М.Анхцэцэг болон түүний дасгалжуулагч Ц.Хосбаяр нарт Казахстан, АНУ, БНСУ, Узбекстан зэрэг дөрвөн орноос санал иржээ. Зөвхөн БНСУ л гэхэд хэрэв иргэншлээ сольж, саналыг нь зөвшөөрвөл сар бүр 12 мянган ам.доллар, гэрээний төлбөрт 500 сая вон амлажээ. Хамгийн бахархмаар нь багш, шавь хоёр эл саналыг хүлээж аваагүй, "Зөвхөн Монголдоо" гээд л эх орондоо үлдсэн.
Харамсалтай нь гадныханд тэрбумаар үнэлэгдэж буй М.Анхцэцэг залуучуудын Азийн АШТ-д тэмцээний зардал олдоогүйн улмаас ганцаараа оролцож, өчигдөр аваргалсан. Улмаар удахгүй болох оюутны ДАШТ-д ч бас ганцаараа оролцохоор бэлтгэлээ базааж байна.
Зөвхөн БНСУ л гэхэд хэрэв иргэншлээ сольж, саналыг нь зөвшөөрвөл сар бүр 12 мянган ам.доллар, гэрээний төлбөрт 500 сая вон амлажээ. Хамгийн бахархмаар нь багш, шавь хоёр эл саналыг хүлээж аваагүй, "Зөвхөн Монголдоо" гээд л эх орондоо үлдсэн.
Залуучуудын АШТ-д өрсөлдөхөд зардал нэг хүний 3.6 сая, оюутны ДАШТ-д оролцоход 5.4 сая төгрөг аж. Тамирчин бүхэнд тохиолддог санхүүгийн асуудал М.Анхцэцэг, дасгалжуулагч Ц.Хосбаяр нарт тулгарсан нь энэ.
Уншигч та бүхэнд тэрбумаар үнэлэгдсэн М.Анхцэцэгийн анхны гэх тодотголтой түүхэн амжилтуудыг сонирхуулъя.
1.13 настайдаа ОУХМ цолны болзол хангасан
М.Анхцэцэгийн хамаатны ах С.Доржханд, Д.Ихбаяр нар нь хүндийг өргөлтөөр хичээллэдэг байсан нь туйванч болоход нь чамгүй их нөлөөлсөн гэдэг. Мөн Н.Баярмаа гавьяатыг Бээжингийн олимпод оролцож байхыг нь зурагтаар үзээд энэ спортод дурлажээ.
Тэрээр 2009 оны Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль авч, амжилтын салхиа хагалжээ.
Түүгээр ч үл барам тус тэмцээнд спортын дэд мастер цолны болзол хангасан юм. Залуу туйванчийн ур чадвар, амжилт өдрөөс өдөрт ахисаар 2010 онд спортын мастер, 2011 онд буюу 13-хан настайдаа Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан юм.
2.Монгол Улсын рекордыг 63 удаа шинэчилсэн
М.Анхцэцэг хүндийг өргөлтийн спортоор наймхан жил хичээллэж байгаа ч өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллын Монгол Улсын рекордыг 63 удаа шинэчлээд буй. Энэ бол яах аргагүй чамлахааргүй өндөр амжилт.
3.ДАШТ-д хамгийн өндөр амжилт гаргаад буй тамирчин
М.Анхцэцэг насанд хүрэгчдийн ДАШТ-д 2014 онд анх удаа оролцохдоо огцом шахалтаар 107, түлхэлттэй өргөлтөөр 124 кг өргөж, X байрт шалгарсан. Улмаар Монголын хүндийг өргөлтийн амьд домог, гавьяат тамирчин Н.Баярмаагийн эзэмшиж байсан улсынхаа дээд амжилтыг эвдэг, улсынхаа рекордыг шинэчилж байлаа.
Мөн тус тэмцээний дараа гарсан чансаагаар дэлхийн чансааг залуучуудад тэргүүлж, өсвөр үед аман хүзүүдэж, насанд хүрэгчдийн ангилалд VI байрт бичигдсэн юм. Харин өнгөрсөн жилийн ДАШТ-д хүч сорихдоо огцом шахалтаар 110, түлхэлттэй өргөлтөөр 133 кг өргөж, VIII байрт шалгарсан билээ.
Хэрвээ огцом өргөлтийн хоёр юм уу гурав дахь оролдлогоороо 116 шахсан бол баараггүй мөнгөн медаль авах байсан юм. Харамсалтай нь өргөж чадаагүй ч тэрээр түүхэн амжилтын эзэн болсон. Учир нь манай тамирчдаас хэн ч ДАШТ-д арваас дотогш байрт шалгарч, медалийн төлөө өрсөлдөж байгаагүй юм.
Тэрээр өнгөрсөн жилийн УАШТ-д түрүүлэхдээ огцомоор 116 кг өргөсөн. Мөн бэлтгэл дээр огцомоор 120, түлхэлттэй өргөлтөөр 148 кг өргөж байлаа. Түүний давтсан бол ДАШТ-д хол тасархай түрүүлж, УАШТ-ийх шигээ өргөсөн бол мөнгөн медаль авах байлаа.
