-Түлэгдсэний улмаас 15 хүүхэд хорвоог орхижээ-
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасгаар ороод гарахад л тэндхийн нүд хальтирам дүр зураг сэтгэлээс гарахгүй хэд хонодог юм. Нүднээс нь бусдыг цагаан самбайгаар ороосон бяцхан хүүхдүүд, улаан эрээн болтлоо түлэгдсэн хүмүүсийн уйлах, ёолох дуу нэг хэсэгтээ чихэнд сонстох шиг болдог. Ганц хуруугаа түлэхэд л яаж өвдөж, зовдог билээ. Гэтэл тогоотой халуун хоол, цай, усанд унаж гар, хөл, нүүр ам, цээж, бөгсөн биеэ бүхэлд нь шалзалсан багачууд ямар их тарчилж буй нь ойлгомжтой.
Тус эмнэлгийн Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасагт уржигдар очиход “Халуун тогооны хүүхдүүд” гэж нэрлэгддэг багачууд цөөнгүй байв. Энэ оны эхний хагас жилд ГССҮТ-д 125 хүн нас барснаас 19 нь түлэгдсэний улмаас хорвоог орхижээ. Тэдний 15 нь 0-4 насны хүүхэд байжээ.
Өвлийн улиралд л хүмүүс түлэгдэж, гэмтэх нь олширдог байх гэсэн миний таамаг ташаа аж. Сургууль, цэцэрлэг амраад хүүхдүүд хараа, хяналтгүй болох үеэс буюу зургадугаар сараас эхлэн бага насныхан түлэгдэж, гэмтэх нь ихэсдэг юм байна. Зөвхөн хүүхэд гэлгүй зам засвар, барилга байгууламж, аялал зугаалга гээд олон бужигнах үеэр томчууд ахуйн шингэрүүлсэн хий (гааз)-нд түлэгдэх нь ихэсдэг гэнэ. Гэхдээ энэ байдал нь бага насны хүүхдүүд түлэгдэхээс хэд дахин бага аж. Тодруулбал, түлэгдэж, гэмтэгсдийн 71 хувь нь 0-15 насных бөгөөд түүний 84 хувь нь 0-4 насны хүүхэд байгаа юм.
Тэгвэл яагаад эцэг, эхийнхээ алган дээр бөмбөрч байх балчир үедээ тэд түлэгдэн, гэмтэж буйг анзаарахад, 0-4 настай хүүхдийн олонх нь халуун хоол, цай, ус, ахуйн зориулалтын халаах хэрэгслээс болжээ. Хятад улсад үйлдвэрлэсэн халуун тогоотой хоол, цай, ус, тос, сүүг татаж унагаан, дотор нь унаж түлэгдэх явдал цөөрөхгүй, харин ч газар авч буйг түлэнхийн тасгийн эмч болон, цагдаагийнхан хэллээ. Тэгвэл одоо яах ёстой вэ. Хүүхэд түлэгдэхэд хамгийн ихээр нөлөөлж буй халуун тогоог хэрэглэсээр, балчир үрсээ шалзалж, аминд нь хүрсэн асран хамгаалагч нарт ямар нэгэн хариуцлага тооцохгүй, өнгөрөөсөөр байх уу.
Уг нь төрүүлсэн болон үрчилж авсан хүүхдээ асран хамгаалах, хараа хяналттай байлгах үүргээ биелүүлээгүйгээс хүүхдийн амь эрсэдсэн эсвэл бие махбод нь хүнд гэмтсэн бол эцэг, эхчүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн заалт бий. Гэвч хүүхэд нь хүнд гэмтсэн, нас барсан үед эцэг, эхийг хорих нь ар гэрийнхнийг улам ч үймүүлж орхино гэсэн үүднээс төдийлөн арга хэмжээ авдаггүй аж.
“Нарантуул”, “Бөмбөгөр” зэрэг худалдааны төвд ярайтал өрөөстэй байдаг халуун тогоо нэг хэсэг айл бүрт “зочилсон” гэхэд хилсдэхгүй. Харин сүүлийн үед орон сууцны айлууд уг тогоог хэрэглээнээс гаргасан бол, гэр хорооллынхон болон малчид олноор хэрэглэж байгаа. Энэ хэрээр гэр хороолол болон малчдын хүүхдүүд халуун тогоонд хайрагдан амиа алдсаар буйг статистик мэдээллээс харж болно. Өнгөрсөн сарын 26- нд гэхэд Завхан аймгийн Тэлмэн суманд гурван настай хүү халуун тогоотой бу цалсан сүүнд түлэгдсэний улмаас амиа алдсан бол Орхон аймгийн Баян-Өндөр суманд хоёр настай хүү мөн л халуун тогоотой хоолонд унаж түлэгдсэн байдаг.
Энэ мэт халуун тогооны балгаар амиа алдсан хүүхдийн тухай тоочоод байвал ганц хоёроор тогтохгүй. Хэрэв халуун тогоо хэрэглээгүй бол, түүнийгээ хүүхдийн гар хүрэхээргүй газар байрлуулсан бол, цахилгаан зуух ашигласан бол гэсэн харуулсал л үлдэхээс өмнө хамгаалах аргыг бодох хэрэгтэй.
