Монголчууд бидний олонх эмийг зохисгүй хэрэглэдэг гэж мэргэжлийн хяналтын байгууллагаас дүгнэсэн. Буруу зуршлаас ангижруулах аян хүртэл зохиож байв. Өөрийн биеийг хайрлахгүй, гурван цагаан хорны нэгийг хоол шиг “зооглодог” болохоор малдаа ч яг тэгж ханддаг юм байна, бид. Гэвч мал биш эм тарианы гаж нөлөө, зовиур шаналгаагаа хүнтэй адил хэлэх биш. Мах, сүүнд нь эмийн хорт бодисын үлдэгдэл байгаа нь бидэнд бас хор болох юм.
Нэг малчны үхэр өвдөхөд, саахалт айлынх нь хүн “Манай нэг үхэр яг ингэж өвдөж байсан. Тийм нэртэй тариа хийгээд л зүгээр болсон” гэнгүүт өнөөх малчин тэр дор нь аль ойрхон малын эмийн сангаас нөгөө тариаг аваад малдаа өөрөө тарьчихдаг аж.
Гэтэл тэр тариаг малынхаа яг хаана нь, яаж, ямар тунгаар, хэдэн цагийн давтамжтай тарих зэрэг нь ондоо байдаг. Үүнийг манай малчид ойлгодоггүй гэнэ. “Саахалт айлын Дорж ингэж тариад малаа эдгээсэн. Олон жил мал дагасан би та нараар заалгахгүй” гэж суманд нь ирсэн малын эмчийг загнаад явуулсан түүх ч бий гэнэ.
Хамгийн сүүлд гаргасан судалгаагаар манай улс гурван мянга гаруй малын эмчтэй. Жилд 80-100 малын эмч бэлтгэгдэн гардаг ч, орон нутагт очиж, ажиллах хүн олддоггүй байна. Гэтэл орон нутагт л тэдний үйлчлүүлэгчдийн олонх нь бий шүү дээ. Малын эмчийн хүрэлцээ дутмаг байдаг нь малчид ийнхүү малаа дур мэдэн эмчлэх нэг шалтгаан болж байна.
Манай улс таван хошуу малынхаа тоо толгойгоор дэлхийд тэргүүлж буй. Гэвч түүнийхээ бүтээгдэхүүнийг импортолж бараг чаддаггүй. Учир нь бидний бахархаж, гайхуулдаг 50 сая малын мах, сүү, сүүн бүтээгдэхүүн нь олон улсын эрүүл ахуйн стандартад тэнцдэггүй аж. Малын мах, сүүнд антибиотикийн үлдэгдэл их байдаг учраас тэр.
Эм, тариаг буруу хэрэглэх нь малыг эмэнд дасалтай болгож, мах, сүүнд нь антибиотик ихээр үлдэх шалтгаан болж буй. Пенициллин гэдэг антибиотикийг хүмүүс өөрсдөө дур мэдэн, замбараагүй хэрэглэснээр эл эм өнөөдөр хүний эмчилгээнээс хасагдсан. Тэр эмэнд бид дасалтай болсон учраас үйлчлэхээ байсан гэсэн үг. Түүн шиг малд ч нөлөөлөхөө байсан өргөн үйлчилгээтэй эм олширч байна.
Малын биед орсон эм тодорхой хугацааны дараа гадагшлах ёстой. Тэр нь антибиотикийн төрөл, хэрэглэсэн арга зам, ямар тунгаар тарьснаас шалтгаалдаг. Энэ нь 7-30 хоногт үргэлжлэх учиртай. Мөн эм, тариаг хэрэглэх давтамж гэж бий.
Түүнийг мөрдөөгүйн улмаас малд өвчин үүсгэж буй нян, вирус нь эмэнд дасалтай болдог байна. Энэ нь малын эрүүл мэнд болон хүмүүсийн хүнсний аюулгүй байдалд уршиг тарьж эхэлж байгаа талаар мэргэжлийн байгууллагынхан хэлсэн. Өргөн үйлчилгээтэй антибиотикууд нь эмчилгээнээс хасагдаж, өөр төрлийн химийн бодис хэрэглэх шаардлагатай болж байна.
Нян, вирусээс гадна шимэгч гэж айхтар зүйл малд бий. Түүнийг эмчилдэг евомик гэж тариа байдаг гэнэ. Гэтэл түүнд ч мал тэсвэртэй болох хандлага нэмэгдэж буй аж. Өвчлөлөөс шалтгаалан уг тариаг малын булчин, арьс, махны завсарт эсвэл венийн судсаар нь тарьдаг. Гэтэл малчид ам дамжсан ярианд үнэмшин, уг тариаг дур мэдэн худалдаж аваад малынхаа хаана нь ч хамаагүй тарьдаг юм байх.
