“Рио-2016” олимпын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө Узбекистаны бөх Наврузовт эцсийн мөчид тун эргэлзээтэй ялагдсан. Улмаар дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар хувцсаа тайлж шидэн, нүцгэлж шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэн билээ. Үүнийг нягтлах ажлын хэсэгт багтсан, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, Ардын багш, Зууны манлай шүүгч, Сөүлийн олимпын “Алтан шүгэл” шагналт А.Басхүүтэй ярилцлаа.
-Г.Мандахнарангийн барилдааныг хянан үзэж, дүгнэлт гаргах ажлын хэсэгт таныг оруулсан гэсэн. Энэ асуудал яагаад чимээгүй болчихов оо?
-Энэ бол олон улсын шүүхийн хэмжээнд тавих асуудал учраас барилдааныг хянан үзэж, дүгнэлт гаргахдаа алдаа гаргахгүйн тулд би хоёр шаардлага тавьсан. Нэгд, Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (ДБНХ)-ноос ирсэн албан бичгийн англи хэл дээрх эх хувийг орчуулгатай нь үзүүлэхийг хүссэн ч маш нууц гээд үзүүлээгүй.
Хоёрт, ДБНХ-ны “Бөхийн барилдааны олон улсын дүрэм”-ийг албан ёсны орчуулгатай нь тулгаж хараад ярилцъя” гэхэд Ц.Сэрээтэр “Бид орчуулж чадаагүй. Хамгийн сүүлд 2010 онд таны орчуулсан дүрмийн ном энэ байна. Үүнээс харах юмаа харна” гэж зүтгэсэн.
Би “Наадах чинь аль эрт өөрчлөгдсөн, болохгүй” гэсэн. Уг нь ДБНХ-ны энэ дүрмийн 12 дугаар бүлэгт зааснаар улс бүрийн бөхийн холбоо, манайд бол МЧБХ нь эх хэлээрээ орчуулах үүрэгтэй юм л даа. Гэтэл тэд маань энэ ажлаа хийгээгүй байсан нь харамсалтай.
-Ажлын хэсэг ямар дүгнэлт, шийдвэр гаргасан бэ? Б.Төмөрбаатар сонинд өгсөн ярилцлагадаа “Г.Мандахнаран буруутай, дүрмийн дагуу зөв шийдэгдсэн” гэсэн байна лээ.
-Б.Төмөрбаатар ярилцлагадаа “Олимпын өмнөхөн эхлээд шүүгчдийн, дараа нь дасгалжуулагч нарын зөвлөгөөн болсон. Шүүгчдийн зөвлөгөөн дээр барилдааны тухай яриагүй, зөвхөн зохион байгуулалтын асуудал ярьсан. Харин дасгалжуулагч нарт барилдааны тухай тайлбарлаж хэлэн, төстэй жишээ авч, бичлэг үзүүлэн, ийм тохиолдолд ингэж шүүнэ гэдгийг хэлсэн” гэжээ. Өөрөөр хэлбэл, энэ шүүлтийн талаар олимпын шүүгч нарт ДБНХ нь “Олимпын өмнө хийсэн шүүгчдийнхээ зөвлөгөөн дээр хэлээгүй, иймд би мэдээгүй” гэх гээд байна аа даа.
Энэ бол “Би буруугүй, багш нар л буруутай” гэсэн санаа. Төмөрбаатар “Хавар Туркийн Анталия хотод олимпын 50 шүүгчид тусгай сургалт явуулсан юм” гэсэн байна лээ. Харин тэр маргаан дагуулах барилдааныг яаж шүүх, торгууль, оноог яаж өгөх зэрэг аргачлалыг олимпын шүүгч нарт энэ семинар дээр онол, практикаар нь маш нарийн зааварчилсан гэдгийг жинхэнэ мэргэжлийн хүний хувьд хатуу хэлье.
Яаж ч бодсон барилдааны шүүлтийн тухай дасгалжуулагч нарын зөвлөгөөн дээр хэлчихээд, шүүгчдийн зөвлөгөөн дээр хэлээгүй байж, чухлаас чухал олимпын медалийн төлөө барилдаанд шүүгч нь хэрэгжүүлдэг тийм хариуцлагагүй гэхэд арай ч дэндсэн алдааг ДБНХ гаргахгүй л дээ.
