Монголын шатрын спортын хөгжилд гэр бүлээрээ зүтгэж яваа төлөөллийн нэг бол яах аргагүй Г.Даваахүүгийнх. Тэрээр өхөөрдөм гурван охиноо шатраар хичээллүүлж, өөрөө дасгалжуулан дэлхийн энтэй тамирчин болгосон нь бахархам.
Үүний сацуу “Монголын гурван Полгар” гэгдэж буй өсвөрийн дэлхийн аварга, Азийн аварга Д.Мөнхзул (10 нас), ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга Д.Өнөрзул (8 нас), Улаанбаатар хотын аварга, нэрэмжит тэмцээний 30 гаруй медальт Д.Хонгорзул (14 нас) нараар бахархахгүй байх аргагүй.
Нэг айлын гурван охин адил спортоор хичээллэж, дэлхийн хэмжээний шатарчин болно гэдэг амаргүй нь мэдээж. Үүнд Г.Даваахүү болон түүний гэргий Н.Наранцэцэгийн сэтгэл, уйгагүй хөдөлмөр, зүтгэл нөлөөлсөн нь дамжиггүй.
Нэг айлын гурван охин адил спортоор хичээллэж, дэлхийн хэмжээний шатарчин болно гэдэг амаргүй нь мэдээж.
Г.Даваахүү гурван охиноо дасгалжуулахын хажуугаар Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, өсвөрийн шатарчдын эцэг эхийн зөвлөлийн даргын ажилтай.
Саяхан болсон өсвөрийн ДАШТ-ээс тэдний бага охин Өнөрзул нь мөнгөн медаль хүртэж, монгол түмнээ баярлуулсан билээ. Эл тэмцээнд 2014 онд дунд охин Мөнхзул нь аваргалж, дэлхийн аварга хэмээх алдар хүртсэнийг нь манай уншигчид андахгүй.
Ийнхүү Өнөрзул, Мөнхзул нар дэлхийн аваргын медальтай Монголын анхны эгч, дүү шатарчин болсон юм.
Шатрын спортын хөгжлийн төлөө зүтгэж, тив, дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгаж яваа Г.Даваахүүгийн гэр бүлийг “Удам, залгамж” булангийнхаа хойморт урьж, ярилцлаа.
-Юуны өмнө ДАШТ-ээс мөнгөн медаль авсан Д.Өнөрзулд баяр хүргэе. Медаль авна гэдэгтээ хэр их итгэлтэй байсан бэ?
Д.Өнөрзул /Д.Ө/: Баярлалаа. Дэлхийн аваргад анх удаа оролцон мөнгөн медаль авсандаа баяртай байна. Энэ тэмцээнд анай (Д.Мөнхзул) 2014 онд түрүүлсэн. Надад ч бас аваргалах боломж байсан. Харамсалтай нь, ашиглаж чадсангүй. ОХУ, Казахстаны шатарчидтай тоглох хамгийн хэцүү байлаа.
Г.Даваахүү /Г.Д/: ДАШТ-ий медальт Монголын анхны эгч, дүүс болсон охидоороо бахархаж байна. Бид тав энэ жил ДАШТ-д их ач холбогдол өгч, бэлтгэлээ базаасан. Өмнөх жилүүдийн дэлхийн аваргад Д.Мөнхзул оролцохдоо ээжийгээ санаад, бүрэн төвлөрч чадахгүй байгаа нь анзаарагдсан. Тиймээс энэ жил хоёр охиныхоо сэтгэлзүйг тогтвортой байлгахын тулд ДАШТ-д эхнэртэйгээ хамт явлаа.
Тэмцээнд ээжтэйгээ хамт их додигор оролцсоон, манай хоёр. Ингэсэн маань ч талаар болсонгүй. Отгон охин маань мөнгөн медаль авлаа. Дэлхийн аваргад манай улсаас 18 шатарчин оролцсоноос Д.Өнөрзул мөнгө медаль хүртэж, хөвгүүдийн 10 насны ангилалд Е.Төгстөмөр IV дүгээр байрт шалгаран, 10-аас дотогш байрт зургаан шатарчин орлоо.
