Цагдаагийн байгууллагаас энэ сарын 17-18-нд шилжих шөнө Noorog.mn сайтын редакцад нэгжлэг хийж, техник хэрэгслийг нь хурааж, ажилтнуудаас нь байцаалт авсан байна. Эрүүгийн хуулийн 19.9.1-т заасан “Үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан” гэх үндэслэлээр ийнхүү хойшлуулшгүй ажиллагаа явуулсан гэх мэдээлэл цахим орчинд тархсан юм. Энэ асуудлаар “Ноорог” медиагийн гүйцэтгэх захирал О.Уламсайхан, түүний өмгөөлөгч нар ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын үүдэнд өчигдөр мэдээлэл өгөв. Мөн цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийсэн бөгөөд Хэвлэлийн хүрээлэн, “Глоб интернэшнл” төв зэрэг байгууллагаас мэдэгдэл гаргаад байна.
О.Уламсайхан: Худал мэдээлэл түгээж, хэн нэгний нэр хүндэд халдаагүй
О.Уламсайхан “Биднийг PC тоглоомын газар тоглож байхад цагдаа нар баривчилсан. “Ноорог”-ийн хийдэг бичлэгээс болж хүн амиа хорлох гээд байна гэсэн гомдол Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс рүү чатаар ирсэн гэж ахлах мөрдөн байцаагч танилцууллаа. Өөрөөр хэлбэл, фэйсбүүкийн зохиомол нэртэй хүний гаргасан гомдлын дагуу шөнө оройн цагаар байршлыг нь мэдэхгүй хүмүүсийг хойшлуулшгүй журмаар барьсан. Бидний гар утсыг хурааж, хоорондоо юм ярихыг хориглосон учир өмгөөлөгчтэйгөө холбогдох боломжгүй байсан. Үндэсний эв нэгдлийг бусниулах гэсэн зүйл заалтын тухай ярьсан нь айлгах ажиллагаа гэж харж байна. Бид юу хийж байгаагаа мэддэг. Худал мэдээлэл түгээсэн, хэн нэгний нэр хүндэд халдсан зүйлгүй. Киноны тухайд бол нууцалж байгаад саяхан дэлгэсэн. Тэрний дараа ийм үйл явдал боллоо. Тодруулбал, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн талаар хийсэн “18 хоног” баримтат киноны маань эвлүүлэг дуусаагүй. Монгол Улсад сонгууль шударга бус явагддагийг хангалттай харуулах хэмжээний кино болсон. Бид сонгуулийн 18 хоног зургаан бүсэд зургаан өөр “дүр”-ийг дагаж зураг авалтаа хийсэн. Сонгууль өгөхөд юу болж байна, ямар саналууд очдог, тойрогт дэвшигчдийн боловсрол ямар байгааг л зургаан иргэнээр төлөөлүүлэн харуулсан юм. Нийт 14 дата дүрс Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт байгаа. Бидэнтэй хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг, хэвлэн нийтэлдэг, бүтээл туурвидаг залуус гэсэн өнцгөөр огт хандаагүй. Мөн биднийг MCS группийн тролл баг гэж ярьж байна. Монголд үйл ажиллагаа явуулдаг бүх медиа агентлаг тус компанитай хамтран ажиллаж үзсэн байх. Ажиллаж байсан гэдэг нь бизнес хамтрал юм” гэв.
