Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулан нийгэмшүүлэх, амьдралын чанар болон өөртөө итгэх итгэлийг нь бадраах зорилготой “Ахиллис Монгол” байгууллагын тамирчид хөтөчийн хамт АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулагддаг 42 км-ийн олон улсын марафонд амжилттай оролцлоо. Б.Батзориг 42 км зайг 3:13:56 цаг гүйж, ангилалдаа III байранд орсон бол, гар дугуйн төрлөөр П.Энхманлай 2.38.41, П.Наранбаатар 2:30:45 цагт замаа амжилттай дуусгасан юм.
“Ахиллис Монгол” байгууллагаас “Итгэл Найдвар Боломж – Улаанбаатар” марафоныг Монголдоо зохион байгуулж, 2015 ба 2016 онд 7000 орчим хүнийг гүйлтэнд хамруулж, 20.000 гаруй хүн ирж үзсэн байдаг. Мөн “Ахиллис хүүхэд”, “Даван туулагч”, “Марафон аялал” хөтөлбөрүүдийг тууштай хэрэгжүүлж байна. Эдгээр үйл ажиллагааг үнэлж төв байгууллагаас Монголын салбарыг 2016 оны шилдэг салбараар шалгаруулжээ.
Ахиллисийн тамирчид маань өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 10-нд эх орондоо ирнэ.