ДАШТ-д оролцсон шатарчдыг Гүрж рүү явахаас өмнө Ц.Элбэгдорж ерөнхийлөгч хүлээн авч, уулзан амжилт хүссэн манай тамирчдад төдийгүй эцэг, эхчүүдэд урам, эрч хүч өгснийг нь тодотгоё.
Мөн манай шатарчдыг үргэлж дэмждэг УИХ гишvvн Д.Лvндээжанцан, Я.Санжмятав, Г.Занданшатар,УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар зэрэг төрийн тvшээд, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Монголын шатрын холбоо, Төрийн банк, 33 дугаар сургууль зэрэг олон байгууллагад баярлаж явдгаа илэрхийлье.
Энэ олон хүний дэмжлэгээр Монголд шатрын спорт хөгжиж байна.Тэдний төлөөлөл нь миний охид байгаад баяртай байна.
Манай шатарчдын амжилт хурдацтай өсч байгаа нь Монголын шатрын холбоо зөв бодлогоор ажиллаж, тогтмол тэмцээн зохиож байгаатай холбоотой.Хувийн хэвшлийнхэн ч боломж, бололцооныхоо хэрээр дэмжиж байна.
Эхнэр бид хоёр Д.Мөнхзулыгаа дэлхийн хошой аварга болно гэдэгт нь 99 хувь итгэлтэй байсан.
Эхнэр бид хоёр Д.Мөнхзулыгаа дэлхийн хошой аварга болно гэдэгт нь 99 хувь итгэлтэй байсан. Мөөжөө уг нь есдүгээр өрөг хүртэл хошуучилж байсан юм. Харамсалтай нь аравдугаар өрөгт тэнцэж, арваннэгдүгээр өрөгт хожигдон, VII байрт шалгарлаа. Дүүгийнхээ өрөгт их анхаарсан нь тоглолтод нь их нөлөөллөө.
Д.Мөнхзул /Д.М/: Өөнөө /Өнөрзул/ их хурц тоглолттой. Анхаарлаа төвлөрүүлье, өрсөлдөгчөө заавал хожих ёстой гэж зорьсон ч “Дүү маань яаж тоглож байгаа бол. Хожигдчих вий” гэж их айсан, би. Хэдийгээр тоглолтын дундуур аав, ээж хоёр надад “Дүү нь хожно. Өөнөөдөө итгэх хэрэгтэй.
“Дүү маань яаж тоглож байгаа бол. Хожигдчих вий” гэж их айсан, би.
Миний охин өөрийнхөө өрөгт л анхаарлаа төвлөрүүл” гэж захисан ч санаснаар минь болсонгүй. Би хамгийн сүүлчийн өрөгт хожиж явахдаа тоглолтын дундуур Өөнөөгийн өргийг очиж харсан юм.
Дүү маань ч хожиж, мөнгөн медаль авах нь тодорхой боллоо. Ширээн дээрээ буцаж ирээд тоглолтоо үргэлжлүүлэх гэтэл анхаарал огт төвлөрөөгүй. Тэгээд л хожигдчихсон.
-Дэлхийн аваргын өмнөх бэлтгэлээ хэрхэн базаасан бэ?
Г.Д: Өдөр бүр бэлтгэлээ базаасан. Тоглолтын бэлтгэлийг би, бодлогын бэлтгэлийг эхнэр маань дасгалжууллаа. Мөн шаардлагатай үед Их мастер Б.Хатанбаатар, спортын мастер Д.Дамдин, У.Насанжаргал нар манай охидтой хамт бэлтгэл хийж, арга туршлагаасаа хуваалцдаг.
Би сэтгэлзүйн бэлтгэлийг их чухалчилдаг. Энэ тал дээр Оюуны өмчийн газрын дарга асан Н.Чинбат ах бидэнд их тусладаг. Н.Чинбат ахдаа болон дасгалжуулагч нартаа баярлалаа.
