Өнөөдөр нээлтээ хийх Риогийн паралимпын жүдо бөхийн сугалаа өчигдөр гарчээ. Жүдогийн төрөлд манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Ууганхүү, 66 кг-д А.Мөнхбат нар өрсөлдөх юм.
Б.Ууганхүүгийн хувьд Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат, энэ жил 25 настай бөгөөд паралимпэд оролцож буй Монголын шигшээ багийн хамгийн залуу тамирчин. Тэрбээр паралимпэд анх удаа оролцож байгаа юм. Түүний жинд 12 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлснээс эхний тойрогт Бразилын жүдоч Райфран Мескуйта Понтестэй хүч үзнэ. Түүнийг ялвал дараагийн даваанд Японы Макото Хиросетай учраа таарах аж.
Энэ жинд Лондоны паралимпын аварга Азербайжаны Рамин Ибрахимов, паралимпын хүрэл медальт Алжирын Моулоуд Ноура, дэлхийн чансааг тэргүүлж буй Узбекистаны Шерзод Намозов зэрэг томчууд бий.
66 кг-д өрсөлдөх А.Мөнхбатын хувьд хоёр дахь паралимп. Манай тамирчин өмнө нь Лондонд хүч сорьж байсан туршлагатай. Тэрбээр эхний тойрогт Пуерто Рикогийн Луис Жабдьел Перес Диасыг ялвал дараагийн даваанд Узбекистаны Уткиржон Нигматовтой хүч үзнэ.
Пара жүдогийн төрөлд 10 улсын 132 жүдоч хүч сорино. Тэмцээн орон нутгийн цагаар энэ сарын 8-10-нд болох юм.