AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбооноос Риогийн олимпын тоглолтыг будлиантуулсан зарим шүүгчдээ нутаг буцаасан. Гэхдээ Бразилаас гэртээ түрүүлж харьсан шүүгчдийн тоо тодорхойгүй хэвээр байгаа юм.
Швейцарьт болж буй хоёр өдрийн хурлаас гарах шийдвэрийг бокс сонирхогчид хүлээж сууна. Одоогоор тус холбооны удирдах зөвлөлийн хурлаас тодорхой шийдвэр гаргаагүй байгаа ч Риогийн олимп тэдэнд эрс шинэчлэл хэрэгтэй байгааг харуулсан билээ. Рингэн дээр тамирчин нь “дунд хуруу” гаргаж, ёсзүйгүй аашилсан, үзэгчид шудрага бус тулааныг шүүмжилж, эсэргүүцсэн, энэ бүхэн шүүгчийн асуудлаас үүссэн гэдгийг хүн бүр мэднэ.
Одоогийн баримталж буй дүрмээр бол рингэн дээрх нэг тулааны оноог таван шүүгч дэнсэлдэг. Тэр таван шүүгчийн гурвынх нь оноог "сонгож", улмаар үндсэн оноонд нөлөөлдөг юм. Энэ нь тус спортод шүүгчийн нөлөө орохоос сэргийлсэн систем. Харамсалтай нь энэ нь тус спортод бугшсан шударга бус үйлдлийг зогсоох арга болж чадахгүй байгаа билээ.
Холбооныхон Риогийн олимпод буруу шүүсэн гэх хүмүүст зохих ёсны арга хэмжээ авч, шүүгчдийн бүрэлдэхүүний талаар дахин хэлэлцэхээр болсон төдийгүй нэг тоглолтод өгдөг онооны системд, түүнд шууд нөлөөлөх шүүгчийн эрхийг хязгаарлах талаар дахин хэлэлцэхээр болжээ.