Шүүгчийн сургалтаар дасгалжуулагч нарынхаас илүү нарийн аргачлал, заавар өгдгөөрөө онцлог давуутай байдаг тул түүнийг дасгалжуулагч, тамирчдадаа цаг тухайд нь хэлж өгч, сургалт явуулан, хэрэгжүүлэх нь МЧБХ-ны, нарийндаа бол олимпын шүүгч Б.Төмөрбаатарын үндсэн үүрэг. Туркт болсон олимпын шүүгчийн тусгай сургалтын дараа ядаж дасгалжуулагч нартаа хэлж мэдээлсэн бол сургалт, хяналтын барилдааныг энэхүү дүрэмтэй уяалдуулан, олон хувилбараар хийж, дасан зохицох бэлтгэл хийлгэх ур чадвар манай дасгалжуулагч нарт бий.
Дасан зохицох гэдэг бол тодорхой хугацааны, маш нарийн ажил. Гэтэл шүүлтийн тухай мэдээд авах боломж байсаар байтал энэ тухай олимпын баг тамирчдадаа хэлэх санаачилга гаргаагүй нь ямар зорилготой вэ гэдэг хардлага өөрийн эрхгүй манай баг тамирчдад төрөөд байна.
-Таныг дүрмийн заалтуудын зөрчлийг тун гярхай ажиглаж тодруулсан гэсэн.
-Бид гурав бичлэгийг хэд хэд үзсэн л дээ. Тэгэхэд дэлгэцнээ барилдааны цаг (6:00)-д дууссан байхад, хажуугийн шүүгч оноо, торгуулийн саналаа өгөх жижиг самбарт манай бөхийн өрсөлдөгчид нэг оноо өгсөн нь харагдсан. Үүнийг хараад Ц.Сэрээтэр, Б.Төмөрбаатар хоёр “Дэвжээний шүүгчийн саналыг хажуугийн шүүгч дэмжиж, нэг оноо өгсөн байна. Асуудал алга, санал нэгдсэн байна” гэсэн. Би “Үгүй ээ, санал нийлэх боломжгүй, санал нийлээгүй” гэхэд “Та яах гэж ингэж байдаг юм.
Дүрмийн дагуу санал нэгдсэн байна шүү дээ” гэж харийн хүний өмнөөс над руу дайраад байсан нь монгол хүний хувьд надад маш хүнд байсан. Торгууль, нэг оноо өгч байгаа хугацаа, нөхцөл байдал нь яагаад ч юм амжаагүй юм шиг мэдрэмж надад төрсөн. Тиймээс дахин хараад үнэхээр амжаагүйг нь олж харсан юм. Дахин дахин удаашруулан үзэхэд барилдааны цаг (6:00)-д дуусаж, Г.Мандахнаран (7:6)-гаар ялсан нь том самбарт бичигдсэн байхад, хажуугийн шүүгчийн самбарт нөгөө бөхөд нэг оноо өгөөгүй байсан.
Би өөрийн эрхгүй баярлаж, “За, энэ байхгүй юу” гээд алгаа ташиж, хурлын тэмдэглэлд бичүүлэхэд Төмөрбаатар “Та бүү баярла, наадах чинь тэгээд юу ч болохгүй” гэж хэлсэнд нь би гайхсан. “Энэ хүнд ер нь Монголоо гэх сэтгэл байна уу, үгүй юу” гэж бодоход хүрсэн. Ц.Сэрээтэр “Хоцорч саналаа өгсөн байна” гэж инээдтэй юм ярьсан. Барилдааны цаг дуусахад тэр даруй цаг (6:00) шууд зогсдог.
Хэрэв барилдааны цаг зогсдоггүй бол Узбекистаны бөхөд өгсөн оноо 6:00-д биш, харин 6:01 эсвэл 6.02-т самбарт гарна шүү дээ. Тэр бол цагаас хоцорч өгсөн, луйврын оноо болох нь тодорхой болсон юм. Ингэж Монголын ард түмний 36 жилийн дараа сэтгэл, зүрхээ буцалтал баярласан тэр гайхамшигт агшныг хормын төдийд алга болгосон тэр булхайтай шүүлтийг Монголын маань, олимпын шүүгч зөвтгөөд байгаа нь ямар учиртай байж таарах вэ?
-Та дэвжээний ахлагч шүүгчийн саналыг бас яаж тодруулав?
-Ц.Сэрээтэр барилдааны бичлэг үзүүлээд “Дэв- жээний ахлах шүүгч саналаа өгсөн байна” гэж бас муйхарласан л даа. Би тэгэхэд нь “Энэ дүрсэнд бол дэвжээний ахлах шүүгч нь барилдааны 5:58 цагт саналаа өгөөгүй, 5:59-д дүрмийн 21 дүгээр зүйлийн “e”-д зааснаар хажуугийн шүүгчийн саналыг асууж, шаардаж байна” гэж тайлбарласан.