П.Эрхэмбаяр: Гэрч бус, сэжигтнээр мэдүүлэг өгсөн
Өмгөөлөгч Б.Наранцэцэг “Иргэнээс гаргасан гомдлын дагуу сэжигтнээр мэдүүлэг авсан. Ямар нэгэн хэрэг бүртгэлтийн хэрэг одоогоор үүсгээгүй учраас хуулийн зүйл заалт ярих боломжгүй. Мөн өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нд О.Уламсайхан бид хоёр цагдаагийн байгууллагад дуудагдсан. Улс төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой мийм (meme) цахим хуудсандаа тавьсан гэдэг үндэслэлээр дуудагдсан. Залуусыг ямар ч зөвшөөрөлгүйгээр 22.00-06.00 цаг хүртэл албан бусаар саатуулсан нь хүний эрхийн зөрчил. Найман ажилтныг шөнө байцааж, өглөө 06.30 цагт явуулсан” гэж ярив. Мөн өмгөөлөгч П.Эрхэмбаяр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ажиллагаа явагдах ёстой. Гэтэл PC тоглоомын газар байхад нь цагдаа гэнэт орж ирж, саатуулсан гэж залуус ярьсан. Ажлын байрандаа биш, өөр газар байхад нь барьсан гэхээр мөрдөн шалгах ажиллагааны дагуу гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан уу. Яаж мэдэж тэнд очсон гэдэг нь процессын нэг зөрчил. Ингэхдээ прокуророос зөвшөөрөл аваагүй юм байна. “Ноорог” сайтын ажилтнууд гэрчээр мэдүүлэг өгөх ёстой байсан. Гэтэл сэжигтнээр мэдүүлэг өгч таарлаа. Энэ нь удахгүй яллагдагчаар татагдах үндэслэл болж буй юм. Үүний дараа гэрт нь үзлэг хийх, цагдан хорих, таслан сэргийлэх зэрэг хүний эрхийг хязгаарлаж болдог арга хэмжээ рүү шилжих нь. Ийм нөхцөл байдал хуулийн хүрээнд үүсчихлээ. Прокурорын зөвшөөрөл өгсний, эсвэл яллагдагчаар татагдсан тогтоолтой танилцсаны дараа гар утас, техник хэрэгслийг нь хураах, нэгжлэх хийх байтал үйл явц урвуу байдлаар явагдсан. Эхлээд баривчилж, эд хөрөнгийг нь хураачхаад одоо прокурорын зөвшөөрөл авах гэж байгаа нь буруу” гэв.
С.Тайван: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн тодорхой сэжүүр байсан
Үүний дараа цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгсөн юм. ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр “Цагдаагийн байгууллагаас “Ноорог” цахим хуудастай холбоотой болон цахим хуудас хэвлэн нийтлэх үйл ажиллагаа буюу пост, нийтлэл, контенттой холбоотой ямар нэгэн мөрдөн шалгах болон гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй. “Ноорог” сайтын залуус иргэдийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан, хувь хүний мэдээлэлд халдсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон” гэв.
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Тайван “Ноорог” хуудасны контент бүтээгч залуусыг хэвлэн нийтлэх эрх чөлөө болон хэвлэл мэдээллийн байгууллагатай нь холбож шалгаагүй. Хувь хүний нууцад халдах, задруулах болон цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн тодорхой сэжүүр байсан учраас цагдаагийн байгууллагаас прокурорын байгууллагын хяналт дор мөрдлөг явуулж байна. Өчигдөр хойшлуулшгүй ажиллагаагаар найман иргэнийг дуудан авчирч холбогдох мэдүүлэг тайлбар авах гэсэн боловч долоон иргэн өмгөөлөгч байлцуулан мэдүүлэг өгөхийг хүссэн. Хүсэлтийг хангаж 22.30 цагт авчирч, 04.30 цагт явуулсан. Энэ бол хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хийсэн ажиллагаа. Тухайн уулзалт Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын бүрэн камертай өрөөнд болсон. Хууль зөрчсөн зүйл байхгүй. Иргэн бүх төрлөөр гомдол, мэдээлэл гаргаж болно” гэсэн юм.
ХЭҮК-ынхон уг мэдээлэл цацагдсан даруйд шалгах ажиллагааг эхлүүлж, УЕП, ЦЕГ-аас үндэслэл бүхий холбогдох тайлбар авахаар албан бичиг хүргүүлжээ. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Хэвлэн нийтлэх эрх чөлөө болон редакц сайтын үйл ажиллагаатай огт хамааралгүй гэсэн урьдчилсан мэдээлэл авсан, нягтална” гэж Х сүлжээнд бичжээ.
Ч.Болор