2020 оны шатрын олимпиад зохион байгуулах хотоор ОХУ-ын Ханты-Мансийск тодорлоо.
Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов өчигдөр ОХУ-ын Тасс агентлагт өгсөн ярилцлагадаа 2020 оны шатрын олимпиад ОХУ-д болохыг онцоллоо. Энэ эрхийн төлөө цөөнгүй улс тодруулбал Аргентин, Словак улс өрсөлдөж байсан юм. Энэ шийдвэрийг олон улсын шатрын холбоо 42 дугаар шатрын олимпиад зохиогдож буй Азербайжаны нийслэл Баку хотноо болсон гишүүдийн хурал дээр гаргасан юм.
Ханты-Мансийск хотын хувьд зургаан жилийн өмнө 2010 онд олимпиад хүлээн авч байв. Түүнчлэн ОХУ-ын Москвад 1956, 1994 онд, Елистад 1998 онд зохион байгуулсан туршлагатай.
Сонирхуулахад, албан бусаар анхны шатрын олимпиадыг 1924 онд Францын Парис хотод зохион байгуулсан гэдэг. Гэхдээ албан ёсоор 1927 онд Лондонд анхны олимпиадыг хүлээн авсан гэж үздэг аж.