Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ)- ийнхэн 2020 оноос БНСУ-ын “Канбук самсунг” эмнэлэгтэй хамтран KOFIH төслийг хэрэгжүүлж, дуусгажээ. УХТЭ-ийн ерөнхий захирал Б.Бямбадорж “Төслийг таван жил хэрэгжүүлэх хугацаанд БНСУ-аас монгол иргэдийн эрүүл мэндийн төлөө нийт 3 626 000 ам.долларын хөрөнгө оруулсан. Тус хөрөнгөөр бид иргэдэд эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй тусламж, үйлчилгээг үзүүлэх зорилгоор Үндэсний оношилгоо, эмчилгээний төвд орчин үеийн, 62 ширхэг тоног төхөөрөмж авч, эмчилгээ, үйлчилгээндээ бүрэн нэвтрүүлсэн. Үүнээс гадна эмч, мэргэжилтнүүдэд зориулсан сургалтад 43 зочин багш уригдан ирж хичээл заасан бол туршлага судлах гадаад томилолтод 54 хүнийг хамруулсан байна. Дотооддоо чадавхжуулах сургалтыг тасралтгүй зохион байгуулж давхардсан тоогоор 3520 мэргэжилтнийг оролцуулсан” гэлээ.
“Канбук самсунг” эмнэлгийн KOFIH төслийн ерөнхий нарийн бичгийн дарга Пэк Гван Пэк “KOFIH байгууллага нь 2016 оноос хойш УХТЭ-тэй хамтран ажиллаж байгаа. Бид өнгөрсөн хугацаанд эмнэлгийн цөмийн тасгийн үйл ажиллагааг сайжруулах төсөл хэрэгжүүлсэн. Харин энэ удаад Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн эмчилгээ, үйлчилгээг улам сайжруулахад хамтарч ажиллалаа. Цаашид УХТЭ-тэй нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр, тэр дундаа ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгоход шаардлагатай, хиймэл оюун ухаанд суурилсан тоног төхөөрөмж нэвтрүүлэхээр төлөвлөж байна” хэмээсэн.
О.Оргилох