П.ОЧИРБАТ (Монгол Улсын анхны Ерөнхийлөгч):
“Өнөөдөр” сониныг төрсөн цагаас нь хойш байнга захиалан уншиж байна. Энэ сонин Монголын анхны ардчилсан чөлөөт хэвлэл, ардчиллын дуу хоолой болж, ард түмэнд олон ургальч үзлийн тэнцвэртэй мэдээлэл өгдөг ууган төлөөлөгч.
“Өнөөдөр” сониныг үүсгэн байгуулагч нь Монголын ардчилсан сэтгүүл зүйн манлайлагч, авьяаслаг сэтгүүлч, зохиолч, соён гэгээрүүлэгч Ц.Балдорж байсан юм. Тэрбээр ардчилсан нийгэмд хэвлэл мэдээллийн хэрэгсэл дөрөвдөгч засаглал болдог гэдэг үзлийг тууштай баримтлагч, Монголын сэтгүүл зүйд энэ номлолыг хэрэгжүүлэгч, олон арван сэтгүүлчийг араасаа дагуулсан гавьяатан мөн.
Одоо үр хүүхэд, хамтран зүтгэгч, үнэнч шавь нар нь “Өнөөдөр” сониныг Ц.Балдоржийн номлолоор авч яваад би сэтгэл хангалуун байдаг. “Өнөөдөр” сонины эх, үндэс болсон “Ардын эрх” сониныг хувьчилж авахыг дэмжин, алтан шар зам нь өлзийтэй байхыг ерөөлийн үгээр мялааж байсны хувьд энэ сониныг, тэдний хамт олныг хайрлан хүндэтгэж, нийтлэл, сурвалжилгуудыг нь уншдаг юм.