Манай улсаас таеквондагийн төрөлд анх удаа олимпод оролцож буй П.Тэмүүжин эхний шатанд ДАШТ-ий хүрэл медальт Мексикийн Саул Гутиересийг 12:11-ээр буулган авч, Монголын олимпийн түүхэнд шинэ хуудас нээлээ. Тэмүүжин эхний хоёр үеийн дараа 7:2-оор ялагдаж байсан ч шийдвэрлэх үед тун чадварлаг тулалдаж, оноогоо бага багаар нөхөж явсаар эцсийн мөчид нэг оноогоор илүү гарч, улмаар ялалт байгууллаа.
Ийнхүү манай тамирчин шөвгийн наймд шалгарч, Лондоны олимпийн аварга, дэлхийн хошой алт, нэг мөнгөтэй Испанийн Хоэль Гонсалестай хүч сорих болжээ. Испани эр эхний шатанд Хорват өрсөлдөгчөө 4:3-аар давамгайлсан юм.