“Улс, хотууд тогтвортой, ногоон хөгжилд хүрэхийн тулд бүх салбарын талуудын оролцоо маш чухал гэдгийг дэлхий нийт ойлгож эхлээд байна. Тухайлбал, эрчим хүч, барилга, ус, байгаль орчин, хөдөө аж ахуй, эдийн засаг, зам тээвэр, үйлдвэрлэл гэх мэт салбарын яамд, газар, агентлагуудыг ногоон хөгжил гэсэн нэгэн “шүхэр” дор хэрхэн зангидах ухаанаа олохгүй, төөрөх нь их байх шиг.
Салбаруудын нэгдмэл оролцоог хэрхэн бий болгох вэ” хэмээн Дэлхийн усны түншлэлийн дарга, УИХ-ын гишүүн асан С.Оюун Зүүн хойд Азийн хотын дарга нарын III форумын зочдоос асуусан юм. Түүний энэ асуултыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман “Тогтвортой хөгжлийн тухай ярьж, үүний төлөө зорьж буй дэлхий нийтийн хувьд энэ бол 100 тэрбум ам.долларын үнэтэй асуулт” хэмээн онцоллоо.
Үнэхээр ч “Хотуудын ногоон өсөлт-Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвийн хүрээнд болж буй энэхүү форумын гол агуулга, мөн чанар эл асуултад бүхлээрээ багтсан гэхэд болно. ОХУ, БНХАУ, БНСУ, БНУУ, Япон гэх мэт орны 24 хотын удирдлага “Манай хотод ийм ийм асуудал тулгамдаж байна. Бид энийгээ ингэж шийдлээ”, “Танай хотод ямар бэрхшээл тулгарч байна вэ. Ингэж шийдэхгүй бол бурууддаг юм байна шүү” хэмээн алдаа, оноогоо илэн далангүй хэлэлцэж, туршлагаа хуваалцаж буйгаараа энэ арга хэмжээ нэн ач холбогдолтой юм. Энэ форумыг Улаанбаатар хот санаачилсан юм шүү дээ гээд бодохоор сэтгэл нэг л өег.
Биата Транкман хатагтай 100 тэрбум ам.доллароор үнэлэгдэх дээрх асуултад “Тогтвортой, ногоон хөгжилд хүрэх зорилтуудаа биелүүлэхийн тулд улс орон бүр салбар болгонд гарч буй шинэлэг санаачилга, шилдэг технологи, инновацын дэвшилт шийдлүүдийг шинэ ургацаа хурааж байгаа юм шиг түүж цуглуулах хэрэгтэй. Тэгээд тогтвортой хөгжлийн нэгдмэл бодлого, төлөвлөгөө, зорилго, зорилтын дор түүнийгээ хэрэгжүүлэх учиртай юм.
Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан болов уу гэж найдаж байна. Өнгөрсөн туршлагуудаас харж байхад өөрийн орны хөгжлийн төлөвлөгөөг НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилттой уялдуулан гаргаж, хэрэгжүүлсэн улсууд илүүтэй хөгжсөн байдаг” хэмээн хариулна лээ.
Түүний хэлсэнчлэн шинэ ургацын жимс, ногоогоо хурааж байгаа юм шиг шилдэг технологи, инновацын ололтуудыг цуглуулж, дэмжих ажлыг Бээжин хот 2011 оноос эрчимтэй эхлүүлжээ.
БЭЭЖИН 1370 АЖ АХУЙН НЭГЖЭЭ БАЙГАЛЬД ХАЛТАЙ ГЭСЭН ШАЛТГААНААР ХААЖЭЭ
Тус хотын Хөгжил, шинэчлэлийн хорооны ерөнхий захирал Лү Янийн хэлснээр өнгөрсөн дөрвөн жилийн дотор Бээжин нүүрсний гурван том цахилгаан станцаа хааж, хуучин арга барил, хоцрогдсон технологитой, байгаль орчин бохирдуулдаг 1370 гаруй аж ахуйн нэгжийн үүдийг барьснаас гадна нүүрсхүчлийн давхар исэл ихээр ялгаруулдаг хоёр сая тээврийн хэрэгслийн “хөлийг хорьсон” аж.
