэн Сонгуулийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. УИХ-ын сонгуулийн тогтолцоог 50+26 буюу 50 гишүүн нь жижиг тойргийн сонгогчдоос шууд санал авах, 26 нь том тойрог буюу Монгол Улсын нийт иргэдээс санал авахаар тусгаснаа төслийг санаачлагч дурдсан. Ингэснээр намыг бус, хүн сонгох хэлбэрт шилжиж, ард түмэн өөрийнхөө элч төлөөлөгчийг шууд сонгох Үндсэн хуулийн суурь зарчим хэрэгжинэ гэж тэд үзжээ. Сонгууль товлон зарласан өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй болох юм. Хуулийн төсөл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, байр сууриа илэрхийлэв.
Д.Эрдэнэбат: -Энэ тогтолцоо гишүүдийн дэмжлэгийг авч чадахгүй байгаа. Өргөн мэдүүлсэн хуулийн 67 дугаар зүйлд улс-нэг тойрогт тухайн намаас дэвшсэн 26 хүний нэгийг нь дугуйлна гэж заасан нь ямар учиртай вэ. Нэг тойрогт 26 мандат байгаа бол сонгогч 26 хүртэлх гишүүний нэрийг дугуйлах ёстой. 26 мандатаас нэг хүний нэрийг дугуйлна гэдэг бол “хүчиндэлт”. Ард түмнийг ингэж луйвардаж болохгүй. Шилжилт хөдөлгөөнийг яаж зохицуулсан юм бэ. Нэр дэвшигчийн өрсөлдөх тойрог тодорхой болсны дараа түр шилжих хөдөлгөөнийг хориглох нь үр дүнгүй шүү дээ.
Л.Энх-Амгалан: -УИХ-ын гишүүнийг иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхтэй гэж Үндсэн хуульд заасан. 50+26-г пропорциональ тогтолцоо гэж ойлгоод байна. Энэ бол мажоритар тогтолцоо. Мажоритар тогтолцоо нь таван хувилбартай. Хэлэлцүүлгийн явцад тэр таван хувилбараас алийг нь ч сонгох боломж нь нээлттэй. Түүнчлэн сонгуультай холбоотой маргааныг тухайн жилд нь багтаан шийдвэрлэх, хэрэг зөрчил үйлдсэн бол Зөрчлийн тухайн хуулиар хариуцлага ногдуулахаар тусгасан.
Б.Баасандорж (УБЕГ-ын дарга, ажлын хэсгийн ахлагч): -Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 60 хоногийн өмнө зогсооно гэсэн заалт бий. Үүнийг хэн, хэзээ гаргах нь тодорхойгүй байсныг өргөн барьсан хуульд ойлгомжтой болгосон. Тухайлбал, 26.3-т “Иргэдийг засаг захиргааны нэг нэгжээс нөгөөд шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал хураалт дуусахад сэргээнэ” гээд “Үүнийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар шийдвэрлэнэ” гэж тодорхой тусгасан.
Ц.Содномцэрэн (Сонгуулийн ерөнхий хорооны дарга): -Өмнөх бүх сонгуулийг нэг саналын хуудсаар явуулдаг байсан бол одоо дөрвөн саналын хуудас хэвлэх шаардлагатай. 35 нам тус бүрээс 26 хүн нэр дэвшинэ гэж тооцвол 900 гаруй хүний нэрийг саналын хуудсанд бичнэ. Өглөөний 07.00-22.00 цагт 2.5 сая сонгогч санал өгч амжихгүй. 900 гаруй хүнээс 26-г тэмдэглэхэд их цаг зарцуулна. Техникийн хувьд ч боломжгүй. Тиймээс 50 жижиг тойргоос нэг, улс-нэг тойргоос нэг нэр дэвшигчийн нэрийг л дугуйлах тооцоо гаргасан.
