Өнгөрсөн Риогийн олимпод АНУ-ын баг тамирчид хамгийн олон буюу 121 медаль хүртсэн. Энэ нь 1984 оны (ЗХУ улс төрийн шалтгаанаар оролцоогүй) Лос Анжелесийн олимпоос хойш хүртсэн хамгийн олон медаль болсон юм. Америкийн олимпын хороо алтан медаль хүртсэн тамирчнаа 25 мянган ам.доллар, мөнгөн медальтнийг 15 мянган “ногоон”-оор, хүрлийн эзнийг 10 мянган доллароор шагнахаа мэдэгдээд байсан билээ. Үүн дээр тухайн төрлийг удирдаж буй холбооны амлалт тусдаа байв. Гимнастик болон усанд сэлэлтийн төрөлд медаль хүртсэн тамирчнаа хэрхэн байлахаа нууцалсан бол хамгийн том амлалтыг чөлөөт бөхийн холбоо өгч байв. Тус холбооноос олимпын аварга болсон тамирчнаа 250 мянган доллараар шагнахаар шийдвэрлэсэн юм.
275 мянга: Кайл Снайдер, Хелен Мароулис (Чөлөөт бөх)
Охайогийн их сургуулийн бөх Снайдер болон эмэгтэйчүүдийн 53 кг-д аваргалсан Мароулис нар хамгийн өндөр мөнгөн шагналын эзэн болсон. Тэд гэртээ алтан медаль, чөлөөт бөхийн холбооноос 250 мянган доллар, АНУ-ын олимпын хорооноос олгодог “Мөрөөдөл” сангаас 25 мянган “ногоон”-оор хэтэвчээ дүүргээд харьсан юм. Сонирхуулахад, Снайдер чөлөөт бөхийн төрлөөр олимпын аварга болсон хамгийн залуу америк тамирчин болсон билээ.
140 мянга: Майкл Фелпс (Усанд сэлэлт)
Олимпод хамгийн олон медаль хүртсэн нэрт усанд сэлэгч Майкл Фелпс Риогоос таван алт, нэг мөнгөн медаль хүртсэн. Энэ амжилтыг нь АНУ-ын олимпын хороо 140 мянган ам.доллароор байлжээ.
115 мянга: Кэйт Ледеки (Усанд сэлэлт)
Эмэгтэйчүүдийн усанд сэлэлтийн төрөлд дөрвөн алт, нэг мөнгөн медаль хүртсэн 19 настай Ледекигийн амжилт ийм үнэ хүрчээ. Түүнчлэн залуу бүсгүй Стэнфордын их сургуульд тэтгэлэгээр суралцдаг билээ.
110 мянга: Симон Билес (Гимнастик)
Америкийн эмэгтэй гимнастикчдын хувьд хамгийн чухал амжилтыг Симон үзүүлсэн. Тэрбээр олон төрөлтөд жигд амжилт үзүүлж, багийн төрөлд ялалт байгуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Түүний дөрвөн алт, нэг хүрэл медалийг улсаас нь ингэж үнэлжээ.
89,167 мянга: Алисон Феликс (Хөнгөн атлетик)
Феликс эмэгтэйчүүдийн 400 метрийн төрөлд мөнгө, буухиа уралдаанд хос алтан медаль хүртсэн. Ингэснээр тэрбээр замналдаа олимпын есөн медальтай болж, АНУ-ын эмэгтэй тамирчдын түүхэнд шинэ хуудас нээсэн юм. Америкийн хөнгөн атлетикийн холбоо түүний мөнгөн медалийг 15 мянган доллар, алтан медалийг 25 мянган доллароор үнэлжээ. Түүнчлэн буухиа уралдааны урьдчилсан шат, хагас шигшээд уралдсан багт тус бүр нэмэлт урамшуулал олгож, энэ дүнгээр Феликс хамгийн их буюу 24,167 мянган “ногоон” халаасалсан юм.
80 мянга: Симон Мануэль (Усанд сэлэлт)
Усанд сэлэлтийн төрөлд олимпын аварга болсон анхны өнгөт арьст тамирчин Симон Мануэль мөн Стэнфордын их сургуульд суралцдаг. Түүний хошой алт, хошой мөнгөн медалийн шагнал 80 мянган доллар болжээ.
75 мянга: Райан Мурфи (Усанд сэлэлт)
Энэ жил 21 настай Мурфи гурван алтан медаль хүртсэн. Тэрбээр Калифорнигийн их сургуульд суралцдаг аж.
70 мянга: Натан Адраин (Усанд сэлэлт)
Натан энэ олимпоос хоёр алт, хоёр хүрэл медаль зүүсэн. Тэрбээр 4х100 метрийн буухиа уралдаанд Фелпсийг сүүлийнхээ алтыг хүртэхэд чухал нөлөө үзүүлсэн билээ.
55 мянга: Али Рэйсман (Гимнастик)
Гимнастикийн багийн ахлагч Рэйсман багийн төрөлд алт, хувийн хоёр төрөлд мөнгөн медаль хүртсэн. Энэ жил дөнгөж 21 настай Рэйсман Токиогийн олимпод оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.