Улаанбурхнаар өвчилсөн хүүхдийн тоо өчигдрийн байдлаар 55 болж нэмэгдэв. Нийслэлээс гадна Дундговь, Өмнөговь аймагт уг өвчин тархаад буй юм. Түүнчлэн Булган, Дорноговь, Төв аймагт сэжигтэй тохиолдлууд бүртгэгдээд байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийнхөн мэдээлэв. Халдвар орон нутагт тархах өндөр эрсдэлтэй тул ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Э.Анхбаяраар ахлуулсан эмч, мэргэжилтнүүдийн баг аймгуудад ажиллан, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч буй гэнэ. Сүүлийн өдрүүдэд батлагдсан тохиолдлууд нь голчлон сургууль, цэцэрлэгүүдэд бүртгэгдсэн байна. Тиймээс сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш, эмч нар хүүхдүүдийн биеийн байдал, өвчний шинж тэмдгийг сайтар ажиглаж, улаанбурхныг эрт илрүүлэхэд онцгой анхаарахыг ХӨСҮТ-ийнхөн зөвлөлөө.
Ташрамд дурдахад, улаанбурхан өвчний тархалттай холбоотойгоор Дундговь, Өмнөговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж Боловсролын сайд П.Наранбаяр мэдэгдээд байсан билээ. Тэгвэл Дундговь аймгийн Онцгой комисс хуралдаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн шийдвэрийг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. Тус аймагт одоогоор 12 хүүхэд өвчлөөд буй гэнэ. Харин Өмнөговь аймгийн Онцгой комисс өчигдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлсэн байна.
Ч.Зул