Рио-2016 олимпийн наадамд сонгомол, чөлөөт бөхийг шүүсэн Олон улсын шүүгч Б.Төмөрбаатартай уулзаж, ярилцлаа. Г.Мандахнарангийн барилдааны талаар хүмүүс өөрсдийн дүгнэлтийг хийж буй. Энэ ярилцлагаараа бид уншигчдадаа дүрэм журмыг илүүтэй ойлгуулахыг хичээсэн юм.
-Риогийн олимпийн чөлөөт бөхийн тэмцээн эхлэхээс өмнө техникийн зөвлөгөөн болсон гэж дууллаа. Техникийн зөвлөгөөн дээр яг юу ярьдаг вэ?
-Хүмүүст зөв ойлголт өгөхийн тулд дуугүй сууж болохгүй байна. Тиймээс ярилцлага өгөхөөр шийдлээ. Риод шүүгчээр ажилласных тайлбар өгөхийг хүсэж байна. Хүмүүс хэн зөв, хэн буруу яриад байгааг ялгаж ойлгоно гэдэгт итгэлтэй сууна. Бүх тэмцээний өмнө эхлээд шүүгч нарт зориулсан техникийн зөвлөгөөн болдог уламжлалтай. Дараа нь бүх багш, дасгалжуулагч нарт зориулж хийдэг. Шүүгч нарын зөвлөгөөн эхлээд болоход тэнд зөвхөн зохион байгуулалтын асуудлыг ярьсан. Яагаад гэвэл Риод шүүгчээр ажиллах эрх авсан 50 хүнд зориулан өнгөрсөн хавар Туркийн Анталия хотод тусгай сургалт явуулсан юм. Тийм учраас олимпын өмнөх техникийн зөвлөгөөн дээр барилдааны тухай яриагүй. Харин багш, дасгалжуулагч нарт барилдааны тухай маш тодорхой тайлбарлаж өгсөн гэсэн. Яг Г.Мандахнаран, Наврузов нарын барилдаантай төстэй жишээ авч, ийм тохиолдолд ингэж шүүнэ гэдгийг тайлбарлаж өгсөн байна лээ. Манайхаас дасгалжуулагч Ц.Цогтбаяр орчуулагчийн хамт, эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Батбаяр нар уг зөвлөгөөнд суусан юм. Шүүгчдийн зөвлөлийн дарга Германы Антония Г.Мандахнарангийн барилдааны дараа надад “Танай хүмүүс техникийн зөвлөгөөнд суусан. Иймэрхүү барилдааны бичлэгийг үзүүлээд тайлбарлаж өгсөн. Ойлгоогүй юм уу.” гэж хэлсэн шүү.
-Г.Мандахнаран “Би 18 жил барилдсан хүн. Дүрмээ мэдэхгүй байна гэж хэзээ ч байхгүй. Сүүлчийн 10 секундэд торгодог дүрэм байгаагүй” гэж хэлээд буй. Үнэхээр сүүлчийн 10 секундэд торгодог дүрэм байхгүй байсан бол яагаад торгов.
-Дүрэм өөрчлөгдөөгүй. Барилдааны сүүлчийн 30 секундэд өрсөлдөгчөөсөө санаатай зугтаах болон хориотой ямар нэгэн үйлдэл хийвэл шууд торгоно. Энэ дүрмийн дагуу барилдаан шийдэгдсэн.
-Барилдаан зогсоож торгоогүй шүү дээ. Ингэж болох уу?
-Жишээ нь 5.59 секундэд нэг бөх мэх хийгээд хоёр юм уу, дөрвөн оноогоор өрсөлдөгчөө унагаая гэж бодоё. Тэгвэл нэг секундийн дотор дэвжээний шүүгч гар өргөөд оноог зааж амжлаа. Гэтэл хажуугийн болон ахлах шүүгч хоёр түүнийг дэмжиж амжина гэдэг эргэлзээтэй. Тиймээс цаг дууссаны дараа гурван шүүгчийн санал нийлээд оноог зааж болдог. Г.Мандахнарангийн барилдааныг үүнтэй адилтгаж болно.
-Манай бөхийн барилдааныг ямар шүүгчид дэнсэлсэн бэ?
