102 жилийн түүхтэй, АНУ-ын алдарт “Time” сэтгүүл 2025 оны хамгийн гайхамшигтай, онцлох газруудын жагсаалтад манай улсыг багтаажээ. Тодруулбал, Баян-Өлгий аймагт өнгөрсөн онд нээгдсэн “Бүргэдчин соёлын төв”-ийг онцолж, олон улсын жуулчдын анхаарлын төвд оруулсан байна. Тус сэтгүүл оны онцлох хүн, жуулчлахад таатай газруудын жагсаалтыг гаргадаг уламжлалтай. Ингэхдээ тухайн бүс нутгийн соёл, байгалийн онцлог, дахин давтагдашгүй байдал зэргийг чухалчилдаг. Тэгвэл энэ оны “Дэлхийн гайхамшигтай 100 газар”-ын жагсаалтын тэргүүнд Францын Тулуз хот, Вануату, Камерун, Фижи улс, АНУ-ын Питтсбург, Жоржиа, Австрали дахь Лонсестон ба Тамарын хөндий зэрэг бичигджээ. Харин манай улс онцлон зочлох байршлуудын жагсаалтад багтаад зогсохгүй тус сэтгүүлийн нүүрийг чимсэн байна. Энэ сарын 24-нд буюу ирэх долоо хоногийн эхэнд хэвлэгдэх “Time” сэтгүүлийн нүүрэнд шувуулахуйн өв соёлыг сурталчилж яваа бүргэдчиний зургийг хэвлэж, Баян-Өлгий аймаг дахь “Бүргэдчин соёлын төв”-ийн нэрийг бичжээ.
Ж.Сувд