Энэтхэгийн өндрийн харайлтын тамирчин Марияппан Тангавелу хэмээх 21 настай тамирчин T42 ангилалд түрүүлснээр улсынхаа паралимпын түүхэнд гурав дахь алтан медалийг авчирсан юм. Түүний энэ амжилтыг Засгийн газраас нь өндрөөр үнэлж, 7.5 сая руппе буюу 112 мянган "ногоон"-оор урамшуулах болсноо мэдэгдсэн. Тодруулбал, Энэтхэгийн спортын яамнаас олимпын аваргадаа амлаж байсан мөнгийг Тангавелуд өгөхөөр болсон аж.
Өндрийн харайлтын төрөлд хүрэл медаль хүртсэн Энэтхэгийн өөр нэг тамирчин Бати Варун Синг "Түүний амьдрал маш хэцүү, ядуу зүдүүгээс өдий хүрсэн. Харин энэ амжилт нь түүний амьдралыг үүрд өөрчлөх боломж болсонд би их баяртай байна" гэсэн юм.
Энэтхэгийн паралимпын хорооны дарга С.С Чхабра түүний талаар "Энэ мөнгөөр тэр өөрийнхөө хүссэн академийг байгуулах боломжтой боллоо. Тэр спортоо орхиод нутагтаа спорт клубтэй болохыг хүсдэг байлаа" гэж ярьжээ.
Тангавелу хүүхэд байхдаа осолд орж, хүнд гэмтэл авсан. Тодруулбал, автобус замаас гарч, түүнийг мөргөсөн юм. Улмаар түүний баруун хөл таван настайгаас нь хойш өсөхөө больсон юм. Тэрбээр өндрийн харайлтаар хичээллэхээс өмнө волейбол тоглодог байжээ. Улмаар сургуулийнх нь биеийн тамирын багш нь түүний нууц авьяасыг олж харснаар 14 настайгаасаа өндрийн харайлтаар хичээллэх болсон юм. Түүнийг анх удаа үсрэхээр оролдох үед ангийнх нь хүүхдүүд үл итгэж байсан талаар одоо ч дурсдаг. Гэхдээ түүнийг үсэрсэний дараа бүгд баяр хүргэж, сэтгэлийн дэм өгч байсныг ч мартаагүй юм.
Тангавелу Риогийн паралимпын дараа их сургуулиа төгсөж, ажилд орох төлөвлөөгтэй. Тэрбээр бизнесийн чиглэлээр суралцдаг юм.
Мөн тэр бас шинэ зорилготой болсон. Токио 2020-д өөрийнхөө амжилтыг давтаж, хос алтан медальтай болох зорилготой. Түүнчлэн 25 нас хүрснийхээ дараа гэрлэхээр төлөвлөжээ.