Монголчуудын хамгийн том итгэл найдвар хүлээлгэдэг жүдогийн төрөлд олимпоос ганц алтан медальтай буцлаа.
Эмэгтэй 6, эрэгтэй 7 жүдоч Риогийн олимпод хүч сорьсон ч тэднээс эмэгтэйчүүдийн 57 кг-д зодоглосон Доржсүрэнгийн Сумъяа шийр зааж, олимпын дэвжээнээс Риогийн тэнгэрт төрийнхөө далбааг мандуулсан. Гэхдээ 13 хүн Бразил руу илгээсэн манай жүдочид нэгээс ч илүү олон медаль авах боломжтой ч үүнийгээ ашиглаж чадсангүй.
СОНГУУЛЬ:
Олимпын наадам эхлэхээс сар гаруйн өмнө буюу зургадугаар сарын 29-нд Монголд олон нийтийн сонгууль болсон. Энэ сонгуулиар юу болсныг бүгд мэднэ. Найдвар алддаггүй Найдангийн хүүг улс төрд сойж, бүтэн дөрвөн жилийн хөдөлмөрийг нь үрэн таран хийсэн Х.Баттулга гуайн буруу маш их бий. Өдий 32 настай хүнд бэлтгэл, амралтаа зөв зохицуулах нь хамгийн чухал зүйл байдаг. Сонгуулийн тэр ажлын хажуугаар олимпын бэлтгэлээ базаана гэдэг чамгүй их ажил. Филиппиний мэргэлжлийн боксчин Мэнни Пакъяо улсынхаа парламентийн сонгуульд дахин нэр дэвшихийн тулд их спортоо түр хугацаанд орхих шийдвэр гаргасан нь улс төр, их спортыг хослуулахад төвөгтэй гэдгийн баталгаа. “Женко” Баттулгыг Монголд жүдо бөхийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр маш их. Түүний ачаар л Бээжингээс монголчууд анхны алтаа авч, одоо жин бүрт хүчтэй өрсөлдөөн үзүүлдэг олон жүдочтой болоод буй.
Энэ бүхэнд Баянхонгорийн баян залуугийн ач тус гэдгийг хүн бүр мэднэ. Харамсалтай нь энэ удаагийн УИХ-д унах эрсдэл бийг ухаарсан холбооны Ерөнхийлөгч бүх тамирчдаа тийш нь дайчилсан. Зөвхөн Түвшинбаяр ч бус бусад бүх жүдочид их бага тодорхой хэмжээгээр ард түмний дэмжлэг авахаар энэ сонгуулийн хар хөл болсон нь үнэн. Дөрвөн жилд нэг удаа болдог олимп гэдэг бол зүгээр нэг Их Дуулга, Гранпри тэмцээн биш. Энд тамирчин бүр өндөр бэлтгэлтэй, сэтгэлзүйн хувьд бүх талаасаа бэлтгэл 100% хангагдаж байж, олимпын медаль харах найдвар төрнө.
СЭТГЭЛЗҮЙ:
Манай тамирчдын сэтгэлзүйн асуудал олон жилийн өмнөөс эхтэй. Халиуны Болдбаатар, Хишигбатын Эрдэнэт-Од, Дамдинсүрэнгийн Нямхүү зэрэг манай нэгэн үеийн шилдэг жүдочид олимпоос медаль авч чадалгүй их спортоо орхисон нь сэтгэлзүй тааруу байсных байв. Манайд Х.Цагаанбаатар шиг ДАШТ-д түрүүлнэ гэж очоод хэлсэндээ хүрдэг, маш том зорилготой, Н.Түвшинбаяр аварга шиг барилдаанаа дуустал ажиллаж, зүтгэж чаддаг жүдоч ховор.
Риогийн олимп дууссан тэр мөчөөс дараагийн олимпын тамирчдын сэтгэлзүйтэй ажиллах хэрэгтэй. Тэд маань “Би яах бол?” биш “Би ялна” гэсэн сэтгэлзүйтэй татамид гардаг болсон цагтаа л Япон, ОХУ, БНСУ-ын бөхчүүдийн зиндаанд хүрэх болов уу.
Эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Төмөрхүлэгт монголчууд олон жил найдлага тээж буй. Цагаанбаатар, Түвшинбаяр хоёроос хойш гарч ирсэн хамгийн мундаг бөх нь тэр байлаа. Удамт бөх хэмээн үнэлдэг учир түүнээс том амжилт горьддог байж мэдэх ч том тэмцээнд одгүй оролцдог нь түүний сул тал. Барилдааны төгсгөл тааруу хийх, эцсийн мөчид ялагдах нь спортод тохиолддог зүйл. Гэхдээ энэ нь нэг талаас анхаарал болгоомжгүй, өөр зүйлд сатаарсан гэдгийн тод илрэл юм. Цаашид жүдогийн төдийгүй Монголын шигшээ багийнхан мэргэжлийн сэтгэлзүйчтэй болох хэрэгтэйг Риогийн олимп бидэнд харуулав. Учир нь манай жүдочид бол дэлхийд данстай бөхчүүд. Тэднээс хэн нь ч олимпийн медальтай ирэхэд гайхах зүйлгүй юм.
ШҮҮГЧ:
Шүүлт булхайтай болсон. Хэдийгээр Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Олон улсын шүүгч М.Бөхбат Д.Сумъяагийн барилдааныг шудрага шүүсэн хэмээн мэдэгдсэн ч энэ бол өнгөц мэдээлэл. Мөн Олон улсын жүдо бөхийн холбооноос 2014 оноос хойш ханцуйны барьцтай бол хөөнө гэж дүрмэндээ заалт оруулсан гэж залруулсан ч энэ бол зүгээр л гал унтраах арга хэмжээ байлаа. Шүүгчтэй эхнээсээ л асуудалтай болсон монголчуудад Риогийн шүүгчид хатуу байлаа. Энэ нь ч манай сүүлийн найдвар болох Н.Түвшинбаярт нөлөөлсөн. Мэдээж тухайн барилдааныг шүүж буй дэвжээний шүүгч ганцаараа шийдвэр гаргахгүй ч түүнд давуу эрх бий. Хэнд хэзээ шидо буюу торгууль оноохыг татамигийн шүүгч мэднэ. Харин торгууль бол тухайн барилдааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтойг жүдо сонирхогчид сайн мэдэх биз ээ.
ЛОНДОН БА РИО:
Риогийн олимпийн жүдогийн төрөлд хоёр гурван улс бүрэн бүрэлдэхүүнээр оролцсон. Тодруулбал, эзэн орон Бразил, жүдогийн эх орон Япон, Франц улс. Тэдний араас Герман, Монголын шигшээ баг 13, БНСУ 12, Нидерланд, ОХУ-ын баг тус бүр 11 жүдочтой. Харин медаль авсан байдлаараа Японы шигшээ баг тэргүүлж (12), Франц, тав, ОХУ гурав, Бразил гурав, БНСУ гурван медаль хүртсэн бол Герман, Монголын шигшээ баг л ганц медальтай өндөрлөлөө. Манай улс Лондоны олимпод эрэгтэй дөрөв, эмэгтэй таван жүдочтой оролцоод нэг мөнгө, нэг хүрэл медальтай ирсэн. Лондонд бидний гол найдвар болох дөрвөн эрэгтэй жүдоч оролцсон бол энэ удаа бүтэн багаараа оролцоод хоосон ирлээ.
Дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад манай тамирчдын амжилт ахисан нь тодорхой. Гэхдээ олимпод үзүүлсэн амжилттай нь ярихад чамлалттай байв.