Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засгаа сэргээхийн тулд татвар, хураамжаас чөлөөлөхгүй гэв

Коронавируст халдвар (Ковид-19)-ын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэн баталж, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр Засгийн газар төлөвлөж буй. Засгийн газраас эдийн засгийн сэргэлтийг хэрхэн эрчимжүүлэх талаар яам, агентлаг, холбогдох төрийн бус байгууллагуудаас санал авчээ. Ингэхэд эдийн засгийг сэргээх агуулга бүхий 530 орчим санал ирүүлсэн байна. Сангийн сайд Б.Жавхлан “Тэдгээр саналын дийлэнх нь хэрэгжүүлэх боломжгүй байсан” гэж тодотголоо. Зарим байгууллагаас эдийн засгийг сэргээхийн тулд мансууруулах бодис үйлдвэрлэдэг ургамал тарих санал ч гаргасан гэнэ.

Хуулийн төсөлд зээлийн батлан даалт гаргах, тусгай зөвшөөрлийг сунгах, зарим төлбөр хураамжаас чөлөөлөх, хориг хязгаарлалтыг цөөлөх, жуулчлалыг идэвхжүүлэх байдлаар дэмжлэг үзүүлж, эдийн засгийг сэргээх зохицуулалт тусгажээ. Үүнээс гадна ан агнуурын орлогыг хоёр дахин нэмэх, казино, морин тойруулга байгуулах, тааварт бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зэрэг заалт тусгасан нь олны анхаарлыг татаж буй. Ан агнуурыг нэмэгдүүлэх нь эдийн засагт төдийлөн өндөр нөлөө үзүүлэхгүй тул хасах санал гаргаж буй гэнэ. Харин казино, морин тойруулга байгуулах, тааварт бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх саналыг УИХ-ын гишүүд дэмжвэл хэрэгжүүлэх юм байна.

МҮХАҮТ-аас эдийн засгийн их сэргэлтийн бодлого хэрэгжүүлж, компаниудын татварын өрийг тэглэх, шимтгэл, торгуулийн төлбөр, алдангиас чөлөөлөх, аж ахуйн нэгжүүдийн дампуурах үйл ажиллагааг хөнгөвчлөх санал санаачилга гаргасан. Засгийн газраас МҮХАҮТ-ын гаргасан саналыг хүлээж авахгүй байх байр суурьт нэгджээ. Сангийн сайд “Өмнө нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль баталсан. Үүний балаг одоо хүртэл арилаагүй байхад дахин татвараас чөлөөлөх бодлого хэрэгжүүлэхгүй” гэв.

Эдийн засгийн хүндрэлтэй зэрэгцэн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг нэмэгдүүлэх асуудлыг иргэд хөндөх болсон. Энэ талаар Сангийн сайд “Нэмэгдсэн өртгийн албан татварын хоёр хувийг буцаан олгох механизм хэрэгжүүлсэн нь далд эдийн засгийг ил болгох зорилготой байсан. Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн 45 хувь нь анх НӨАТ төлөгч болсон. Одоо 67 хувь нь НӨАТ төлөгч болоод байна. НӨАТ төлөгч 90 хувьд хүрсэн тохиолдолд одоогийн бодлогод өөрчлөлт оруулах тухай ярилцана” гэж хариулжээ. Сангийн яамныхан судалгаа хийж, манай улсын эдийн засгийн 8-9 хувь нь татвар, хураамж төлөхгүй, далд хэлбэрээр байна гэсэн дүгнэлт хийсэн гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.