Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж болон удирдах зөвлөлийн гишүүд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос манай улсын баг тамирчдыг олон улсын тэмцээнд оролцох эрхийг хассан тухай мэдэгдэл бүхий албан бичгийг уншиж танилцуулав. Мөн МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж “Чөлөөт бөхийн холбоо Риогийн олимпод оролцсон тамирчдаасаа том амжилт хүлээж байсан. Гэвч амлалтандаа хүрч чадсангүй. Тиймээс ард түмнээсээ уучлалт хүсэж байна” гэлээ.
Д.Сумъяабазар “Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос нууцлалын зэрэгтэй бичиг ирүүлсэн. Тус албан тоотод монгол улсын хоёр дасгалжуулагчийн зохисгүй зан үйлдэл нь дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр хүндэд халдсан тухай тодотгожээ. Улмаар МЧБХ-нд хариуцлага тооцож, албан ёсны хуваарьт багтсан олон улсын аль ч тэмцээнд Монгол улсын тамирчдыг оролцуулахгүй байх шийдвэр гаргах тухай мэдэгдсэн байна” хэмээв.
Тус албан бичигт ирэх сарын 1-ний дотор өөрийн байр сууриа илэрхийлэн хариу мэдэгдэхийг МЧБХ-ноос шаарджээ. Үүнтэй холбогдуулан МЧБХ-ны хурлаар чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр, дасгалжуулагч Б.Баяраа нарыг олон улс болон дотоодын бүх тэмцээн, чөлөөт бөхийн үйл ажиллагаанд оролцох эрхийг хоёр жилээр хасах шийдвэр гаргажээ. Харин МУГТ Г.Мандахнарангийн хүрэл медалийн төлөөх барилдааны талаар арбитрын шүүхэд хандах ажлыг холбогдох олон улсын шүүгч нарт даалгажээ.