Валютын зах зээлд хомсдол нүүрлэж, ам.долларын ханш огцом “хөөрлөө”. Сүүлийн нэг сарын хугацаанд төгрөгийн ам.доллартой харьцах ханш 90 төгрөгөөр буюу тав орчим хувиар сулраад байна. Төгрөгийн ханш хурдтай суларч буй нь эдийн засагт аюулын харанга дэлдэж эхэлсний дохио юм.
“Ногоон”-ы ханш өсөх эхлэл нь “Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувийг монголчууд худалдаж авснаас улбаатай. Энэхүү наймааны төлбөрт Худалдаа хөгжлийн банк нэг дор 400 сая ам.доллар шилжүүлсэн.
Тавдугаар сард манай улсын гадаад төлбөрийн тэнцэл 300 сая ам.долларын ашигтай гарчээ. Дотоодын захаас 400 сая ам.доллар гадагшилсны дараа 100 гаруй сая ам.долларын алдагдал хүлээв.
Дэлхийн зах зээлд эрдэс түүхий эдийн үнэ унаж, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсны улмаас 2013 оноос хойш Монголд ам.долларын хомсдол нүүрлэсэн. Олон улсын зах зээлд бонд гаргаж, ам.доллар оруулж ирсэн ч ханш нь алгуур өссөөр 2000 төгрөгт тулсныг бид мэднэ.
Жижиг зах зээлтэй манай улс 1.2 тэрбум ам.долларын валютын нөөцтэй үлдээд байгаа. Нөөц багатай, жижиг зах зээлээс ийм хэмжээний ам.доллар гараад явчихсан нь даарин дээр давс нэмэв.
Ам.долларын орох урсгал сайжирсан тохиолдолд л ханш тогтворжино. Хомсдолоос гарахын тулд бидэнд нэг тэрбум ам.доллар хэрэгтэй байж магадгүй. Дор хаяж, 500 сая ам.долларыг зах зээлд нийлүүлж байж, “ногоон”-ы ханшийг уруудуулна.
Гэтэл 1.2-хон тэрбум ам.долларын нөөцтэй сууж байдаг. Үүнээс 200 саяыг нь л зах зээлд нийлүүлэх боломжтой. Энэ бол урт хугацаанд ханшийг тогтвортой байлгах нөөц биш нь тодорхой. Иймээс ам.долларын Монгол руу орох урсгал сайжиртал ханш өсөх нь гэсэн хүлээлт үүсээд байна.
Энэ хүлээлт их өндөр аж. Ам.долларын ханш 2500 төгрөгт хүрнэ гэж иргэд төсөөлж байна. Ялангуяа бизнесмэнүүд энэ төсөөллийг баримжаалан ажлаа төлөвлөх болов. Цаг үеийн нөхцөл байдлаас ажиглахад тун удахгүй 2500 төгрөгт хүрчих шинжтэй.
Монголбанк өчигдөр валютын дуудлага худалдаа болон своп, форвард хэлцлээр 55 сая ам.доллар, 62.7 сая юань зах зээлд нийлүүлсэн. Уг нь Монголбанк интервенц хийсэн өдөр “ногоон”-ы ханш бага зэрэг сулардаг байсан. Гэтэл өчигдрийн интервенц ам.долларын ханшийн өсөлтийг зогсоож дийлсэнгүй.
“Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүд өчигдөр өглөө ам.долларыг 2110 төгрөгөөр худалдаж байсан. Тэд ханшийг оройдоо таван төгрөгөөр нэмж, 2115-д хүргэсэн байлаа. Үүнээс илүү далайцтай интервенц хийж, ам.долларын ханшийг тогтворжуулах шаардлагатай аж.
Түүхий эдийн үнэ өсөж, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэн, ам.долларын орох урсгал сайжиртал зай ч бий, лай ч бий. Хомсдолоос хамгийн хурдан гарах арга нь зээл авах юм. Зээл авахад ч багагүй хугацаа хэрэгтэй. Энэ зуурт Хятадын Ардын банктай хийсэн юанийн своп хэлцэл аминд орох болно.