SPS телевиз Монголд их спортын олон тэмцээн уралдааныг төлбөртэй гаргахаар болж, үүний үр дүнд манайд гардаг байсан олон улсын спорт сувагууд хаагдсан билээ. Хэдийгээр ихэнх кабелын сувагт нэвтэрсэн ч “Сансар” кабелын телевизээр гарахгүй байгааг хэрэглэгчид шүүмжилдэг. Бид энэ асуудлаар “Сансар” кабелийн телевизийн ахлах менежер Н.Сайнцогоос дараах тодруулагыг авлаа.
-SPS ТВ-ийн ажилтан саяхан өгсөн нэг ярилцлагадаа “Сансар” кабелийн телевиз чанар муутай гаргаж байгаагаас сувгаа тасалж байгаа тухай ярьсан. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Энэ бол зохиомол яриа. Манай талаас чанарын шаардлага хангахгүй, техникийн бололцоо тааруу зүйл байхгүй. Цаанаас ирсэн сигналыг нь л дамжуулж байгаа юм. Тус телевиз, агаараас сигнал хүлээн авч спортын сувгуудаа үзүүлнэ гэж хэрэглэгчдийг хуурсаар өнгөрсөн жил интернэтийн урсгалаар дамжуулж, дүрс муутай тоглолт гаргаж хэл ам болж байлаа. Энд хамгийн их хохирч буй хүмүүс бол үзэгчид. Яагаад гэвэл тэд спорт багцаа тодорхой үнээр зардаг. Манайд ч олон хэрэглэгч энэ асуудлаар нь хандаж байгааг хэлэх нь зүйтэй.
-SPS-ийн зүгээс танайхтай хамтарч ажиллахын тулд мөнгө нэхсэн гэсэн мэдээлэл бий. Энэ үнэн үү?
-Манай телевизэд сар бүр 55 сая төгрөг төл гэсэн бичиг ирсэн нь үнэн. Харин бусад кабелийн телевизүүдэд өгөөгүй. Үүнийг юу гэж ойлгох вэ. Анх манай телевизээр дэлхийд нэртэй HBO, Cartoon, ESPN гээд 10 гаруй сувгийг гаргана гэж гуйж ороод хэсэг хугацааны дараа гаргахаа больсон. Ийм л бизнесийн ёсзүйгүй телевиз. Хэрэглэгч нар сайн ойлгохгүй, гаргаж байсны хувьд муу нэрийг нь манайх л авсан даа. Больсон шалтгаан нь тэдэнд төлөх олон зуун сая төгрөгийг төлөөгүйгээс болсон юм билээ. Энэ талаар өөрсдөө ч ярьдаг юм. Тэр байгууллагууд мөнгөө хөөцөлдөөд олон улсын шүүхэд хандах гэж манайхаас тодруулга асууж л байна. Одоо гаргаж байгаа Премьер лиг, NBA-гийн тоглолтын асуудалд ч их хэмжээний мөнгөөр л яригддаг. Энэ талаар холбогдох байгууллагууд шалгавал хуудуутай зүйл олон бий
-Цаашид тус сувгийг танайх гаргах уу?
-Ижил нөхцөл шаардлага тавьбал судалж болно. Ер нь монголын хэд хэдэн телевизүүд спортын сувагтай байна. МҮОНРТ-ээр олимпийг яаж гаргав. Бид удахгүй спортын төрөлжсөн суваг болох ОХУ-ын МАТЧ, БНХАУ-ын CCTV5 сувгуудыг гаргана. Хэрэглэгчид маань өндөр үнэтэй спортын суваг үзэж байхаар үнэгүй гаргах сувгуудыг үзвэл баярлах нь лавтай.
-Баярлалаа амжилт хүсье.