-Өсвөрийн ДАШТ-д оролцоход хэчнээн төгрөг зарцуулсан бэ? Гэр бүлээрээ оролцоод, ирэхэд зардал их гарсан нь тодорхой.
Г.Д: Тэгэлгүй яах вэ. Дөрвүүлээ яваад ирэх амаргүй байлаа. Манай шатарчид тэмцээн, уралдаанд хувийн зардлаар оролцдог. Д.Мөнхзулыг маань Төрийн банк ивээн тэтгэдэг. Бидэнд энэ жил Төрийн банк, УИХ-ын гишүүн Оюунхорол санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Бусад зардлаа өөрсдөө эрвийх дэрвийхээрээ аргаллаа.
Н.Наранцэцэг /Н.Н/: Өнөрзул бүр “Та бид гуравтай хамт явахгүй бол би лав дэлхийн аваргад оролцохгүй шүү” гэж айлгасан шүү дээ.
-ДАШТ-ий үеэр Д.Өнөрзулын төрсөн өдөр тохиосон. Тэр өдрийг нь тэмдэглэж амжсан уу?
-Долдугаар өрөгт тоглох өдөр миний төрсөн өдөр болсон. Өглөө нь би төрсөн өдрөө санасан юм. Даан ч тэмцээнд оролцох үеэрээ таг мартчихсан байна лээ.
Н.Н: Медалийн өнгийг нь шийдэх чухал тоглолтууд хүлээж байсан болохоор анхаарал нь сарних вий гэж болгоомжлоод тэмцээний үеэр төрсөн өдрийг нь тэмдэглээгүй ээ. Өөнөө ч ашгүй мартчихсан.
-Гэрийнхнийгээ ДАШТ-д оролцохоор явахад Д.Хонгорзул ганцаараа Монголд үлдсэн. Аав ээж, дүү нараа санасан уу?
-Санаагүй ээ. Ганцаараа байх эрх чөлөөтэй гоё шүү дээ.
-Шатрын спортоор хэчнээн жил хичээллэж байгаа билээ.
Д.Хонгорзул /Д.Х/: Мөөжөө /Мөнхзул/ бид хоёр дөрөв, Өөнөө гурван жил хичээллэж байна.
-Эмэгтэй хүүхдүүд ихэвчлэн хөгжим, балет зэрэг төрөл сонирхож, хичээллэдэг. Та гурав яагаад шатрын спортыг сонгосон юм бэ
Д.М: Эгч, аав хоёрыг шатраар тоглож байхыг нь харсаар байгаад анх сурсан, би. Ж.Дагшаахүү багшийн нэрэмжит тэмцээнд түрүүлсэндээ их дараа урамшаад, хичээллээд л баймаар санагдаж эхэлсэн. Оюун ухаан хөгжүүлдэг, анхаарал төвлөрүүлдэг нь надад таалагддаг
Д.Х: Би чөлөөт цагаараа волейбол, сагсан бөмбөг тоглох дуртай.
Д.Ө: Үнэнийг хэлэхэд би шатар тоглох дургүй. Би бүжиглэх л дуртай.
Н.Н: Саяхан дэлхийн аваргын өмнө Өөнөө “Ээж надад нэг мөрөөдөл бий. Дэлхийн аварга болсныхоо дараа хэлнэ” гэсэн юм. Одоо бодох нь ээ, бүжигчин болох мөрөөдөлтэй юм байна л даа /инээв/.
-Ямар төрлийн бүжгийг түлхүү сонирхдог вэ?
Д.Ө: Зүгээр л хөдөлгөөнтэй бүжигт дуртай.
-Хоорондоо хэр их тоглодог вэ? Ихэвчлэн хэн нь хождог бол?
Д.Х: Эн тэнцүү, өгөө аваатай л тоглодог. Гэхдээ Мөнхзул хожих нь олон.
Д.Ө: Заримдаа онгирч тоглохоороо хоёр эгч надад хожигдчихдог шүү дээ. Саяхан гэртээ онлайнаар тоглохдоо би Мөнхзул эгчийг хожсон.
