Хувь хүний орлогын албан татвар буюу цалин, урамшууллаасаа төлдөг ашгийн орлогыг нэг хувь болгож бууруулах санаачилгыг нэр бүхий иргэн нийтийн цахим өргөдөл, гомдлын “D-Parliament” сайтад гаргасан нь 100 мянга гаруй хүний дэмжлэг авч, уг асуудлыг парламентын түвшинд хэлэлцэх болзол хангаад буй талаар өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тус саналыг Төсвийн байнгын хороонд шилжүүлж, хуулийн төсөл боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Иргэдийн гаргасан цахим өргөдөл, гомдолд тулгуурлан хуулийн төсөл боловсруулахад 30 хоногт 100 мянган хүний гарын үсэг цуглуулах шаардлага тавьдаг. Хувь хүний орлогын албан татварыг нэг хувь болгож бууруулах цахим өргөдөлд зургаан хоногийн хугацаанд 100 187 хүн гарын үсэг зурсан билээ. Хэрэв энэ хууль батлагдвал иргэдийн одоо төлж буй татварын хэмжээ есөн хувиар буурах юм.
Н.Мишээл