"Memoriad-2016" World Mental Olympics буюу оюуны олимп АНУ-ын Лас-Вегас хотод үргэлжилж байна.
Дөрвөн жил тутамд нэг удаа болдгоороо онцлог 27 орны 167 тамирчин өрсөлдөж буй тус тэмцээн ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлагын 13 төрөлд болж буй.
Ой тогтоолтын төрөлд өрсөлдсөн Их мастер С.Цогбадрах алтан медаль хүртэж, олимпийн дээд амжилт шинэчиллээ.
Тэрээр ийнхүү оюуны олимпийн хос медальт Монголын анхны тамирчин болов.
Энэ төрөлд ОУ-ын Их мастер Э.Пүрэвжав хүрэл медалийн эзэн боллоо. Мөн ой тогтоолтын төрөлд ОУ-ын мастер Б.Ариунсанаа IV, Азийн мастер З.Цэцэгзул VII, ОУ-ын мастер Т.Энхжин VIII, Н.Намуундарь IX, ОУ-ын Их мастер Э.Энхмөнх X, Б.Хангал XI байрт тус тус шалгарлаа.
"Хүн хуанли" төрөлд Б.Энхлүүн хүрэл медаль авав. Энэ төрөлд Б.Биндэръяа IV байр эзлэв.
"Хурдны хөзөр" төрөлд ОУ-ын мастер Т.Энхжин нэг багц хөзрийг 27 секундад дарааллаар нь тогтоон, алдалгүй нэрлэж, хүрэл медалиар энгэрээ мялаав.
"Mental Multiplication" төрөлд Д.Биндэръяа мөнгөн медаль авлаа. Тэрээр найман оронтой хоёр тооны үржвэрийг олох нийт 10 бодлогыг долоон минутад бүгдийг нь алдаагүй цээжээр бодсон юм. Энэ төрөлд Б.Хангал V, Б.Энхлүүн VIII байрт шалгарлаа.
"Тооны марафон" төрөлд ОУ-ын Их мастер Э.Пүрэвжав нэг цагт 2950 цифр тогтоон мөнгөн медаль авлаа.
"Mental Addition" төрөлд Д.Биндэръяа мөнгөн медалиар энгэрээ мялаалаа.