Бразилын цагдаагийн газраас мэдэгдэл хийж, АНУ-ын усанд сэлэлтийн багийн тамирчид болох Райан Лохте, Жимми Фейген, Жак Конгер болон Ганнар Бентц нарыг худал мэдүүлэг өгсөн хэмээн буруутгаж буй. Нэртэй тамирчид шатахуун түгээх газрын бие засах өрөөнд юм эвдэж, сүйтгэсэн шалтгаанаа хэн нэг нь дээрэмдэх оролдлого хийсэн хэмээн мэдүүлж, олон нийтэд тараасан юм. Тэгвэл цагдаагийн газраас энэ хэргийг шалгаж үзээд худал мэдүүлэг болохыг нь тогтоосон. Улмаар Райан Лохтег худал мэдүүлэг хийсэн хэмээн буруутгаж, шийтгэл оноохоор төлөвлөж байгаа аж. Лохте энэ хэргийнхээ улмаас ивээн тэтгэгчдээ алдаж, ард түмнээсээ уучлалт хүссэн захидал бичсэн.
Харин түүнийг Бразилын шүүхээс буруутгаж буй талаар ам нээсэнгүй.
Шинжээчдийн таамаглаж буйгаар Лохте худлаа ярьсныхаа төлөө мөнгөн торгууль төлөх бололтой. Усанд сэлэгчдийг худлаа ярьсных нь төлөө улсынхаа хилээр гарч явахыг хориглосон шийдвэр гаргасан ч Лохте хэдийнэ АНУ руу нисч байсан билээ. Харин Фейген энэ хэргийг хаалгаж, гэртээ тайван харихын тулд 10,800 долларын торгууль төлсөн. Харин АНУ-ын усанд сэлэлтийн холбооны хэвлэлийн төлөөлөгч Лохтег одоогоор ямар шийтгэл хүлээхийг тодорхой хэлэхээс татгалзсан байна.