Арьс махны завсарт тарих учиртай байсныг булчинд нь тарьснаар биед нь шингэхгүй, бугладаг гэнэ. Ингэхээр эмчилгээ мэдээж үр дүнгүй болно. Арьс махных нь завсарт тариа хийх хэсгийг ч нарийн заасан байдаг аж. Хүзүүнд нь хийх бол түүнийг гурав хуваасны хоёр дахь хэсэгт хийх учиртай. Яагаад гэвэл тэр хэсэг нь хөдөлгөөн ихтэй байдаг гэнэ. Хөдөлгөөн сайтай хэсэгт тариа хийснээр малын биед хурдан шингэж, тэр чинээгээр гадагшилна гэсэн үг юм.
Арьс, махны завсарт тарих ёстой тариаг булчинд тарьснаар тэр хэсэгт нь буглаа үүсэж, түүгээр нь дамжин халдвар орох магадлал нэмэгддэг байна. Худалдаж авсан хонины махнаас нь эмийн бодис үнэртээд байгаа тухай нэгэн иргэн Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори хандаж байжээ.
Ингээд шинжилж үзэхэд тодорхой нэг антибиотик зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин их гарч байсан удаатай. Энэ бол хэт их тунгаар агуулагдаж байсан тул үнэртээд “баригдсан нь”. Үүнээс арай бага хэмжээгээр агуулж байгаа махыг бид мэдэлгүйгээр хэчнээнийг ч идсэн юм бүү мэд.
Хамгийн аймшигтай нь малын биеэс гадагшлаагүй энэ химийн бодис махаар нь дамжин хүний биед орвол яах вэ. Маш өндөр тунгаар хүний биед орсон энэ бодисыг бидний бие махбодь задалж чадахгүй. Ургийн гажиг үүсгэж, бүр генийн өөрчлөлтөд оруулдах эрсдэлтэй гэсэн. Ийм аюул тохиодоггүй юм гэхэд малын биед байсан эмийн бодис хүний биед орсноор бид ч мөн тэр эмэнд дасалтай болно.
Хүн амын төвлөрөл ихтэй бүсэд сүү нийлүүлдэг аж ахуй, фермүүдийн бүтээгдэхүүнд 2012 онд хийсэн судалгаагаар үнээний сүүнд тетрациклин 6-32 мкг/кг, стрептомицин 2.64-9.41 мкг/кг, ивермектин 9.8-97 мкг/кг хэмжээний агууламжтай байжээ. Энэ нь хэдийгээр зөвшөөрөгдөх хэмжээнээс даваагүй ч өнөөдөр ямар байгааг хэлэх боломжгүй байна.
Учир нь энэхүү судалгааг хийсэн судлаачдын дүгнэлтэд “Тандалт судалгааны дүн зөвхөн тухайн үеийн дүр зургийг илтгэдэг тул сүүний эрүүл ахуй, ариун цэврийн шинжилгээг тогтмолжуулах, эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан шинжлэх, цаг хугацаа, шинжилгээний төрлийг нарийвчлах нь зүйтэй” гэжээ.
УМЭАЦТЛ-д хийсэн шинжилгээгээр малын мах, сүүнээс антибиотик зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдол хэд хэдэн удаа гарч байсан аж. Үүнээс гадна шимэгчийн эсрэг бэлдмэл ч мах, сүүнээс гарч байжээ. Жил бүрийн наадмын үеэр малчид хотын захад хонь авчирч, зардаг. Тэр хонийг хэзээ, ямар эмчилгээ хийлгэж байсан, хаанаас ирсэн нь тодорхойгүй. Магадгүй халдварт өвчний голомтоос авч ирсэн байхыг ч үгүйсгэхгүй.
Харин худалдан авагч зарж байгаа хүний үгэнд итгэдэг. Малд өвчин үүсгэж буй нян, вирус нь чанаж болгоход устдаг бол антибиотик, эмийн үлдэгдэл тийм биш. Өөрөөр хэлбэл, химийн бодис нь хэчнээн чанаж, болгосон ч арилдаггүй эд. Бага хэмжээгээр задардаг ч хортой бодисууд нь хэвээр байдаг аж. Тэгэхээр тэр чигээрээ л бидний биед орно гэсэн үг. Халдварт өвчний үед вакцин тарьдаг.
Тэр нь өвчний вирус биед орсон тохиолдолд түүнийг устгах чадвартай болгож байна гэсэн үг. Тэгэхээр малд тарьсан химийн бодис мах, сүүгээр нь дамжин хүний биед орсон тохиолдолд бидний бие махбодь түүнийг задалж чадахгүй. Тэгэхээр бага хэмжээтэй байсан ч хордлогод оруулна.
Энэ талаар УМЭАЦТЛ-ийн нян судлагч, шинжлэгч эмч Ё.Батнасан “Нэг үхэр өвчлөөд түүнд антибиотик эмчилгээ хийлээ гэж бодъё. Антибиотик биеэс нь гадагшлаагүй байхад түүнийг нядалж, бид махыг нь чанаж иднэ. Гэтэл уг үхрийн биеийн жинд тохируулан хийсэн антибиотик тэр тунгаараа хүний биед орно гэсэн үг. Антибиотик гэдэг бол нэг төрлийн хор. Түүнийг удаан хугацаанд, их хэмжээгээр хэрэглэх нь гаж нөлөө үүсгэдэг.