3.Дэлхийн цомоос медаль авсан Монголын анхны туйванч
Гаргасан амжилтаараа дэлхийн чансааг тэргүүлж буй шилдэг найман тамирчин урилгаар оролцдог Дэлхийн цомд өнгөрсөн жил өрсөлдсөн. Нэр хүнд, чанар чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа үнэлэгддэг тус тэмцээнд хүч үзсэн Монголын анхны тамирчин болсон нь тэр.
Зүгээр ч нэг оролцох бус огцомоор 112 кг өргөсөн амжилтаар хүрэл медаль авч, мөн энэ тэмцээнээс медаль авсан Монголын анхны туйванч болсон юм.
4.Залуучуудын ДАШТ-ий медальт Монголын анхны тамирчин
М.Анхцэцэг энэ жилийн залуучуудын ДАШТ-д өрсөлдөхдөө түлхэлттэй өргөлтөөр 138 кг өргөж алт, огцом шахалтаар 115, нийлбэрээр 253 кг өргөж тус тус мөнгөн медаль авсан. Ийнхүү нэг алт, хоёр мөнгөн медаль авснаар мөн л түүхэн амжилтын эзэн болсон юм.
Учир нь М.Анхцэцэгээс өмнө Монголын тамирчид тус тэмцээнээс хараахан медаль авч амжаагүй байсан юм.
5.Азийн аварга болсон Монголын анхны эмэгтэй туйванч
Олимпийн эрх олгох хамгийн сүүлчийн тэмцээн болох энэ жилийн Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Анхцэцэг огцом шахалтаар 112, түлхэлттэй өргөлтөөр 132, нийлбэрээр 244 кг өргөн түрүүлж, Азийн аварга болсон Монголын анхны эмэгтэй туйванч болсон юм.
6.Оюутны ДАШТ-д аваргалсан Монголын анхны тамирчин
Хүндийг өргөлтийн оюутны ДАШТ Мехсик улсад боллоо. Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн замын зардал олдоогүйн улмаас дасгалжуулагчгүй ганцаараа оролцсон М.Анхцэцэг түрүүлж, Мехсикийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүллээ.
Тэрээр ийнхүү Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд оюутны дэлхийн аварга болсон анхны тамирчин болов.
7.“Рио-2016”олимпод VIII байрт шалгарав
М.Анхцэцэг “Рио-2016” олимпийн эмэгтэйчүүдийн 69 кг-д өрсөлдөн огцом шахалтаар 106, түлхэлттэй өргөлтөөр 131 кг өргөж, нийлбэр дүнгээр VIII байрт шалгарсан юм. Олимпийн дэвжээнд дэлхийн шилдгүүдтэй анх удаа хүч сорьсон нь энэ.
Түүний амжилтын нууцын талаар Ц.Хосбаяр дасгалжуулагч “Анхааг хоёрхон үгээр “Бурхны бүтээл” гэж хэлнэ. Үнэхээр зөв бодолтой хүүхэд. Бэлтгэлийг чин сэтгэлээсээ хийдэг. 10 хий гэвэл 11 удаа гүйцэтгэдэг” хэмээсэн.
Хэдийгээр М.Анхцэцэг насандаа баймгүй, итгэхэд бэрх дээд амжилтууд тогтоосоор байгаа ч цаашид улам хичээж, хөдөлмөрлөвөл өнөөгийнхөөсөө ч өндөр амжилтын оргилд гарах боломж, нөөц байгаа нь мэдээж.
М.Анхцэцэг болон түүний дасгалжуулагч Ц.Хосбаяр хоёр ийм мундаг болохоор гадны орнууд тэрбумын гэрээ санал болгож, иргэншлээ солихыг ятгасан байх. Харин монголчууд бид тэдний амжилт, ур чадварыг үнэлж чадаж байгаа бил үү.
"Рио-2016" олимпийн дараа хүндийг өргөлтийн шигшээ багийн заалаар ороход Ц.Хосбаяр болон шигшээ багийнхан заалаа засварлаж байхтай таарсан юм, би.
Ц.Хосбаяр дасгалжуулагч эхнэртэйгээ хамт заалаа засахын хажуугаар өрөөндөө тамирчдадаа хоол хийж өгч байсан нь санаанаас ер гардаггүй.
Тэрээр ""Заалаа засах гэсэн юм" гээд БТСХТ-өөс хоёр сая төгрөг гуйсан чинь "Мөнгөгүй" гэнэ ээ. Болохгүй, бүтэхгүй гээд шалтаглаад хүүхдүүдээ яаж ийм зааланд бэлтгэл хийлгэх вэ дээ. Ах нь өөрөөсөө мөнгө гаргаад заалаа засаж байна. Сэтгэл байхад бүх зүйл сайхан болно оо" гээд инээмсэглэж суусан юм.