-Туршлагатай шүүгчид дэнсэлсэн. Дэвжээний шүүгч Азербайжаны иргэн Лондоны олимпоор “алтан шүгэл” авсан хүн. Дэвжээний хажууд Ираны шүүгч, ахлахаар өнгөрсөн жилийн ДАШТ-ий “алтан шүгэлт” Словенийн иргэн ажилласан. Тэр хоёр бол маш туршлагатай олон том тэмцээнийг шүүж байгаа. Г.Мандахнарангийн хувьд үнэхээр гомдолтой цаг дуусаад ялалтын баяраа тэмдэглэх мөчид ялалтаа алдана гэдэг. Манай чөлөөтийн эрэгтэйчүүдийн авч чадаагүй олон жил тасарсан медалийг авчихлаа гэж хүн бүр бодсон. Шүүгч нар надад баяр хүргэх гэж байгаад больсон шүү. Шүүгч нар санал хураагаад эхлэхэд байдал бишдэж гэдгийг ойлгосон. Барилдааныг хоёр том дэлгэц дээр удаашруулж үзсэн. Ингээд эцсийн шийдвэр гарсны дараа манай хоёр дасгалжуулагч эсэргүүцлээ илэрхийлсэн. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Н.Лалович суудлаасаа босож дэвжээний хажууд очсон шүү.
-Яг барилдаан дуусах мөчид танд юу бодогдож байсан бэ. Чөлөөтийн эрэгтэйчүүдийн 36 жил тасарсан медаль ирлээ гэж бодов уу. Эсвэл дүрмээ мэддэг шүүгч учраас арай өөр бодолтой байсан уу?
-Би Г.Мандахнаранг яг зугтаж гүйж эхлэхэд яагаад ийм буруу зүйл хийгээд байна гэж бодсон. Манай хүн эрт баярлалаа гэж дүгнэсэн юм. Хэрэв би дэвжээн дээр өөр орны тамирчдын барилдааныг шүүж байхад яг ийм байдал гарвал бас торгох санал оруулна. Барилдаан бол яг дүрмийн дагуу шийдэгдсэн. Дэвжээний шүүгчийн саналыг цаг дууссаны дараа дэмжиж манай бөхийг нэг оноогоор торгосон.
-Уг барилдаанд шүүгчээр ажиллаагүй бусад орны олон улсын шүүгч нар юу гэж ярих юм.
-Танай бөх азгүй юм аа гэж байсан. Бүгд барилдааныг дүрмийн дагуу шийдэгдсэн гэж дүгнэсэн шүү. Олимпыг дэнсэлсэн өндөр зэрэглэлийн 50 шүүгч бүгд худлаа дүгнэнэ гэж байхгүй шүү дээ.
-Хоёр дасгалжуулагчийн тэмцлийн талаар таны бодлыг сонсмоор байна.
-Миний бодлоор хоёр дасгалжуулагчийн эсэргүүцэх арга нь арай буруу байсан болов уу. Хоёр дасгалжуулагч, тамирчин гурав эсэргүүцлээ зөв илэрхийлсэн бол бид тэмцэл хийгээд амжилт олох боломжтой байсан. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Н.Лалович надад “Танайхан арай дэндлээ. Би ийм юм гаргах вий гэдэг үүднээс сахилга батыг чанд сахиарай гэж техникийн зөвлөгөөн дээр хэлсэн. Бид Олон улсын олимпын хорооны хяналтад ажиллаж байгаа. Риогийн өмнө бид бөхийн спортоо олимпоос алдах дөхсөн. Тиймээс бид тэмцээнээ чанартай, хариуцлагатай хийх ёстой. Танайд арга хэмжээ авах болно. Дэлхий нийтээр үүнийг харсан” гэж хэлсэн.
-Манай дасгалжуулагч, тамирчин нар МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж, Риод шүүгчээр ажилласан таныг “Бидний төлөө тэмцээгүй” гэж гомдол мэдүүлсэн. Үүнд ямар тайлбар өгөх бэ?
-Аливаа зүйлд ёс зүй байх хэрэгтэй. Ялагдсан бөх бүрийн араас холбооны ерөнхийлөгч, албаны хүмүүс гүйлдээд байвал олимпын наадам утгаа алдана шүү дээ. Цаашид Монголын чөлөөт бөх байх уу, үгүй юү гэдэг асуудал яригдаж байна. Франц улсад болох Дэлхийн залуучуудын АШТ оролцох тамирчдын маань эрхийг хаслаа. Энэ бол манай тамирчдыг бүх ангиллын олон улс, тив, ДАШТ-ээс хасаж байгаагийн эхлэл. Үүнийг дасгалжуулагч нар маань ойлгоосой. Тэдэнд хэцүү байгааг бид мэдэж байна. Гэхдээ ирээдүйгээ бас харах хэрэгтэй.
-Спортын арбитрийн шүүхэд хандах уу?
