Г.Мандахнарангийн барилдаан ба түүнийг тойрсон олон асуудал одоо ч эцэслэн шийдэгдээгүй яваа. Үүний улмаас Монголын чөлөөт бөхийн холбооны асуудал улам хурцдаж, одоог хүртэл хоёр талцсан хэрүүл үргэлжилсээр байна.
Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж анх өөрийн твиттер хуудсаараа дамжуулан, чөлөөт бөхийн холбооны эрхийг тодорхойгүй шалтгаанаар түдгэлзүүлсэн талаар мэдэгдэж байв.
Үүний дараа чөлөөт бөхийн холбоо хурал зарлаж, Г.Мандахнарангийн барилдааны талаар эсэргүүцлээ илэрхийлсэн хоёр дасгалжуулагч болох Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын чөлөөт бөхтэй холбоотой ямар нэг үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хоёр жилээр хасаж, хөөх арга хэмжээ авч буйгаа зарласан юм.
Улмаар Мандахнарангийн барилдаанд шүүлтийн булхай орсон эсэхийг Олон улсын зэрэглэлтэй шүүгчид болох А.Басхүү, Б.Төмөрбаатар, Ц.Сэрээтэр нарын ажлын хэсэг байгуулж, өмгөөлөгч хөлслөөд спортын арбитрын шүүхэд хандах эсэхээ шийдвэрлэх болсон юм.
Гэхдээ чөлөөт бөхийн холбооны удирдлагууд хурал дээр Дэлхийн бөхийн холбооноос ирсэн албан бичгийг танилцуулах, хэвлэлд нийтлэхээс татгалзаж, нууцын зэрэглэлд хамаарч буй хэмээн тайлбарласан юм.
Гэхдээ энэ нууцын зэрэглэлд хамаарах албан бичгээ Монголоор уншиж тайлбарласан байдаг.
Энэхүү албан бичигт тодорхойгүй хугацаагаар Монголын чөлөөт бөхийн холбоо, манай тамирчдын олон улсад тэмцээнд оролцох эрхийг нь түдгэлзүүлсэн тухай бичигдсэн гэж тайлбарласан. Үүний уршгаар Францын Парист болох залуучуудын ДАШТ-д манай шигшээ баг оролцож чадаагүй.
Үүний улмаас залуучуудын шигшээ баг 32 сая төгрөгийн замын зардлаар “шатсан” гэх мэдээлэл бий. Түүнчлэн ойрын хугацаанд олимпод ороогүй жингүүдийн ДАШТ, ахмадын ДАШТ-д ч манай шигшээ баг оролцох боломжгүй болсон гэх тайлбарыг Монголын чөлөөт бөхийн холбоо өгөөд буй.
Тэгвэл үнэхээр Дэлхийн бөхийн холбооноос манай холбооны үйл ажиллагаанд нөлөөлсөн албан бичиг илгээсэн үү, үгүй юу гэдэг нь тун сонирхол татна.
Нууц албан бичиг гэж юу вэ?
Манай улсад ч олон улсын гэрээний дагуу ч нууц албан бичиг гэх гурван төрөл бий.
- Төрийн нууц
- Хувийн нууц
- Байгууллагын нууц
Тодруулбал, Дэлхийн бөхийн холбооноос Монголын чөлөөт бөхийн холбоонд илгээсэн гэгдэх нууцын зэрэглэлд орох албан бичиг байгууллагын нууцад хамаарна. Байгуулага нь ямар зүйлийг нууцлах эсэхээ олон улсын гэрээний дагуу хуульд заасан зүйлийг нууцалдаг. Тэр нууц задарвал байгууллагын эрх ашигт хохиролтой эсэхээс аливаа албан бичиг, дотоод ажил үйлсийг нууцлах эсэхээ шийдвэрлэдэг.
Гэхдээ манай чөлөөт бөхийн холбоо манай эрхийг түдгэлзүүлжээ гэж зарласан нь нууц бичиг баримтыг ил зарлачихсан үйл явдал болсон.