Ж.Энхбаяр: -Нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөрт 60 минут сонгуулийн сурталчилгаа явуулна гэж заажээ. Энэ хугацааны 25 хувийг нэг нэр дэвшигч эзэмшиж болно гэсэн байна. Сонгуулийн сурталчилгаа явуулах 18 хоногт үржүүлээд үзвэл нэр дэвшигчдийн 50 хувь нь зурагтаар сурталчилгаа явуулах боломжтой, үлдсэн нь боломжгүй. Олон нүүр сонин, тараах материал хэвлэх нь үрэлгэн зардал гэж болно. Үүнийг нэгдсэн байдлаар зохицуулмаар байна. Хэрэв том тойрогт өрсөлдвөл багадаа 500 сая төгрөг зарцуулна. Үүн дээр ухуулагчдын зардал нэмэгдэнэ. Түүнчлэн нэр дэвшигч сэтгэцийн эмгэггүй байна гэжээ. Үүнийг хэзээ, хэн тодорхойлох вэ.
Л.Энх-Амгалан: -Манай улс тогтолцооноосоо шалтгаалаад өндөр өртөгтэй сонгууль зохион байгуулдаг. Англи, Сингапурт нэг сонгогчид нэг ам.доллар зарцуулдаг жишиг бий. Тоглоомын дүрэм нь ч ойлгомжтой. Энэ хуулийн төсөл нь сонгуулийн өндөр зардлыг багасгаж, нэг гараанаас өрсөлдөх боломж бүрдүүлэхийг зорьсон. Тухайлбал, нэр дэвшигчдийн сурталчилгааны самбар адил хэмжээтэй ба нэг газарт байрлуулахыг тодотгосон. Сэтгэцийн эмгэгтэй, үгүйг тогтоодог байгууллага манайд бий. Энэ саналыг Засгийн газраас гаргасан. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс тодорхойлолт авч, хавсаргана.
Ш.Раднаасэд: -Орон нутагт амьдарч байгаа иргэдийг тав тухтай орчинд амьдруулахын тулд төсөв хэрэгтэй. Үүнийг тооцож байж мандатын тоог тогтоох шаардлагатай. Хэн хэрүүл хийсэн нь хөрөнгө оруулалт их авдаг. Мандатын тоог хуваарилдаг зарчмаа шинэчлэх хэрэгтэй юм биш үү. Орон нутагт санхүүгийн эрх мэдлийг нь олговол хэдэн мандаттай байх нь хамаагүй. Гэтэл одоогийн тогтолцоогоор бол бүх асуудлыг энэ танхимд суусан хэдхэн хүн шийдэж байна шүү дээ. Энэ зарчмыг бид Үндсэн хуулиараа өөрчилж чадаагүй.
Л.Энх-Амгалан: -Чухал санал хэллээ. Сонгуулийн тогтолцоо ямар байхаас шалтгаалж үүнийг шийднэ. Цаашид жижиг 76 тойрогт нэр дэвшүүлнэ гэвэл хүн амынхаа тооноос хамаарч мандат хуваарилна. Тухайлбал, Говь-Алтай аймаг 37 910, Булган 41 000, Хэнтий 50 000 сонгогчтой. Тэгсэн хэрнээ мандатын тоо нь харьцангуй. Нэг гишүүн хэдэн хүн төлөөлөхийг судалсан. Нэг гишүүнд 28-30 мянган сонгогч ногдож байна. Энэ жил бүр өснө. Хүн амын тоо, газар нутгийн хэмжээнээс хамаарч мандат олгодог тогтолцоонд шилжих шаардлага бий. Улаанбаатарт хүн амын тал хувь нь амьдардаг. Хүн амынх нь тоогоор бол 76 гишүүний 38 нь хотоос сонгогдох ёстой. Бид Үндсэн хуулийн өөрчлөлтөд нутгийн удирдлагатай холбоотой зүйлийг тусгасан. Дархан-Уул зэрэг хэд, хэдэн аймаг хотын статустай болно. Удахгүй хэрэгжүүлнэ гэв.
Ингээд Сонгуулийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 67.5 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.