Монголын боулинг сонирхогчдын холбооноос манай улсад анх удаа “Big Bowling Friendship”боулингийн лигийн үндэсний анхдугаар багийн тэмцээнийг энэ оны дөрөвдүгээр сараас зохион байгуулж эхэлсэн.
Лигийн анхдугаар багийн тэмцээний гуравдугаар тойргийн нээлт энэ сарын 11-нд “Big Bowling” төвд болж, баг тус бүр дөрвөн тоглолт хийлээ. Энэ өдрийн тоглолтонд Ц.Молор ахлагчтай баг нийт дөрвөн хожил авч 12 оноог багийн оноондоо нэмж авч тоглолтоо амжилттай үргэлжлүүлж байна.
Багийн дүн
- 1.Ц.Лхаасүрэн ахлагчтай баг 51 оноо
- =2.Д.Нацагдорж ахлагчтай баг 49
- =2 Ц.Молор ахлагчтай баг 49
- 3. Б.Батхүү ахлагчтай баг 47
Хувийн дүн
Эрэгтэй ганцаарчилсан төрөл
- Д.Нацагдорж 3827 оноо
- Ж.Содномдорж 3610
- Б.Пүрэвдорж 3554
Эмэгтэй ганцаарчилсан төрөл
- С.Дэлгэрцэцэг 3260
- Ш.Гэрлээ 3199
- Т.Долгормаа 2963
Гуравдугаар тойргийн дараагийн тоглолт аравдугаар сарын 9-нд үргэлжлэх бөгөөд энэ өдөр тойргийн аварга баг тодроно. Улмаар энэ оны арванхоёрдугаар сард лигийн анхны багийн цомын тэмцээнд өрсөлдөх шилдэг найман багийн халз тулаан болно.
Сонирхуулахад, эхний тойргийн аварга баг энэ шатанд хоёр хожигдсон бол хоёрдугаар тойргийн аварга баг гурван ялагдсан байна. Тиймээс энэ тойрогт шинэ аварга төрж мэдэхээр байна.
Энэхүү тэмцээнийг боулингийн спортын хөгжлийг шинэ шатанд хүргэх, тамирчин, сонирхогчдын оролцоо ур чадварыг нэмэгдүүлэх, чансаа тогтоох, залуу тамирчдыг дэмжих, туршлага солилцох үндсэн зорилготой юм. Багийн тамирчдыг чансаагаар ангилж сугалааны зарчмаар багуудыг бүрдүүлсэн бөгөөд тус бүрт нэг эмэгтэй гишүүнтэй.
Тэмцээний урьдчилсан шат гурван тойргоор зохион байгуулагдана. Тойрог тус бүрт багийн болон ганцаарчилсан төрөлд эхний гуравт орсон баг, тамирчдыг өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар урамшуулдаг.
Лигийн тэмцээнийг багийн дүнгээр дүгнэхээс гадна тамирчин тус бүрийн оноогоор хувийн дүнг тооцож байгаагаараа онцлогтойгоос гадна хувийн дүнгээр 200-аас дээш оноо авсан тохиолдолд харгалзах өндөр онооны урамшуулал буюу 10-100 оноог тамирчины хувийн дүнд нэмнэ.
НЭГДҮГЭЭР ТОЙРГИЙН АВАРГА БАГ
ХОЁРДУГААР ТОЙРГИЙН АВАРГА БАГ
Гэрэл зургийг Э.Харцага