Эрхтэн тогтолцоонд нөлөөлнө. Зарим нь хүнийг бөөрний дутагдалд оруулах, элэгний үйл ажиллагаанд нөлөөлж, церроз үүсгэнэ. Ер нь цуллаг эрхтэнд гаж нөлөө үзүүлдэг гэж ойлгох хэрэгтэй. Мөн хлорамфеникол гэж бодис бий. Хүнийг цусны архаг дутагдалд оруулдаг. Малын эмийн сангууд зөвхөн малын эмчид л эм, тариа олгодог байх хэрэгтэй. Тухайн бүс нутагтаа голчлон гардаг өвчний эм, тариаг аваад малчдадаа худалддаг болох хэрэгтэй болов уу.
Гэхдээ эмчилгээг зөвхөн өөрөө л хийдэг байх ёстой. Харамсалтай нь, ингэж ажиллах эмч одоогоор бараг л алга. Хүн эмнэлгийн эмч, эмийн санч нь ингэж ажиллахгүй байхад малынх нь бүр худлаа л даа. Одоо удахгүй Малын эрүүл мэндийн тухай хууль шинээр батлагдах байх. УИХ-аар эцсийн хэлэлцүүлгээр орно. Одоо бол Малын удмын сан, эрүүл мэндийн тухай хууль хэрэгжиж буй. Гэхдээ энэ хуульд малын эрүүл мэндийг хамгаалах ерөнхий заалтууд байдаг, нарийн, тодорхой зүйл бараг байхгүй” гэж ярив.
Манай улсад малын халдварт өвчний үед авах арга хэмжээг зохицуулсан эрх зүйн орчин дутмаг ажээ. Уг нь бол халдварт өвчин бүрт ийм зохицуулалт байх учиртай гэнэ. Одоо хэрэгжиж буй хуулинд өвчин гарлаа гэхэд шууд л устгана гэсэн байдаг аж. Гэвч яаж устгах нь тодорхой бус. Устгалаа гэхэд нөхөн төлбөрийг нь хэн төлөх вэ, төр даах уу. Энэ бүхэн тодорхой биш байна. Яах вэ, шүлхий гэх мэт гоц халдварт өвчний үед авах арга хэмжээг нарийн заасан ч халдварт бусад өвчин нь хаягдсан юм байна. Өөрөөр хэлбэл, гоц халдварт өвчнийг түлхүү анхаарсан ч халдварт өвчний үед яах вэ гэдэг нь тодорхойгүй. Тэгэхээр малын эрүүл мэндийн хууль нэн яаралтай хэрэгтэй байна.
Бид зах, худалдааны төвүүдээс мах, сүү худалдан авахдаа шинжилгээний бичгийг нь харсан болоод л өнгөрдөг. Бичиг дээр ядаж л энэ мах, сүү шинэ, эсэхийг тодорхойлсон байдаг. Гэхдээ “Шинэ” гэсэн энэ бичигт сэтгэл ханаж бас болохгүй нь. Тэр мах, сүүнд ямар химийн бодис байгааг илрүүлсэн шинжилгээний дүн уг нь хэрэгтэй юм. Нарийвчилсан хэмжээ байдаггүй юм аа гэхэд ядаж л “Байна” эсвэл “Байхгүй” гэдгийг нь тогтоосон байх хэрэгтэй.
Гэтэл ийм шинжилгээг зөвхөн УМЭАЦТЛ-д л хийдэг. Томоохон зах, худалдааны төвийн дэргэд үйл ажиллагаа явуулж буй лабораториудын ажилтнууд зөвхөн шинэ эсэхийг нь мэдрэхүйгээрээ тогтоодог юм байна. Өөрөөр хэлбэл, гараараа барьж, нүдээрээ хараад, үнэрлэж үзээд л “Шинэ мах” гээд худалдаанд гаргадаг юм байх. Уг нь түүнийг худалдан авагч бид ч хийчихэж дөнгөх ажил биш үү.
Нарийн шинжилгээ хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж, боловсон хүчин ч байхгүй гэнэ. Тэдгээрийг бэлтгэхэд шаардлагатай хөрөнгө нь хувийн лабораториудад байхгүй. Сүү, сүүн бүтээгдэхүүнд хийж буй шинжилгээ нь ч дутагдалтай аж. Тодруулбал, сүүнд ус, гурил зэргийг хольж уу, уураг, тослогийн хэмжээ нь хэвийн байна уу гэдгийг л шинжилдэг юм байна. Тэгэхээр эдгээр лабораторийн үйл ажиллагааг чанаржуулахад төрөөс анхаарах цаг хэдийнэ иржээ.