-Тэгээд яаж шийдсэн бэ?
-“Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан ДБНХ-ны “Бөхийн барилдааны олон улсын дүрэм”- ийн дагуу дэвжээний шүүгчийн саналыг хажуугийн ба ахлах шүүгч дэмжиж, санал нэгдэн дүрмийн цагтаа торгууль, нэг оноог өгч чадаагүй байна” гэдэгт ажлын хэсгийн гурван шүүгч, олон улсын эрх зүйч бид санал нэгдсэн.
ДБНХ-ны “Бөхийн барилдааны олон улсын дүрэм”-ийн 33 дугаар зүйлийн тусгай заалт “Specific points” болон 48 дүгээр зүйлийн “С”-д зааснаар шүүгчдийн бүрэлдэхүүн санал нэгтэйгээр торгууль, оноо өгөх ёстой байтал Б.Төмөрбаатар ярилцлагадаа барилдааны цаг дууссаны дараа гурван шүүгч санал нийлж болдог мэтээр худал ярьсан нь учир мэдэхгүй хүмүүсийн толгойг эргүүлэх гэсэн явуургүй оролдлого гэхээс өөрөөр юу гэлтэй вэ?
-Барилдааны сүүлчийн 30 секундэд санаатай зугтвал шууд торгоно, энэ дүрмийн дагуу барилдаан шийдэгдсэн гэж Б.Төмөрбаатар хэлсэн шүү дээ.
-Ер нь барилдааны сүүлчийн 30 секундэд ингэвэл шууд торгоно гэсэн заалт дүрэмд нь ерөөсөө байхгүй. Харин 30-аас бага секунд үлдсэн бол дээрх хоёр заалт хэрэгжих ёстой байдаг. Тэгээд би бүр аргагүйн эрхэнд “За, Төмөрбаатар аа барилдааны хугацаа дууссаны дараа шүүгчид санал нэгдсэн гэдгээр торгууль, оноо өгнө гэсэн дүрэм байдаг бол бидэнд үзүүлээч. Байдаг бол бид ингээд сууж байх шаардлага алга” гэхэд тэр “Та өөрөө ДБНХ-ноос асуухгүй юу” гэж байгаа юм.
-Төмөрбаатар “Техникийн зөвлөгөөнд төстэй барилдааны бичлэг үзүүлээд тайлбарлаж өгсөн. Манай тамирчин, дасгалжуулагч буруутай” гэсэн байна лээ.
-Тэгвэл олимпын наадмын өмнөх дасгалжуулагч нарын техникийн зөвлөгөөнд ДБНХ-ноос өгсөн семинар зааварчилгааны заалтаа бас зөрчсөн болж байгаа юм. Уг техникийн зөвлөгөөн дээр жишээ авч, тайлбарлан үзүүлсэн бичлэгт “Дүрмийн 50 дугаар зүйлийн дагуу шүүгчид санал нэгтэйгээр барилдааныг зогсоож, торгууль, оноо өгөөд, барилдааныг босоо байрлалаас дахин эхлүүлнэ” (Restart in standing position) гэсэн заалтыг яг хэрэгжүүлсэн байтал харин Г.Мандахнарангийн барилдаанд үүнийг хэрэгжүүлээгүй зөрчсөн.
-Бүр жишээ татаж ирээд ярьсан байна лээ шүү дээ.
-Узбекистаны бөхөд өгсөн нэг оноо бол Төмөр- баатарын тайлбарласанчлан дүрмийн 40 дүгээр зүйлд зааснаар олгосон оноо биш, 33 дугаар зүйлийн тусгай заалт “Specific points” ба 48 дугаар зүйлийн “С”-д заасны дагуу өгсөн оноо.
-Хоёр дасгалжуулагч эсэргүүцлээ зөв илэр-хийлсэн бол боломж байсан гэж Төмөрбаатар халагласан байна лээ.
-Харин тийм ээ. “Хоёр дасгалжуулагч, тамирчин гурав эсэргүүцлээ зөв илэрхийлсэн бол бид тэмцээд амжилт олох боломж байсан” гэж. Энэ үгийн утгыг хэн ч шүүгчдийн дүрмийн заалтаа зөрчиж өгсөн торгууль, нэг оноог хүчингүй болгох боломж байсан юм байна, ерөөсөө шүүлт булхайтай болсныг Б.Төмөрбаатар хүлээн зөвшөөрч байна гэж ойлгоно оо доо.
-Шүүгч Ц.Сэрээтэр ажлын хэсгийн хурлын тэмдэглэлийн хуулбарыг урж хаяна гэсэн гэл үү?
