Гол төлөв ид шидтэй хүн, амьтан, мангасын тухай өгүүлдэг үлгэрийг шидэт хэмээн тодотгодог. Нэг харайхдаа долоон уул давдаг, ганц л балгаад нуурын ус шавхдаг, хоосон талд хот босгодог хүмүүс ийм үлгэрийн баатар. Эрт урьд цагт эмгэн, өвгөн хоёр амьдран суухаас эхлээд амар сайхандаа жаргах хүртэлх хугацаанд сонин хачин, итгэмгүй үйл явдал өчнөөн өрнөж, холыг ойртуулж, байхгүйг бий болгосон түмэн янзын тохиолдол үлгэр дотор урсана.
Бодит байдалтай нүүр тулж, бүхнийг махан бие, оюунт тархиараа бүтээдэг, шидэт үлгэрийнхээс огт өөр ертөнцөд бид амьдарч буй, уг нь. Алтан загас гурван хүсэл биелүүлэх, арван таван толгойтой хар мангас улайран дайрах зэрэг сайн, муу шидийн аль нь ч биднээс харь, хол мэт. Ухаарал сургамж өгөх үүргээ биелүүлэхээр үлгэр зөвхөн номын хуудаснаа л оршиж буй юм шиг.
Гэтэл үлгэр дотор л бий гэж бодсон шидэт баатрууд өдгөө бидний дунд ч гараад ирчихэж. Нийгмийн сүлжээнд нутагладаг, орон зайг товчлох шидтэй, хий биетэй, хиймэл нэртэй, арслан, барс мэт зантай тэднийг комментчид гэж нэрлэдэг бөлгөө. Баатар нь байгаагийн учир шидэт үлгэр ч бас зохиогдох учиртай.
Техник технологи өндөр хөгжиж, олон нийтийн сүлжээ, вэб сайт олноор дэлгэрсэн энэ цагийн үлгэр голдуу хэрүүл, ховын шинжтэй. Хэнийг ч юу ч гэж хэлж, зүхэж болдог, ямар ч дүрд “хувиргаж” чаддаг баатрууд компьютерийн цаанаас тулалдахыг шинэ цагийн шидэт үлгэр гэнэ. Тэдний олонхын санаа арван таван толгойтой хар мангас шиг, сайнаас илүү мууг тарих “эрдэмтэй”. Ийм “шидтэн” олширсон нь ухаарал сургамж өгөх утга агуулга бүхий үлгэрийн зорилго чиглэлийг алдагдуулж, шинэ цагийн хүүхдүүдэд буруу дуурайл үзүүлж эхэлсэн гэдэгтэй хэн бүхэн санал нийлэх болов уу.
Харамсалтай нь, “шидтэнүүдийг” харъя гэвч хальс, үзье гэтэл үнс болчихдог. Эс бөгөөс арслан, барс мэт дүр нь хувирч, жижгэрдэг онцлогтой. Сайн талын баатар мангасаа дараад үлгэр төгсдөг бол өнөө цагт мангасуудыг дарах манай талын баатар алга. Шинэ цагийн шидэт үлгэр ойрын хугацаанд лав амар сайхандаа жаргахгүй нь.