Д.М: Чи надтай таарчихлаа гээд уйлах гээд байсан биз дээ. Би баараггүй хожчихлоо, оноо авчихлаа гэж бодож байгаад хожигдчихсон юм.
Д.Ө: Эгч надад хожлын нүүдэл зааж өгсөн болохоор л би хожсон байх.
-Бэлтгэлгүй, чөлөөт цагаараа ихэвчлэн юу хийх дуртай вэ?
Д.Ө: Айл гэр болж тоглох, бүжиглэх гоё шүү дээ. Би лав хөгжмийн ая тавьж байгаад, зохиогоод л бүжиглэчихдэг.
Д.М: Би тэмдэглэл хөтлөх дуртай. Хэсэг хугацааны дараа нь уншихад гоё байдаг.
-Та гуравт шатар тоглохоос өөр авьяас бий юү?
Д.М: Би цэцэрлэгт байхдаа шүлэг унших, дуу дуулах, миссийн зэрэг бүхий л уралдаан, тэмцээнд оролцдог байсан. 2011 оны “Бяцхан мисс” улсын уралдааны фото мисс өргөмжлөлтэй. Дуу, бүжгийн төрлөөр олон медальтай. Даан ч одоо ичээд дуулж, бүжиглэхээ больчихсон.
Д.Ө: Надад бүжиглэхээс өөр авьяас байхгүй ээ. Тийм ээ, ээж ээ.
Н.Н: Миний охин чинь олон авьяастай шүү дээ. Шатар тоглодог хүүхэд их даруу төлөв, алдаа гаргачих вий гэхээс эмээдэг болчихдог юм байна. Өнөрзул нэгдүгээр ангид байхдаа их хөдөлгөөнтэй байсан. Гэтэл шатраар хичээллэснээсээ хойш эрс өөрчлөгдчихсөн. Зуныхаа амралтаар шатар сураад, ирснийх нь дараа хоёрдугаар ангийн багш нь бүр гайхсан шүү.
-Танай удамд шатарчин бий юү?
Н.Н: Манай удамд Гунгаабазар гэдэг спортын мастер цолтой хүн байсан. 1970-аад оны үед Монголын шигшээ багт багтан, дэлхийн шатрын олимпиадад оролцож байсан гэнэ лээ.
-Та шатар хэр тоглодог вэ?
-Би бараг тоглодоггүй ээ. Гэрийнхэн дундаа хамгийн муу нь /инээв/. Охидынхоо тоглохыг харсаар байгаад сүүлийн үед овоо тоглож сураад байгаа.
Г.Д: Би тоглолтыг нь эвдчих вий гэж санаа зовоод охидтойгоо бараг тоглодоггүй. Хэчнээн сайн, ур чадвартай хүнтэй тоглох тусам тамирчны амжилт улам хурдан ахидаг.
-Тамирчин бүр өөрийн гэсэн тоглолтын стильтэй. Та гурав ихэвчлэн ямар байрлал барьж тоглолог вэ?
Д.М: Намайг байрлалын тоглолттой, бөхөөр бол барьцаа лавшруулсаар байгаад өрсөлдөгчөө хождог гэдэг.
Н.Н: Хонгорзул их задгай, ширүүн, хурц тоглолттой. Хэзээ нэг өдөр цахиур хагална гэж дасгалжуулагч нар магтдаг. Хожсон ч, хожигдсон ч хамаагүй дайрсаар байгаад л тоглолтоо дуусгадаг.
-Олонхи эцэг эх хүүхдүүдээ өөр спортоор хичээллүүлэх сонирхолтой байдаг нь анзаарагддаг. Гурвууланг нь шатрын спортоор хичээллүүлж, өөрөө дасгалжуулж яваа тань их анхаарал татаж байна.
Г.Д: Дэлхийн алдарт шатарчид болох Унгарын гурван Полгар шиг эгч дүү гурван шатарчин гарч ирж байна гээд спорт сонирхогчид ярихад нь би их баярладаг. Яагаад болохгүй гэж. Шатрын спортын оргил бүхэнд гурван охиноо гаргахын төлөө би бүхнээ зориулна аа.