Зөвхөн энэ оны эхний хагаст гэхэд л нэмээд нэг цахилгаан станцаа хааж, 170 гаруй аж ахуйн нэгжийн “амыг барьжээ”. “Хайр найргүй” энэ шийдвэрийнхээ ачаар Бээжин хот 14 сая тонн хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлж чадсан гэнэ. Форумд оролцож буй манайхны хэд хэдэн төлөөлөл үүнийг сонсоод “Тийм олон аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоочихоор ихээхэн эсэргүүцэлтэй тулгарахгүй юү. Үүнийг яаж зохицуулсан бэ” хэмээн зөв цагтаа зөв асуулт тавилаа.
Хариуд нь Лү Янь захирал “Аж үйлдвэрийн паркууд Бээжинд 50 гаруй жилийн турш хөгжиж ирсэн, нурааж өөрчлөхөд тун ярвигтай “хана хэрэм” байсан. 1370 гаруй аж ахуйн нэгжийг хааж, 50 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг шууд жагсаалтаас гаргахад ажилчдын эсэргүүцлээс эхлээд татварын асуудал гэх зэргээр олон саад бэрхшээл тулгарсан.
Гэхдээ л бид ирээдүй хойч, байгаль дэлхийнхээ төлөө шийдэмгий, зоригтой байх хэрэгтэй. Харин ногоон технологи, инновацын ололтууд, эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмжийг бол манай хот маш дэмждэг. Бас сайн ч сурталчилж, таниулдаг” гэв.
Агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлдэг Бээжин хот 2020 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 2015 оныхоос 17 хувиар бууруулах зорилт өмнөө тавьжээ. Том амбийц байгаа биз. Гэвч тэд зорилгодоо хүрнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй, нүүр бардам, толгой дээгүүр байгаа нь учиртай аж.
Өнгөрсөн долоо хоногт “Форбес” сэтгүүл дэлхийн шилдэг 500 аж ахуйн нэгжийг нэрлэхэд тэнд Бээжингийн 58 компани багтсаныг дуулган, “Энэ бол бидний тогтвортой, оновчтой, шийдвэртэй бодлогын үр дүн” хэмээн хурлын индэр дээрээс олон улсад “гайхуулж” байна. Чадаж байгаа юманд арга алга.
УЛААНБААТАРТ УНАЦ НЬ ЮУ БАЙХ ВЭ
Өнөөдөр дэлхий нийт шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулахдаа хэдий их орлоготой байсан, хэр зэрэг татвар төлсөн гэдгээр бус, үйл ажиллагаа нь байгаль орчинд ээлтэй байна уу, технологи нь ногоон, эсэхийг гол үзүүлэлтээ болгодог. Тэгэхээр Бээжин ногоон хөгжилд даруй хүрэх боломж байх шиг.
Хүчирхэг төр, засаг бол шийдвэр гаргадаг, түүнийгээ хамгаалдаг, буруу бол айж бэмбэгнэлгүй алдаагаа хүлээн зөвшөөрөөд, засаж чаддаг, хууль журмаа ясчлан биелүүлдэг баг бүрэлдэхүүн байдаг гэдэг нь яах аргагүй үнэн бололтой. Манай төр, засагт ийм зангараг дутагддаг учраас өнөөдөр гаргасан бодлого маргааш мартагдаж, нөгөөдөр үгүйсгэгддэг гэхэд болно.
ОХУ-ын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын институтын ерөнхий экологич Фадеев Олег Николаевич “Хотын мастер төлөвлөгөө гаргана гэдэг сансрын хөлөг жолоодохоос түвэгтэй ажил. Хаана нь ногоон бүс байх вэ, аль хэсэгт нь дархан цаазат, тусгай хамгаалалттай газар нутгаа хэвээр үлдээх вэ, хотоо хааш нь тэлж хөгжүүлэх гэх мэтийг нарийн тооцох учиртай. Улаанбаатар хот өдгөө дөрөв дэх ерөнхий төлөвлөгөөнийхөө дагуу хөгжиж байна.
