Олон улсын шатрын холбооны 2024-2025 оны эмэгтэйчүүдийн гран при тойргийн тэмцээний III цуврал Монакогийн Хант Улсын Монте-Карло хотод үргэлжилж байна. Энэ сарын 28-нд өндөрлөх тус гран при нь зургаан цувралтай. Тив, дэлхийн 20 шилдэг шатарчин цуврал тэмцээнийг сонгож оролцдог. Тэднээс хамгийн өндөр оноо цуглуулсан хоёр нь 2026 онд болох ДАШТ-ий сонгон шалгаруулах тойргийн тэмцээнд өрсөлдөнө. Цуврал тус бүр 80 000 еврогийн шагналын сантай. Тухайн цувралд түрүүлсэн нь 18 000 евро өвөртлөх нь.
Гран прид 2023 онд болсон эмэгтэйчүүдийн ДАШТ-ий халз тоглолт, 2022-2023 онд эмэгтэйчүүдийн гран при цувралд тэргүүлсэн, мөн тэр жил эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-д эхний гурван байр эзэлсэн шатарчид өрсөлддөг. Түүнчлэн “Их дуулга”-ын дүнгээр эхний дөрвөөс доошгүй байрт орсон, дээрх холбооноос 2024 онд дөрөвдүгээр сарын байдлаар нийтэлсэн гадаад чансааны мөн эхний дөрвөн байрт жагссан, зургаан цувралыг зохион байгуулагч орон тус бүрийн Олон улсын шатрын холбооноос хүлээн зөвшөөрөгдсөн нэр дэвшигч тамирчид оролцдог аж. Уг гран прид өрсөлдөж буй Гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул эхний өрөгт Швейцарын Александра Костенюкийг ялж гайхшируулсан. Тэгвэл II өрөгт БНХАУ-ын Тан Жун Гуйтай тэнцсэн. Гуравт хүчтэй өрсөлдөгчдийн нэг болох Энэтхэгийн Конеру Хампи, дөрөвт Испанийн Сара Хадем, тавд ОХУ-ын Екатерина Лагнотай тэнцсэнээр гурван оноо цуглуулжээ. Долоон өргийн дараа Екатерина Лагно 4.5 оноогоор тэргүүлсэн хэвээр байгаа бол түүний ард хойд хөршийн Александра Горячкина, Энэтхэгийн Конеру Хампи, Монголын Б.Мөнгөнтуул нар нэхэж байна. Манай тамирчин наймдугаар өрөгт ХБНГУ-ын Элизабет Пэйтзтэй тоглоно.