Олон улсын сонирхогчдын боксын холбоо (AIBA)-ноос сүүлийн хэдэн өдөр дуулиан болж, олны хэл амны бай болоод буй зарим тулааны бичлэгийг дахин судалсны эцэст шүүгчдийн бүрэлдэхүүнээ цомхотгох шийдвэр гаргажээ. Тэд албан бичигтээ "Олимпын наадам эхэлснээс хойш нийт 239 тулаан зохиосон. Холбоо болон шүүгчдийн зөвлөл эдгээр бүх тулааны бичлэгийг дахин үзэж, дүгнэлт хийгээд шүүгчдийн бүрэлдэхүүнээ цомхотгох шийдвэр гаргалаа. Манай холбоо бол дэлхийн 200 гаруй оронд гишүүнчлэлтэй, 1904 оноос хойш олимпын төрөлд багтаж буй том спортыг төлөөлдөг. Тиймээс алдаагаа хүлээн зөвшөөрөх хангалттай ёс суртахуунтай байгууллага" гэх утгатай зүйл бичиж, олон нийтэд хүргэсэн байна.
Хэдийгээр холбоо алдаатай шүүлт бий гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч нэгэнт шийдэгдчихсэн тоглолтыг буцаах боломжгүй хэмээн мэдэгдсэн байна.
Сонирхуулахад, ОХУ-ын боксчин Евгений Тишченко, Казахстаны боксчинтой хийсэн тулаанд казах эр гурван үед илүүрхсэн ч шүүгчид санал нэгтэйгээр орос боксчинг ялсан хэмээн үзсэн. Энэ тоглолтыг ОУОХ-ны босс Томас Бах үзэж суусан юм.
Риод зориулсан боксын шинэ дүрмийн тухай:
Риогийн олимпод боксын спортод цөөнгүй шинэ дүрэм мөрдөгдөж буй. Мэргэжлийн боксчдыг сонирхогчид руу оруулж, толгойны хамгаалалтгүй тоглох болж, онооны систем өөрчлөгдсөн. Түүнчлэн рингний шүүгчээс гадна таван шүүгч оноо өгч, тэднээс гурвынх нь оноог компьютер ашиглаж тооцох юм.
Үүнээс өмнө цохилт бүрт оноо өгөх замаар ялагчийг тодруулдаг байсан бол шинэ онооны дүрмээр тухайн үед (раундад) ялсан боксчин 10 оноо авч, ялагдсан нь үүнээс бага оноо авдаг болсон. AIBA цаашид шүүгчдийг робот шүүгчээр солих саналтай байгаа гэдгийг холбооны дэд ерөнхийлөгч ноён Том Виргетс ярьжээ.