Долоохон хоногийн дотор болсон оюутны дэлхийн аварга, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, зургаан алтан медаль хүртэн, монгол түмнээ баярлуулсан М.Анхцэцэг өнөө орой эх орондоо ирлээ.
Тэрээр зардал олдоогүйн улмаас дээрх хоёр том тэмцээнд дасгалжуулагчгүй ганцаараа оролцон, залуучуудын Азийн аварга, оюутны дэлхийн аварга цол хүртсэн юм.
Монголын бахархал болсон түүнийг Монголын хүндийг өргөлтийн холбоо, "Алдар" спорт хорооны хамт олон, тамирчид, гэр бүлийнхэн, найз нөхөд нь ерөөлийн сайхан үг, мөнгөн аягатай сүү, үлээвэр найрал хөгжимтэй угтан авлаа.
Энэ үеэр М.Анхцэцэг "Долоон хоногийн дотор болсон хоёр том тэмцээнд түрүүлж, залуучуудын Азийн аварга, оюутны дэлхийн аварга болсондоо баяртай байна. Арваннэгдүгээр сарын 11-нд эх орноосоо мордсон. Арван хоногийн дараа эх орондоо ирлээ.
Энэ хоёр тэмцээний өмнөх бэлтгэлээ ерөнхийдөө сар гаруйн хугацаанд өдөр бүр базаасан. Тэмцээний үеэр Хосбаяр дасгалжуулагчтайгаа үргэлж холбоотой байсан. Багш маань надад "Багш шавьтайгаа сэтгэл, зүрхээрээ үргэлж хамт байгаа шүү.
Өөртөө итгэлтэй, зоригтой байгаарай. Чадна аа, Анхаа" гэж урамшуулсан. Багш бид хоёрт дөрвөн орноос санал ирсэн нь үнэн.
Багштайгаа, гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад эх орондоо үнэнч үлдэхээр шийдсэн. Дахиад санал ирсэн ч би хэзээ ч явахгүй ээ.
Би мөнгөний төлөө штанг өргөдөггүй, эх орныхоо төлөө л өргөдөг. Эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлэх нь миний туйлын зорилго. Тэрнээс биш мөнгө чухал биш ээ. Энэ бол миний гэр бүлийнхэнтэйгээ хамт шийдсэн сонголт.
Миний хамгийн ихээр бахархдаг зүйл бол олон улсын тэмцээний тавцан дээр гараад "Мөнхжанцангийн Анхцэцэг IN MONGOLIA гэж дуудуулах" юм. Эх орон хүнд ганц л олдоно шүү дээ. Оюутны ДАШТ-д оролцох үеэрээ зүүн гараа бэртээсэн.
Эндээс шууд "Мөнгөн гүүр"эмнэлэгт очиж, үзүүлнэ. Энэ дашрамд намайг үргэлж дэмждэг төрүүлж, өсгөсөн ижий аавдаа, Хосбаяр багш, Монголын хүндийг өргөлтийн холбоо, "Монгол жонс", Сувинер Хаус, Үнэн Анд, "Есүүдын батууд" компани, Г.Эрхэмбаяр аварга болон "Мөнгөн гүүр" эмнэлгийн хамт олон, монголын ард түмэндээ баярлаж явдгаа илэрхийлье" хэмээлээ.
М.Анхцэцэг гэр бүлийнхнийхээ хамт Буян-Ухаа олон улсын нисэх буудлаас шууд "Мөнгөн гүүр" эмнэлэг рүү явлаа. Хурдан эдгээрэй, М.Анхцэцэг ээ.
Уншигч та бүхэн М.Анхцэцэгийн амжилтын талаарх "ТЭРБУМААР үнэлэгдсэн М.Анхцэцэгийн АНХНЫ ГЭХ ТОДОТГОЛТОЙ ТҮҮХЭН АМЖИЛТУУД нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
ФОТО: Э.ХАРЦАГА