Өмнөх төлөвлөгөөнүүдийг харахад хүн амын өсөлт нь тооцоолсноосоо үргэлж хэтэрдэг байсан. Одоогийн төлөвлөгөөгөөр бол 2030 он гэхэд Улаанбаатарт 1.7 сая хүн амьдрах юм билээ. Тиймээс хотын ерөнхий төлөвлөгөөнд шинэ концепц, инновац, технологийн шийдлүүдийг тусгахын тулд хөгжлийн орон зайн төлөвлөлт маш чухал.
Үүний тулд эхлээд улсынхаа хөгжлийн орон зайн төлөвлөгөөтэй уялдуулах хэрэгтэй” хэмээн захисныг нэг чихээрээ оруулаад, нөгөөхөөр нь гаргамааргүй байна. Бусад хотын дарга нарын ярьж буй төлөвлөгөө, тавьсан зорилтуудтай харьцуулахад манай Улаанбаатарынх бүх зүйл нь дэндүү ерөнхий, нэг үгээр бол тунхгийн шинжтэй байсныг нуух юун.
Гэвч манай хот түүхэндээ анх удаа ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөтэй болж, дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж буй нь сайн хэрэг. Ямар ч байсан ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогчийн орон тоог хэвээр үлдээсэн болохоор нь энэ чиглэлээр өмнөх Засаг даргын эхлүүлсэн цөөнгүй ажлыг өнөөгийн нийслэлийн удирдлагууд үргэлжлүүлнэ гэж найдаж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Дэлхий нийтээрээ ногоон хөгжилд зорьж байгаа энэ цаг үед Улаанбаатарт ийм форум зохиох болсон нь том үйл явдал. Энэ жилийн сэдэв нь эрчим хүчний ногоон шийдлүүд дээр төвлөрч байна. Зүүн хойд Азийн орнууд сэрүүн бүсэд оршдог. Тиймээс эрчим хүчний эх үүсвэрээ хэрхэн ногоон болгох вэ, нүүрсхүчлийн хийн ялгарлыг хэрхэн бууруулах вэ гэдгийг талууд голчлон ярьж байна.
Улаанбаатар хотын хувьд юуны түрүүнд шийдэх хоёр асуудал байгаа нь мөн л агаар, хөрсний бохирдол юм. Тиймээс энэ чиглэлээр бидний эхлээд хийх ажил бол түүхий нүүрс түлдэггүй бүсээ сэргээж, тогтоох. Мөн өнгөрсөн дөрвөн жилд орхигдоод байсан “Цэвэр агаар” сангийн ажлыг үргэлжлүүлнэ” гэв. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, өвлийн цахилгаан дулааны үнийг шөнөдөө буулгах тухай “бөөрөнхий” зүйлийг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол мөн ярьж байна. Нөгөө л ярьдаг сэдэв. Гэвч яалтай билээ.
Одоохондоо бидэнд хүрэн Улаанбаатараас шууд ногоон Улаанбаатар болтлоо суга өсөх боломж нөхцөл алга. Харин санаачилгатай байгаад, нүдээ сайн нээгээд харвал гадаадын томоохон хөрөнгө оруулагчид, өндөр хөгжилтэй орны Засгийн газрууд, хувийн хэвшлийнхэн гээд ногоон төсөл, хөтөлбөрүүдийн ач тус, үр шимийг ойлгодог болсон учраас гар татахгүй гэдгийг хурлын үеэр олон хүн хэлж байсан юм.
Нэг үеэ бодоход, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжүүд харьцангуй хямдарсан тул бусад эх үүсвэрийнхтэй өрсөлдөхүйц болсон нь давуу тал гэдгийг С.Оюун илтгэлдээ онцолсон билээ. Форумд Монголоос олон салбарын төлөөлөл оролцож байгаа харагдсан. Эндээс дуулсан юмаа амьдралд ямар нэг байдлаар хэрэгжүүлэхийн төлөө дор бүртээ хичээгээд, хамгийн гол нь нэгдэж чадвал ч өгөөжтэй зүйл их байна лээ дээ.
Сэтгүүлчийн хувиар өнгөрсөн жил энэ форумыг сурвалжлаад танхимаас гарахдаа “Яг одооноос ногоон хотын эрэлд гарах хэрэгтэй юм байна” гэсэн бодол тээснээ өдгөө хэрэгжүүлж буй.