Казахстаны Чимкент хотын захирагч Бейбут Атамкулов Риогийн олимпоос мөнгөн медаль хүртсэн хүндийг өргөлтийн тамирчин Жазиру Жаппаркуль, жүдогийн төрөлд хүрэл медаль зүүсэн Галбадрахын Отгонцэцэг нарыг хүлээн авч, нэг өрөө байр, "Toyota Land Cruiser" маркийн автомашин бэлэглэжээ.
Ноён Б.Атамкулов шагнал гардуулах үеэр "Манай нутаг нэгтнүүд Риогийн олимпыг нойроо хасаж сууж үзсэн. Бүх иргэдийнхээ өмнөөс тамирчиддаа баярласнаа илэрхийлж, энэ бэлгийг гардуулж байна" хэмээсэн юм.
Харин Жазиру болон Отгонцэцэг нар их спортын салбарт оруулж буй хувь нэмэрт нь ихэд талархаж, Токиогийн олимпод илүү өндөр амжилт үзүүлэхийг зорьж буйгаа илэрхийлэв.
Чимкент хотод нийтийн эрүүл мэнд, иргэдийнхээ дунд эрүүл амьдралын хэв маягт ихээхэн ач холбогдол өгч, хүмүүсийн сонирхлыг татах журмаар спортын шинэ цогцолбор ашиглалтад оруулж байгаа аж. Тус бүс нутгийнхан их спортод ихээхэн анхаарал хандуулж буйг энэ үйл явдал гэрчлэн харуулж байна гэж орон нутгийн хэвлэлийнхэн онцолжээ.
Сонирхуулахад, Казахстан улсын төр засгаас олимпоос алтан медаль авсан тамирчинд 250 мянга, мөнгөн медальтнийг 150 мянга, хүрлийг 75 мянган "ногоон"-оор урамшуулж буй.
Харин Г.Отгонцэцэгийн хувьд хүрэл медаль хүртсэн амжилтаараа 75 мянган доллар, нэг өрөө байраар урамшуулсан. Түүний дараа "BMW" маркийн автомашинаар шагнуулсан тухай мэдээлэл гарч байв.