Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг, Бага тэнгэрийн амны ойролцоо автомашинууд мөргөлдсөн тухай дуудлага энэ сарын 6-ны 15.00 цагийн үед цагдаагийн байгууллагад иржээ. Олон нийтийн сүлжээнд хүнд даацын “Хово” загварын ачааны автомашин суудлын “Тоёота акуа”-тай мөргөлдсөн ослын зураг, бичлэг нийтлэгдсэн. Энэ ослын улмаас “Тоёота акуа”-гийн зорчигч нь газар дээрээ амиа алдсан байна. Харин жолоочид нь эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, ГССҮТ-д хүргэсэн аж.
Ослыг харсан хүмүүс болон хэргийн газрын үзлэгийн явцад “Тоёота акуа” загварын тээврийн хэрэгслийн жолооч нь урсгал сөрснөөс энэ осол гарсан бололтой. Өдгөө Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.