Найман жилийн тэртээ Бээжингийн олимпийн наадмаас алтан медаль хүртэж, монголчуудыг биднийг цэнгэлийн манлай олимпийн наадмын алтан медальтай ард түмэн болгосон эрхэм бол Найдангийн Түвшинбаяр билээ. Монгол түмний бахархалт хүү дөрвөн жилийн өмнө Будант Албионоос мөнгөн медаль хүртэж "аз"-аар олимпийн аварга болоогүй гэдгээ харуулж чадсан. Аварга маань Бразил улсын нийслэл Рио де Жанейрог зорьж гурав дахь олимпдоо зодоглов. Манай бөх эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд удаах даваанд ДАШТ-ий мөнгөн медальт Кубын Хосе Арментеростой учраа таарч, юүкогоор дийлдлээ. Манай аварга түүнийг жилийн өмнө дэлхийн аваргын татамид ялж байсан түүхтэй.
Аваргын ялагдлын шалтгаан юунд байсан бэ?
Өнгөрсөн хавар Н.Түвшинбаяр аварга УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, 20 гаруй хоног суртчилгааны ажлаар Баянхонгорт аймагт ажилласан билээ. Үүнээс улбаалан Түвшээ аварга олимпийн бэлтгэлээ сайн хийгээгүй гэж үзэх хүмүүс байгаа болов уу.
Түвшинбаяр аваргаар найман насаар дүү куба жүдоч аваргыг маань хэрхэн өвдөг шороодуулах талаар олон хувилбар боловсруулсан болов уу.
Хоёр бөхийн барилдааныг үзэхэд Хосе Арментерос тун өнгөтэй байгаа харагдсан. Тэр манай аваргыг бараг хөдөлгөхгүй байлаа. Түүний хийсэн даацтай мэхэнд Түвшээ аварга учир хоёр удаа тогтож үлдсэн юм.
Уншигчид маань аваргын ялагдсан шалтгааныг хэрхэн дүгнэж байна вэ?