-Сөүлийн олимпын “алтан шүгэлт” шүүгч А.Басхүү, Лондоны шүүгч Ц.Сэрээтэр, Риогийн шүүгч миний бие бидэнд МЧБХ барилдааныг нягталж үзээд үнэхээр буруутай шүүсэн гэж үзвэл эрх зүйч, өмгөөлөгч аваад арбитрийн шүүхэд хандах үүрэг өгсөн. Манайд яг спортын эрх зүйчээр мэргэшсэн хуульч өмгөөлөгч байхгүй юм билээ. Тиймээс нэн түрүүнд гадаад хэлтэй, сайн хуульч өмгөөлөгч олж авах бодолтой байгаа. Нэлээн зардал мөнгө, цаг хугацаа шаардана. Гомдлын мөрийг тайлах үүднээс бид эцсийн шийд гарах хүртэл явах болно. Манай дасгалжуулагч, тамирчид жаахан хүлээцтэй хандах хэрэгтэй. Бүгд бие бие рүүгээ дайраад л нэг нэгнээ муу муухайгаар хэлээд бүдүүлэг зан авир гаргаж байгаад харамсалтай байна. Би холбоо болон ерөнхийлөгчөө өмөөрөөд ярихаар “Намайг Д.Дагвадоржид тал зассан” гэх мэтээр элдвээр хэлдэг. Нэгэнт чөлөөт бөхийн төлөө явж байгаа тул дотроо хагаралтай баймааргүй байна. Бүгд нэг сэтгэлтэй байвал амжилт ирнэ шүү дээ.
-МЧБХ-ны удирдах зөвлөлийн хурлаар хоёр дасгалжуулагчийн эрхийг хоёр жилээр хаслаа. Энэ шийдвэрийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Удирдлагууд маань өөрсдийн буруу байсан гэдгээ хэлж байна. Багш, дасгалжуулагч нар сахилга бат зөрчсөн асуудал олон удаа гаргасан. Энэ бүхнийг дарж дуугүй явсны балаг юм уу даа. Олимпын наадмын өмнө хэрүүл тэмцэл, хэл ам хийхгүй гэж удирдлагууд бууж өгч, дуугүй явсан нь ийм гай тарьлаа.
-Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо манай тамирчдын эрхийг түдгэлзүүлээд байна. Цаашид манай чөлөөт бөх яах вэ?
-Үнэхээр харамсалтай. Бид гурваас цөөн жилээр хасаж шийтгээсэй гэж залбирах үлдээд байна. Өөр арга алга. Олон улсын олимпын хорооноос Дэлхийн бөхийн нэгдсэн холбоонд бичиг ирүүлсэн юм билээ. Тэд манайд авсан арга хэмжээгээ цааш тайлагнах ёстой. Бид ямар ч байсан уучлалт гуйгаад бичгийн хариуг явуулна. Дасгалжуулагч нартаа ингэж арга хэмжээ авлаа гэдгээ хэлнэ. Тэд яаж шийдэхийг бүү мэд. Хүмүүс хэт туйлшраад байх юм. Олимпын хүрэл медаль бус манай чөлөөт бөх байх уу, үгүй юу гэдэг асуудал яригдаж байна. Бидний эрхийг гурван жилээр хасвал Токиогийн олимпыг мартах хэрэгтэй. Хэрэв ингэвэл маш том цохилт болно шүү. Чөлөөт бөхөөр хичээллэж байгаа хүүхэд, залуучууд юуны төлөө, ямар зорилготой бэлтгэл хийх вэ. Энэ бол маш том асуудал шүү.
-Өнгөрсөн хавар ОХУ-ын УАШТ-ий үеэр манай шүүгч Ц.Сэрээтэрийн дэнсэлж байсан барилдаан маргаантай болсон. Энэ барилдааны хяналтын шүүгчээр таныг мөн ажиллаж байсан гэх яриа гараад буй. Бид тэднийг луйвардсан тул чөлөөт бөхөд том байр суурь эзэлдэг ОХУ манайхаас өшөөгөө авч, олимпод ингэж луйвардлаа гэх яриа бий. Үүнд ямар тайлбар өгөх вэ? Таныг ОХУ-ын УАШТ-ийг шүүгээгүй гэж дуулсан юм байна.
-Би өмнө нь Иран, Казахстан, ОХУ улсын аваргыг шүүж байсан. Улс орнууд чухал ач холбогдолтой тэмцээнд гадны шүүгчдийг урьдаг. Өнгөрсөн хавар ОХУ-ын УАШТ-д би уригдсан ч шүүгээгүй. Тэмцээн эхэлсэн өдөр очсон учир Би “Энэ тэмцээнд би ажиллахгүй ээ. Танай тэмцээн аль хэдийнэ эхэлчихсэн байна” гээд ажиллаагүй юм. Маргаантай барилдаан гарахад тэд шийдэж чадалгүй намайг дуудсан. Би хариуд нь “Дэвжээн дээр монгол шүүгч байна. Нэг улсаас хоёр шүүгч санал өгч болохгүй. Та нар асуудлаа өөрсдөө шийд” гээд зөвшөөрөөгүй. Спортын сэтгүүлч С.Шижирбат олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ингэж бид нарыг Оросын УАШТ-ийг будлиулсан юм шиг яриад явааг дуулсан. Би бусад орны тайлбарлагч нарыг сонсож байсан. Үзэгчдэд хэзээ ч буруу ойлголт өгдөггүй юм билээ. Манай тайлбарлагч хэтэрхий нэг талыг барьж яриад үзэгчдэд буруу ойлголт өгөөд байна. Хэрүүлтэй газар буян тогтдоггүй гэж үнэн үг юм. Бид сая авчихсан медалиа алдлаа.
-Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос ирсэн албан бичгийн англи хэл дээрх эх хувийг хүмүүст үзүүлэхгүй байна. Үүнийг удирлагууд худлаа зохиолоо гэх утгатай юм яриад буй.
-ДБНХ-ноос уг бичгийг эцсийн шийдвэр гартал олон нийтэд үзүүлж болохгүй гэж хатуу сануулсан. МЧБХ-ны удирдах зөвлөлийн хуралд суусан бүх хүнд уг бичгийн эх хувийг үзүүлсэн.
-Ерөнхийлөгч Д.Дагвадорж эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч, тамирчидтайгаа таарамж муу байдаг гэж дуулсан. Дотор нь байгаа хүний хувьд та үүнийг бас мэдэж байгаа байлгүй. Үнэхээр Д.Дагвадорж тэдэнтэй таарамж муу байдаг уу?
-Би Д.Дагвадорж ерөнхийлөгчтэй олон тэмцээнд хамт явж үзлээ. Мэргэжлийн сүмогийн их аваргаар дэлхийд танигдсан хүн шал өөр. Өнгөрсөн хавар бид эх орондоо анх удаа олимпын эрх олгох тэмцээн хийлээ. Энэ бол Д.Дагвадорж ерөнхийлөгчийн буян. Эрх олгох тэмцээн хийх хүсэлтэй олон улс бий. Энэ дундаас манайхыг сонгоно гэдэг том аз юм. Риогийн олимпоор Токио 2020 олимпыг сурталчилсан соёлын арга хэмжээнд би Д.Дагвадорж ерөнхийлөгчтэй хамт очсон. Тэгэхэд япончууд түүнийг хараад маш их хүндэлдэг юм билээ. Энэ арга хэмжээнд аварга маань оролцсоны дараа надад “Дараагийн олимпын ажил эхэллээ шүү. Сая японд хоёр хүүхэд үнэгүй сургаад, бэлтгэхээр боллоо” гэж ярьсан. Тэр үед би Д.Дагвадорж ерөнхийлөгчөөр бахархсан шүү. Энэ явдал Риогийн олимпын чөлөөт бөхийн тэмцээн эхлэхээс өмнө болсон шүү. Өөр нэг хүн ерөнхийлөгч байсан бол япончууд тийм яриа хийж чадахгүй шүү дээ. Д.Дагвадорж ерөнхийлөгч Риогийн олимпын үеэр тамирчдын тосгонд байрласан. Аваргыг өрөөндөө байхад эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч нар орж ирээгүй. Тэр үед аварга надтай “Манайхан орж ирэхгүй юм болов уу” гэж яриад сууж байсан шүү. Д.Дагвадорж олимпын өмнө эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Батбаяр нарыг дуудаад “Бидний өмнөх үл ойлголцол энд хамаагүй. Амжилт гаргах нь чухал” гэж хэлсэн гэсэн.
-Риод манай тамирчид яагаад тааруухан амжилттай оролцов. Та юу гэж дүгнэж байна вэ?
-Тамирчдаа сайн барилдаасай гэж бодсон ч санаанд хүрсэнгүй. Г.Мандахнарангаас бусад нь үнэхээр муу барилдлаа. Бид тамирчиндаа бяр, техникийг зүйлийг заахаас гадна тархинд нь ёс зүй, хүмүүжил суулгах хэрэгтэй болжээ. Энэ дасгалжуулагч нарт ч бас хамаатай. Ингэхгүй бол бид мянган удаа бэлтгэл хийгээд ч медаль авахгүй. Д.Дагвадорж аваргын хэлсэн “Бүх зүйлийг тэгээс эхлэх хэрэгтэй” гэдэг үнэн. Хаана сахилга бат, дэг журам байна тэр газар амжилт бий. Японы алдарт бөх Саори Ёшидагийн ах нь Монголд ирээд “Танайд сахилга бат огт байхгүй байна. Манайд шал өөр. Манайх тамирчдаа чанга дэг журмаар бэлтгэдэг” гэж байсан. Үнэн шүү. Сахилга баттай бэлтгэл хийвэл хүмүүжилтэй болно. Үүнийг ойлгох нь чухал байна. Манай бөхчүүдэд ялагдах хүн байхгүй болж байна шүү. Латин Америк, Африк бөхчүүд ялагдахаа больж байна. Бид эхлээд өөрсдийгөө ялах ёстой.