Дэлхийн нийгмийн ажлын өдөр өчигдөр тохиолоо. Нийгмийн ажлын олон улсын холбооноос санаачлан жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн мягмар гарагт уг өдрийг дэлхийн нийтээр тэмдэглэж хэвшжээ. Тус байгууллагаас энэ жил “Тогтвортой үргэлжлэх сайн сайхны төлөө үе хоорондын эв нэгдлийг бэхжүүлэхүй” уриалга дэвшүүлж, нийгмийн ажилд салбар бүрийн төлөөллүүд идэвхтэй оролцож, үе хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зөвлөсөн байна. Ялангуяа нийгмийн ажлын үнэ цэн, ач холбогдлыг сурталчлах, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр нэгдэх нь чухал гэдгийг онцолжээ. Үүний хүрээнд МУИС, МУБИС, ШУТИС, АШУҮИС болон НҮБ-ын Хүүхдийн сангийнхан хамтран өчигдөр уулзалт зохион байгуулж, нийгмийн ажлын үнэ цэнийг сурталчлах талаар зөвлөлдсөн юм.
Нийгмийн ажлын өдрийг манай улс 1997 оноос эхлэн тэмдэглэж буй аж. Эл өдрийн хүрээнд нийгмийн ажилтнуудын үйлчилгээ, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулахад голлон анхаардаг. Энэ нь нийгмийн хөгжил, өөрчлөлт, эв нэгдлийг дэмжих, хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн практик үйл ажиллагаа гэдгийг дээрх уулзалтаар тодотгосон юм. Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ оноос хэрэгжүүлж эхэлснээр анхан шатны нэгжид улсын хэмжээнд хүүхэд, гэр бүлийн 833 нийгмийн ажилтан ажиллах болсон нь чухал алхам гэдгийг тус салбарынхан онцлов.
М.Оч