Охидоо Унгарын гурван Полгар шиг алдартай тамирчин болгох нь миний мөрөөдөл. Унгарын алдарт эгч дүү гурван Полгар болох Жужа 19, Софи 14, Юдит 12 настайдаа шатрын дэлхийн олимпиадад оролцон, аваргалж байсан юм. Хожим Жужа дэлхийн аварга болж, Юдит эмэгтэй шатарчдын чансааг 2879 оноогоор дээд амжилт тогтоон, эрэгтэй шатарчидтай тоглохыг илүүд үздэг Софи нь Гарри Каспаровоос авахуулаад Веселин Топалов хүртэлх дэлхийн аварга, шилдгүүдийг хожсон юм.
Санаж явахад бүтнэ гэдэг шүү дээ. Саяхан охиддоо дэлхийн топ 10 аваргын түүхийн тухай ном уншуулсан. Тамирчин хүн ямар их саад бэрхшээлийг давж амжилтад хүрдэг, үлгэр жишээ аваасай гэж бодсон юм.
-Санаанаас тань гардаггүй, дурсамжтай тэмцээн аль нь вэ?
Г.Д: 2014 оны өсвөрийн Азийн АШТ-д Мөнхзул, Өнөрзул хоёртой хамт оролцож байсан маань санаанаас ер гардаггүй. Бид гурвын анхны Азийн аварга. Тэр үед Мөнхзул лав шатраар хичээллэж дөнгөж зургаахан сар болж байсан юм. Өнөрзул ч бас удаагүй байсан л даа. Эхний өдөр болсон рапид төрөлд хоёулаа түрүүлсэн юм. Бөөн баяр бололгүй яах вэ. Маргааш өглөөнийх нь тэмцээн эхлэхээс өмнө эртлэн босож, парк дээр гулгуулаад баахан тоглууллаа.
Гэтэл стандарт төрөлд хоёулаа эхний өрөгтөө хэдхэн минут тоглоод хожигдчихдог байгаа. Тэрнээс хойш тэмцээний дундуур хэт их баярлах сэтгэл зүйг нь тогтворгүй болгодог гэмтэйг ухаарсан. Мөн 2014 оны дэлхийн аваргад Мөнхзулыгаа түрүүлэхэд нь магнайгаа хагартал баярлаж билээ.
-Том болохоороо ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?
Д.М: Би багш болохыг хүсдэг.
Д.Ө: Би лав эмч болно оо. Хонгорзул эгч ямар мэргэжилтэй болохоо мэддэггүй шүү дээ.
Д.Х: Одоохондоо хараахан шийдээгүй л байна. Сайн бодож байгаад сонгоно оо.
-Манай уншигчдад мөрөөдлөөсөө хуваалцана уу?
Д.Ө: Би бүжигчин болно оо. Эсвэл зүгээр л эмч болно.
Д.М: Би эрэгтэйчүүдийн Их мастер, насанд хүрэгчдийн дэлхийн аварга болохыг мөрөөддөг.
Ийнхүү бидний ярилцлага өндөрлөв. Г.Даваахүү болон түүний гэргий Н.Наранцэцэг охидоо Унгарын эгч дүү гурван Полгар шиг дэлхийд алдартай шатарчид болгох хүсэлтэй. Охидод нь ч “Монголын гурван Зул” гэх алдрыг хүртэж, дэлхийд алдраа дуурсгах боломж байгаа нь мэдээж.
“Гурван охин маань л өндөр амжилт гаргаж байвал ахад нь хайрлах юм байхгүй ээ. Сая дэлхийн аваргад оролцохын тулд чамгүй зээл авчихсан. Санхүүгийн хувьд хүндрэлтэй тулгарах юм аа. Төр засаг, спортод элэгтэй хүмүүсийн дэмжлэгийг заримдаа үгүйлэх л юм. Гэхдээ бид шантрахгүй ээ” хэмээн гурван охиноо хөтөлсөөр Г.Даваахүү, Н.Наранцэцэг нар гэрийн зүг жолоо залсан юм.