Өөрөөр хэлвэл хэрвээ нууц гэж заасан бол бидний эрхийг ямар учраас түдгэлзүүлсэн болохыг хэн ч мэдэх ёсгүй юм. Тэд хэвлэлийн бага хурал хийж, ийм бичиг иржээ гэдгээ зарлаад Монголоор уншиж өгсөн нь өөрөө байгууллагын нууц задруулсан, аль эсвэл тийм бичиг огт ирээгүй гэсэн үг.
Тэрнээс биш шийдвэр гарсан албан тоот нийтэд дэлгэхгүй гэдэг нь нууц бичиг учраас нууцалж байна гэсэн үг биш юм.
Өдийг хүртэл Д.Дагвадорж гэдэг хувь хүний хувийн хуудаснаас, бас чөлөөт бөхийн холбооныхон хэвлэлийн бага хурал зарлаж, нийтэд танилцуулсан гэх “нууц” бичгийн Монгол хувилбараас өөрөөр Дэлхийн бөхийн холбооноос манай бөхчүүдийн эрхийг хязгаарласан, түдгэлзүүлсэн гэх баримт байхгүй.
Тамирчид хохирсоор байх уу?
Дэлхийн бөхийн холбоо ямар ч шийдвэр гаргасан бай, Монголын чөлөөт бөхийн холбоо дотроо учраа олох ёстой. Тэрнээс биш Риогийн олимпод Г.Мандахнаран медаль авч чадаагүй нь тэдний, бидний буруу гэж хоёр тийш харж, хэрэлдэх нь ёсзүйгүй, цагаа олоогүй шийдвэр юм.
Эцсийн эцэст Монголын чөлөөт бөхийн холбоо гэдэг Д.Дагвадорж, Д.Сумъяабазар, А.Сүхбат нарын удирдлагуудын, мөн хувцсаа тайлж шидсэн хоёр дасгалжуулагчийн хувийн өмч биш. Риогийн олимп ч нэгээр дуусах зүйл биш. Энэ спортоор хичээллэдэг, үүний төлөө амьдралаа золиосолсон, олон мянган залуучууд, өсвөр үеийнхэн бий. Тэдэнд үлгэр жишээ болж, зааж сургах ёстой аваргууд, багш нар хэрүүлээр ертөнцийг харах нүд, сонсох чих болгож, нэг дээвэр дор учраа олохгүй явбал нэг бус олимпод, ганц нэг тамирчин бус бүтэн багаараа хохирох эрсдэл бий.
Риогийн олимпод хамгийн дөмөг амжилт үзүүлсэн бөх бол Г.Мандахнаран. Тэрбээр дэлхийд данстай бөх гэдгээ энэ олимпод тод харуулсан. Харин шигшээгийн бусад бөхчүүд тун тааруу оролцсон гэдгийг спорт сонирхогчид бүгд мэдэж буй. Ялангуяа эмэгтэй шигшээ багт гол найдвар тавьж байсан С.Батцэцэг барилдах өдрөөсөө тав хоногийн өмнө гэмтсэн. Ийм хариуцлагагүй байдалд анхаарал хандуулж, юунаас болж гэмтсэн, ямар учраас манай бусад тамирчид тааруу барилдсан талаар мэргэжлийн дүгнэлт хийж, хаана нь алдсан, юуг буруу хийснээ хэлэлцэхгүй чимээгүй суусаар байна. Чөлөөт бөхийн холбоо Мандахнаран, хоёр дасгалжуулагчийн дуулианы сүүдэрт алдаагаа нууж, толгой бөхийн уучлалт гуйснаар асуудлыг шийдвэрлэх нь юу л бол.
Бидэнд үнэн зүйл хэрэгтэй. Албан бичиг ирсэн нь үнэн бол түүнийг нийтэд үзүүлэх ёстой. Хэрвээ тэр үнэхээр нууцын зэрэглэлтэй албан бичиг юм бол яагаад нийтэд дэлгэж, дуулиан тарьснаа холбоо тайлбарлах шаардлагатай. Бас зөвхөн үүнээс болж, тамирчид хохирох ёсгүй юм.
Фото зургийг Э.Харцага