Олон улсын худалдааны 90 хувь нь далайн тээврээр дамждаг гэдэг. Улс орнууд гадаад худалдаагаа өргөжүүлэн, эдийн засгаа тэлэхэд нь далайн гарц маш том давуу тал олгодог. Одоогоор НҮБ-д бүртгэлтэй далайд гарцгүй 32 орон байна. Эдгээр орон олон улсын худалдаа хийхдээ гарцтай улсаас дунджаар хоёр дахин урт зам туулж, 2-3 дахин их зардал гаргадаг гэсэн судалгаа бий.
Мөн эдгээр улсын хийж буй худалдаа олон улсын нийт бараа эргэлтийн 1-2 хувийг л эзэлж буй юм. Тиймээс далайн хаалгагүй орнууд гарц нээх боломжийг эрэлхийлсээр ирсэн байдаг. Тухайлбал, Тонго улс 1885 онд Берлиний хурлаар Анголын газар нутгийг хоёр хэсэгт хувааж байж, далайд гарцтай болжээ. Мөн дэлхийн нэгдүгээр дайны дараа Польшийг далайд гарцтай болгохын тулд Данцигийг тус улсад шилжүүлж байсан түүх бий.
Манай улсын хувьд эдийн засгаараа тэргүүлэгч, хоёр их гүрний дунд оршдог бөгөөд эдийн засаг маань хөрш орнуудын зах зээлийн нөхцөл байдлаас ихээхэн хамаарч байна. Бид хөрш орнууд руугаа түүхий эд экспортолж, бэлэн бүтээгдэхүүн импортолж буйгаас гадаад худалдаанд алхам тутамдаа алдагдал хүлээж байгаа. Тиймээс хөрш орнуудынхаа нутгаар дамжин, далайгаар тээвэр хийх, олон улсын зах зээлд гарах шаардлагатай байгаа юм. Гэхдээ үүний тулд чамгүй зардал, цаг хугацаа зарцуулах, хилийн дамжин өнгөрүүлэх хяналт шалгалт, тарифын болон тарифын бус хориг зэрэг олон саадыг даван туулах шаардлагатай болдог. Энэ нь экспортоо тэлэх, гадаад худалдаагаа өргөжүүлэхэд тээг болж буй юм.
МУИС-ийн бизнесийн сургуулийн багш, доктор Ө.Номинцэцэг энэ талаар нэгэн судалгаандаа “Монгол Улсад хамгийн ойр орших БНХАУ-ын Тяньжины далайн боомтод манай экспортын бараа, бүтээгдэхүүн чөлөөтэй хүрэх боломж хомс, саад ихтэй хэвээр байна. Иймээс экспортын зах зээлийг төрөлжүүлэх ажил удаашралтай байгаа бөгөөд үүнээс үүдэн Монголын эдийн засаг цөөн нэр төрлийн экспортын бүтээгдэхүүнээс хамааралтай хэвээр байна” хэмээжээ.
Гэхдээ манай улсад хөрш орнуудынхаа боомтыг ашиглан, дэлхийн зах зээлд хөл тавих боломж бий. Энэ чиглэлээр зарим санаачилга гарч байгаа. Тухайлбал, Тяньжин хотын Ардын засаг захиргаа манай Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамтай (хуучнаар) хамтран 2009 онд хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай санамж бичиг байгуулж байв.
Үүний дараа Засгийн газрын 2013 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн “Далайд гарах боломжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хүрээнд БНХАУ-ын Тяньжин боомтын Дунзян чөлөөт худалдааны боомт бүсийн 10 га газарт 50 жилийн хугацаатай тээвэр ложистикийн төв байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь “Тяньжин порт групп эдийн засаг, технологийн хамтын ажиллагаа” компани 51, манай тал 49 хувийг эзэмших томоохон хэмжээний төслийн эхлэл байсан юм.
Тяньжин төсөл нь нийт 117 ам метр талбайг хамран хэрэгжих бөгөөд барилга байгууламж барих талбай нь 10 га юм. Уг төслийн хүрээнд үйлдвэр, агуулах, хөргүүртэй агуулах, чингэлгийн болон уул уурхайн бүтээгдэхүүний талбай, хянан шалгах байр зэргийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
Харамсалтай нь долоон жилийн өмнө анхны шанг нь татсан энэ төсөл одоо ч цаасан дээрээ л байна. Монголын 49, Хятадын 51 хувийн эзэмшилтэй хэрэгжих уг төслийн бүтээн байгуулалтын санхүүжилтийн тодорхой хэсгийг манай улс гаргах ёстой. Гэтэл хөрөнгө мөнгөгүй гэдэг шалтгаанаар ажил болоогүй байгаа юм.
