Амьсгалын замын цочмог халдвар болох улаанбурхан хурдацтай тархаж, энэ сарын 19-ний 22.00 цагийн байдлаар өвчний 62 дэх тохиолдлыг бүртгэснээ ХӨСҮТ-өөс зарлалаа. Энэ нь өдөрт дунджаар 3-5 тохиолдлоор нэмэгдэж буй үзүүлэлт аж. Хамгийн сүүлд Булган аймагт уг өвчин гарсныг лабораториор ийнхүү баталгаажуулжээ. Мөн Төв, Орхон, Дорноговь аймагт улаанбурхны халдвартай байж болзошгүй хүмүүсийг хяналтад авсан бол Дундговь, Өмнөговьд өвчин дэгдээд байна.
Улаанбурхан цэцэрлэг, сургуулиудад голчлон тархаж, сэжигтэй 40 орчим тохиолдлыг хяналтад аваад буйгаа албаныхан мэдээлсэн. Тиймээс боловсролын байгууллагуудын удирдлага, багш, эмч нарыг хүүхдүүдийн ирцийн мэдээллийг нягтлан, шинж тэмдгийн тандалтад онцгой анхаарч, өвчнийг эрт илрүүлэхэд хамтарч ажиллахыг хүслээ. Түүнчлэн эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандан, улаанбурхны эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан, үгүйгээ тодруулж, дутуу орхисон тунг яаралтай нөхөж хийлгэхийг анхааруулав. Дүүргүүдийн хэмжээнд Өрхийн эрүүл мэндийн төвүүд өдөр бүр 08.30-16.30 цагт товлолт вакцин хийж буй бөгөөд лавлах зүйлсээ 8901-6199, 75, 103, 100 утсаар тодруулахыг нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөлөө.
О.Оргилох