Ахмад даамчдын улсын аварга шалгаруулах 24 дэх удаагийн тэмцээн энэ сарын 11-13-ны өдрүүдэд "Шавь" цогцолбор сургууль дээр боллоо. Тэмцээнд 52 даамчин ухаанаа уралдуулж, швейцарь системээр найман өрөг тоглосон юм.
Дүн гарахад спортын мастер Л.Гансүх 14 оноогоор аваргалж, спортын мастер С.Таня, Р.Цэнд нар тус бүр 12 оноогоор мөнгө, хүрэл медалийн эзэд болов. Улсын гурван удаагийн аварга Л.Гансүхийн хувьд ахмадын УАШТ-д дөрөв дэх жилдээ оролцоод гурав дахь түрүүгээ хүртэж буй нь энэ ажээ. Шагналт IV-V байранд дэд мастер С.Энхээ, I зэргийн тамирчин Д.Бизьяа нар 11 оноогоор шалгарсан байна.
Эмэгтэйчүүдээс спортын мастер М.Хишигбаяр, I зэргийн тамирчин Г.Пагмажав нар тэргүүн байр эзэлсэн. Мөн энэ үеэр зохиогдсон блиц (түргэн тоглолт) тэмцээнд Л.Гансүх, Ч.Энхтайван, Я.Намхай, С.Таня нар шагналт байранд оржээ. Тэмцээнийг 1986 оны улсын аварга, спортын мастер Ж.Нямдорж агсны гэр бүл уламжлал ёсоор 12 дахь жилдээ ивээн тэтгэлээ.