Тяньжин нь 1860 онд нээлттэй боомт болсноос хойш 150 гаруй жил үйл ажиллагаа явуулж буй бөгөөд олон жилийн хугацаанд өргөжин тэлж, нээлттэй худалдааны төв болж чаджээ. Уг боомт нь 132 ам километр газар нутгийг хамарсан үндсэн таван боомтоос бүрддэг. Тухайлбал, түүвэр ачаа бараа болон чингэлэг тээврийн үйл ажиллагаа явуулдаг Бэйзян, нурмаг бараа болон задгай шингэн биет бүтээгдэхүүн хадгалах, тээвэрлэх, дамжин өнгөрүүлэх Нанзян, чингэлэг тээврийн усан зогсоол болон сэлгэн ачих, олон улсын зорчигч тээврийн усан тээвэр хийдэг Дунзян зэрэг бүстэй аж.
Мөн Евразийн гурван коридор болох Транссибир Казахстан, Монгол, Манжууртай холбогддог БНХАУ-ын цор ганц боомт юм. Энд 2000 гаруй компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 160 гаруй усан зогсоолтойгоос 100 гаруй нь 10 мянган тн-оос их ачаатай хөлөг онгоц буулгах хүчин чадалтай аж. Эндээс жилд 500 сая гаруй тн ачааг дэлхийн өнцөг булан бүрт тээвэрлэдэг юм байна. Өөрөөр хэлбэл, тус боомт нь дэлхийн тээврийн сүлжээний хамгийн чухал нэгдсэн төвүүдийн нэг аж. Тиймээс энд тээвэр ложистикийн төвөө байгуулах нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд чухал нөлөөтэй гэж эдийн засагчид үздэг.
Тухайлбал, манай улс өнгөрсөн онд 148 оронтой худалдаа хийж, нийт бараа эргэлтийн хэмжээ 8.4 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнээс БНХАУ-ын Тяньжин боомтоор экспортын 10.5, импортын 350 мянган тн ачаа дамжин өнгөрсөн нь нийт бараа эргэлтийн 80 орчим хувийг эзэлжээ. БНХАУ-тай хамтарсан тээвэр, ложистикийн төвийн санхүүжилтийг шийдэж, ашиглалтад оруулж чадвал манай улсын экспорт, импортын бараа Тяньжин боомтоор дамжин өнгөрөх гаалийн бүрдүүлэлтийн хугацаа таваас гурав хоног болж зардал хэмнэнэ гэсэн тооцоог судлаачид хийсэн байна.
Мөн энд манай улсын тээвэр зуучийн компаниуд үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэх юм. Үүнээс гадна татварын хөнгөлөлттэй орчинд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гуравдагч оронд экспортлох боломж бий. Манай бараа бүтээгдэхүүний гол худалдан авагч нь Хятад орон. Өмнөд хөрш маань үйлдвэрлэлээс хэрэглээнд суурилсан эдийн засгийн бүтэц рүү шилжиж, импортоо хумьж буй нь манай эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Үүнээс үүдэн, зэс, нүүрс, төмрийн хүдэр зэрэг манай валютын орлого олдог гол сувгууд боогдож буй юм. Тиймээс аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ гуравдагч орны зах зээлд нийлүүлэх боломж хайж буй.
Үүнд л Тяньжиний тээвэр ложистикийн төв голлох үүрэгтэй байх юм. Уг төлөвлөгөө ажил болсноор тээвэр ложистикийн сүлжээ бий болж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах ч ач холбогдолтой. Тухайлбал, манай улс өнгөрсөн онд Япон улсаас 137 мянган кг цагаан будааг 206 мянган ам.доллароор худалдан авсан бөгөөд 20 мянган тн цагаан будааны тээврийн зардал 1700 ам.доллар байгаа аж.
Уг төв ашиглалтад орсноор зардлыг нэлээд хувиар бууруулах боломж бүрдэнэ. Судлаач Ө.Номинцэцэг “Тяньжинд Тээвэр ложистикийн төв байгуулснаар манай улсын худалдаа, тээврийг хөнгөвчлөхөд чухал ач холбогдолтой” гэв. Мөн уг төсвийн үйл ажиллагааг Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод баригдах болон Улаанбаатарын ложистик төвтэй холбож, мэдээллийн нэгдсэн системтэй болсноор нийлүүлэлт өсөж, бараа бүтээгдэхүүний үнийг хямдруулах боломж бий гэнэ. Иймд Тяньжиний чөлөөт бүсийг байгуулахад анхаарах хэрэгтэй байна.