-Энэ их маргаан, зөрчилтэй асуудалд нухац- тай, хянуур, ил тод ажиллах үүднээс би “Эхний хуралдааны тэмдэглэлийн гар бичмэлийг хувилаад гурвуулаа авъя” гэхэд Ц.Сэрээтэр “Үгүй өгөхгүй, хэрвээ таныг хуулбарыг авбал би булааж аваад, урж хаяна” гээд хачин л юм болсон. Энэ ер нь юу гэсэн үг вэ?
-МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дар- гын хувьд О.Баянмөнх энэ асуудлаар нэлээн тодорхой, зарчмын ярилцлага өгсөн байсан.
-МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадоржийн тушаалаар энэ ажлыг хариуцах үүрэг хүлээсэн ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх ажлын хэсгийн сүүлчийн хуралдааны дараа есдүгээр сарын 20-нд “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө “Г.Мандахнарангийн барилдаан, үйлдэлдээ биш, гол нь шүүгчдийн асуудал байгаа.
Торгууль, оноо заахдаа шүүгч шүгэлдэж, дохио заасан уу, дэвжээний шүүгч санал нэгдсэн байсан уу гэдгийг нягталж байгаа” гээд ажлын хэсэг “Гаргасан шийдвэрээ эхлээд Удирдах зөвлөлд танилцуулна, дараа нь ДБНХ (UWW)-нд МЧБХ-ны байр суурь, дүгнэлтээ явуулна” гэж мэдэгдсэн. Үүнийг нягтлан үзээд ажлын хэсэг “Торгууль, нэг оноог шүүгчид санал нэгдэж өгөөгүй тул шүүгч шүгэл өгөөгүй, барилдааны үндсэн хугацаа (6:00) дууссан байна.
Ийм байхад барилдаан дууссаны дараа торгууль, нэг оноо өгсөн нь дүрмийн тодорхой заалтуудыг зөрчсөн байна” гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрч, энэ шийдвэрээ МЧБХ-нд танилцуулах, улмаар ДБНХ- нд өргөн мэдүүлэхээр болж, есдүгээр сарын 14-ны орой сүүлчийн хурлаа өндөрлөсөн. Олон улсын эрхзүйч Л.Лхасүрэн дүгнэлтийн монгол, англи хэл дээрх эцсийн найруулгыг хийсний дараа бид хоёр гарын үсгээ зураад О.Баянмөнхөд өгөхөд “Би Ц.Сэрээтэр, Б.Төмөрбаатар хоёроор гарын үсэг зуруулаад холбоонд танилцуулъя” гээд аваад үлдсэн.
Харамсалтай нь тэр хоёр одоо хүртэл гарын үсгээ зураагүй байна. Тэд ажлын хэсгийн хурлын үеэр нүүр нүүрээ хараад байж байхдаа юм хэлээгүй мөртлөө МЧБХ- нд “Барилдааныг дүрмийн дагуу шийдсэн, гарын үсэг зурахгүй” гэсэн бичиг өгч, монгол хүнд байж боломгүй, харийн хүний төлөө ажиллаад байгаа юм шиг ааш араншин гаргасанд бөхийн хамт олон төдийгүй энэ тухай сонссон хүн болгон толгой сэгсэрч, үгээ олж ядаж байна шүү дээ.
Шүүлтийн булхайгаас болж бидний харамсалтайгаар алдсан медаль манайд ирдэг ч бай, үгүй ч бай шударга ёсны төлөөх манай энэ тэмцэл чөлөөт бөхийн ертөнцөд нэгэнт бий болсон шүүлтийн булхайг арилгахад томоохон түлхэц болно биз дээ. Ингэснээр бид шударгаар өрсөлддөг бусад орны талархлыг ядаж хүлээнэ шүү дээ.
-Төмөрбаатар “Манайхан жаахан хүлээцтэй бай, гомдлын мөрийг тайлах үүднээс бид эцсийн шийд гарах хүртэл явах болно” гэсэн байх юм даа.
-Олимпын медалийг 36 жилийн дараа авах байсан монгол бөхчүүд, дасгалжуулагч нар, чөлөөт бөхийн хамт олны нөр их хөдөлмөр, зүтгэлийг уландаа гишгэн, басамжлан тохуурхаж байна гэж хэлэхээс өөр юу гэх юм бэ, үүнийг. Тэгээд тэр эцсийн шийд гартал явж байгаа нь аль вэ? Илт буруу шүүлтээс болж хохирчихоод байгаа бөхөө, Монгол Улсаа гэх сэтгэл алга байгаа нь илт байна аа даа. Энэ л нэн гайхалтай, маш сэжигтэй.