Улсын математикийн 61 дүгээр олимпиад энэ сарын 1-5нд болж өндөрлөлөө. Тус олимпиадыг нийслэлийн ерөнхий боловсролын нэг, 11 дүгээр сургуулийнхан хамтран зохион байгуулж, шилдгүүдээ тодруулсан байна. Тухайлбал, олимпиадын Е ангилалд 9-10 дугаар ангийн 85 сурагч өрсөлдсөнөөс “Орчлон” сургуулийн сурагч Б.Цолмон, 11 дүгээр сургуулийн сурагч А.Ану нар алтан медаль хүртсэн бол уран бодолтын аваргаар нэгдүгээр сургуулийн сурагч М.Бадамсамбуу шалгарчээ. Харин олимпиадын F ангилалд 11-12 дугаар ангийн 84 сурагч оюун ухаанаа уралдуулснаас “Сант” сургуулийн сурагч С.Манлай тэргүүлж, 11 дүгээр сургуулийн сурагч Б.Мөнхбадар удаалсан бол уран бодолтын аваргаар “Эрдмийн сан сургууль”-ийн сурагч Р.Доржзовд шалгарсан байна. Мөн уг олимпиадад 67 багш өрсөлдсөнөөс 11 дүгээр сургуулийн багш Д.Хосбаяр алтан медалийн эзэн болжээ. Түүнчлэн олимпиадын оролцогч 236 багш, сурагчдаас 138 нь бүтэн бодолт хийж тусгай шагналын батламж авчээ. Ирэх жилийн олимпиадыг Баянхонгор аймагт зохион байгуулах гэнэ.
Ч.Болор