Давид Хок гэдэг 19 настай энэ залуу Риогийн паралимпын тамирчин биш. Харин залуу сэтгүүлчдийн туршлага солилцох бэлтгэлд хамрагдахаар Бразилд ирсэн нэгэн.
Барра олимпик паркын сэтгүүлчдийн цуглардаг гол танхимд сонин, сайт, телевизийн олон зуун сэтгүүлч хуран цугларсан. Тэд Риогийн паралимпын эргэн тойронд өрнөж буй олон арван мэдээ мэдээллийг дэлхийн хэдэн зуун мянган хүмүүст хүргэхээр ажиллаж байна.
Тэдний нэг бол 19 настай Давид Хок. Германаас ирсэн энэ залуу сэтгүүлч мэргэжилтэй болохыг хүсдэг. Тиймээс ч Риод ирсэн хэрэг.
Гэхдээ Хок хөгжлийн бэрхшээлтэй. Түүний хувьд хоёр гар нь юм бичихэд хангалттай биш. Харин энэ бүхэн түүний мөрөөдөлд саад хийсэнгүй.
Хок энэ талаар “Би гутлаа тайлаад л чиний гараараа бичиж чадах тэр хэмжээнд хөлөөрөө бичиж чадна” хэмээн тайлбарлаж буй.
Тэрбээр “the Paralympic Zeitung” болон “the Paralympic Post” сэтгүүлд туршлага судалж буй юм.
Хок эх орондоо ахлах сургууль төгсөөд удаагүй. Тиймээс дөнгөж сэтгүүлчийн гараагаа эхлүүлж буй залуу сэтгүүлч юм. Тэрбээр энэ талаар “Би мэргэжлийн сэтгүүлч биш. Гэхдээ энд ажиллаж буй нь надад их хэрэг болж байна” гэж ярьжээ.
Тэрбээр цаашид сэтгүүлчийн чиглэлээр суралцах бодолтой байгаа аж.