Хүсэн хүлээсэн дөрвөн жил, 48 сар, 1452 хоног баяр, гунигийн нулимс, аз, эз, алдар хүндийн оргилтойгоо уяан дээр ирчихээд “үүрсэж” байна. Наймдугаар сарын 21 хүртэл дэлхий нийт нэг зүгт ширтэж, нэг хэмнэлээр амьсгалж, нэгэн түүхийг хамтдаа бүтээх нь дамжиггүй. Энэ бол хүн төрөлхтний цэнгэл баярын манлай олимпын наадам билээ. Спорт гэдэг ямар хүчирхэг зэвсэг болохыг, олимпыг яагаад эв найрамдлын бэлгэ тэмдэг гэдгийг бид энэ өдрүүдэд мэдэрнэ.
Афинд 1896 онд анхны орчин үеийн олимп зохион байгуулснаас хойш олимпизмын хөдөлгөөнийг хясан боох зорилготой янз бүрийн саад бэрхшээл, элдэв сорилт бишгүй тохиолдож байв. Риогийн олимп ч улс төр, эдийн засгийн хямралаас эхлээд зика вирус хүртэл түгшүүр зарлаж сандаргасан хүндхэн нөхцөлд болж буй.
Гэхдээ л “Хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй” уриан дор нэгддэг наадамд энэ удаа 205 орны 10.500 тамирчин оролцож байгаа нь түүхэн үзүүлэлт юм. Хэдийгээр Рио-де-Жанейро олимпын нээлтийн ёслолыг Бээжингээс 20, Лондонгоос 12 дахин бага зардлаар “даруухан” хийсэн ч найруулагчийнх нь барьж авсан гол санаа тэдний нэр хүндийг олон улсын тавцанд харин ч өргөчихлөө.
Бразил бол ногоон, онгон, омголон имижтэй, бас алдарт Амазоны эх нутаг. Өөрийн энэ давуу талаа ашиглан, зөв газартаа, зөв цагтаа ногоон олимп зохион байгуулж буй тэд олимп бол зөвхөн медалийн төлөөх өрсөлдөөн биш гэдгийг харуулснаараа бас нэгэн үнэ цэнийг мэдрүүлсэн юм.
Байгаль орчноо хамгаалахын тухай, дэлхийн дулаарал хэмээх гамшгийн талаар хэчнээн үнэ цэнэтэй мессеж байгаад ч олимпын наадам л биш бол 200 гаруй орны тэрбум тэрбум хүний анхаарлын төвд аваачих хэцүү гэдгийг хашир найруулагч зөв тооцож.
Олимпын нээлтийн үеэр галт бамбарыг хэн, хэрхэн асаах бол гэдэг хүлээлт бөмбөрцөг даяар үүсдэг. Яг тэр агшинд “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд олон хүний төсөөлснөөс харьцангуй жижиг бамбар ассаны учрыг “Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бүх нийтээрээ хувь нэмрээ оруулахыг уриалж байна” хэмээн тайлбарласнаар гайхаж тээнэгэлзсэн дэлхий нийтийн анхаарлыг огт өөр зүгт хандуулж чадсан юм.
Олимпыг бие биенээсээ давж гартал зохион байгуулахын төлөө улс, хотууд хөрөнгө чинээ, түүх соёл, зэрэг зиндаагаараа тэнхээ мэдэн өрсөлддөг бол “Рио 2016” тэгж сүржигнэсэнгүй. Харин ч даруухан хэрнээ давалгаатай хийлээ.
Нээлтэд оролцсон баг болгон “Амьдралын мод”-той жагссан, анх удаа ногоон моддоор бүтээгдсэн олимпын таван цагариг зэрэг нь элдэв чимэггүйгээр утга төгөлдөр, илүү үнэ цэнэтэй болгож өглөө. Ингээд зогсохгүй нээлтийн үеэр хэдхэн цагийн дотор бүхэл бүтэн ногоон төглийн эхлэлийг тамирчдын хүчээр бий болгочихлоо. Ямар том ухаан бэ.
Ногоон хөгжил, ногоон эдийн засаг, ногоон хотын тухай, байгаль орчиндоо ээлтэй байх талаар “Өнөөдөр” сонин анхнаасаа хөндөн бичсээр ирсэн билээ. Тиймээс “Риогийн тэнгэр монголчуудад ээлтэй дээ. Манай тамирчид нэг, хоёр бус, нэжгээд медаль авчрах байгаа” гэх хүлээлтийн сацуу энэ олимпын утга агуулга, мөн чанарын тухай эргэцүүлээсэй гэсэндээ үүнийг онцлов.