Халуун тогоотой хоол, цайнд хүүхдээ түлж, гэмтээсэн эцэг, эхийн олонх нь “Цахилгааны төлбөр бага гардаг, хоол, цай түргэн буцалдаг, үнэ хямд учраас халуун тогоо хэрэглэдэг. Залгуур нь богинхон болохоор гэрийнхээ шалан дээр тавьчихсан байсан юм” гэх утгагүй тайлбар хэлдэг. Үүнийг буруутгах аргагүй ч хайртай үр хүүхдээ харамсалтайгаар алдсан хойно л ухаарах ёстой юм гэж үү. Халуун тогоо хүүхдэд халгаатай буйг түлэгдэж, гэмтсэн олон хүүхдийн нулимс, амь гэрчилнэ. Тэгвэл халуун тогоог хилээр оруулж ирж, худалдаалахыг зогсоож, хэрэглээнээс халбал ямар вэ.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Б.БАТ-ЭРДЭНЭ: Өдөрт 5-6 хүнд арьс нөхөх мэс засал хийж байна
ГССҮТ-ийн Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасгийн эмч Т.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Танай тасагт ачаалал хэр байна. Хэчнээн хүн хэвтэн эмчлүүлж байгаа вэ?
-Өдөрт 5-10 хүн шинээр ирж, ийм тооны хүн эдгэрээд гардаг. Өнөөдрийн байдлаар (наймдугаар сарын 2) 65 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 25-30 нь 1-3 насны хүүхэд. Сургууль, цэцэрлэг амарсантай холбоотойгоор бага насны хүүхдүүд түлэгдэх нь нэмэгддэг. Эцэг, эх нь ажилдаа явж, тав, зургаан настай ах, эгч нь дүүгээ хараад гэртээ үлддэг. Ийм тохиолдолд бага насны хүүхдүүд түлэгдэж, гэмтэх эрсдэл өндөр болдог.
Мөн зам, барилгын ажил эхэлсэнтэй холбоотойгоор ажлын байрандаа түлэгдэж, бэртэх нь ихэсдэг юм. Сүүлийн үед ахуйн болон албан байгууллагынхан нэг удаагийн ахуйн шингэрүүлсэн хийг их хэрэглэх болсон. 30-аас дээш хэмтэй газар удаан байлгасан гаазыг ашигласнаас тэр нь дэлбэрч, түлэгдэж байна. Эцэг, эхийн хараа хяналтад байх ёстой балчир хүүхдүүд халуун тогоотой цай, хоол, усанд унаж буй нь харамсалтай.
-Түлэгдсэн үед хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
-Түлэгдсэн хэсгийг хүйтэн усаар 3-5 минут шавшин, цэвэр даавуугаар бооно. Их хэмжээтэй түлэгдсэн бол эмнэлэгт очих шаардлагатай. Яаралтай түргэн тусламжийн төвд хандаж болно. Өвчин намдаах эм хэрэглэвэл сайн. Түүнээс элсэн чихэр, саван, төрөл бүрийн тос хэрэглэх нь шарх бохирдох, хүндрэл үүсэхэд хүргэдэг. Түлэнхийн зориулалттай хэдий ч хадгалах горим алдагдсан тос хэрэглэж болохгүй.
-Хүүхдээ түлж, гэмтээхгүйн тулд юунд анхаарах хэрэгтэй бол?
-Хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг гэр орондоо бүрдүүлэх нь чухал. Халуун тогоо, ус буцалгагч, халуун савтай цай зэрэг хүүхэд түлэгдэх эд зүйлийг гар хүрэхээргүй газар тавих хэрэгтэй. Бага насны хүүхэд аливаа юмыг татаж, хүрч, самардах төрөлхийн зуршилтай. Харахын зуургүй л түлэгдэж, гэмтэх гээд байдаг учраас гал тогооны өрөөг тусад нь байрлуулах, хүүхдийг уламжлалт аргаар уях, манеж хэрэглэх нь аюулгүй. Ялангуяа 0-3 насны хүүхдийг манежинд байлгах нь гэмтэж, бэртэхээс хамгаалдаг.
-Ор болон эм, тарианы хүрэлцээ хэр байгаа вэ?
-Манай тасаг 80 ортой. Ихэвчлэн орныхоо тооноос илүү хүнтэй байдаг. Түлэгдсэний дараах сорвийг эмчлэх шаардлагатай ч орны хүрэлцээ муугаас чадахгүй байна. Улсын хэмжээнд түлэгдсэн бүх л хүнд үйлчилдэг учраас байнга л ачаалалтай ажиллан, өдөрт 5-6 хүнд арьс нөхөх мэс засал хийж байна. Эмчилгээний тос, эм тариаг улсаас гаргаж буй ч зарим шаардлагатай зүйлийг хүмүүс хувиараа авчирдаг.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд нэг хүн дунджаар 200-300 мянган төгрөг зарцуулдаг. Тиймээс хүүхдийнхээ эрүүл мэнд, амь нас, эдийн засгаа бодсон ч манеж (хүүхдийн хашлагатай ор) хэрэглүүлэх, эсвэл аюулгүй байдлаар уях нь хамгийн чухал болоод байна.
-Түлэгдсэн хүүхдүүд шархаа даалгүй нас барах нь цөөнгүй. Биеийн хэдэн хувь түлэгдсэн тохиолдолд аминд халтай гэж үздэг вэ?
-Биеийн 60 хувь түлэгдсэн тохиолдолд амьд үлдэх магадлал багатай. Гэтэл манай эмнэлэгт үүнээс дээш хувь түлэгдсэн хүмүүс олон ирдэг. Толгойноос бусад (толгойг есөн хувь гэж үздэг) бүх хэсэг нь түлэгдсэн хүн ч цөөнгүй. Халуун тогооноос гадна бүх төрлийн цахилгаан хэрэглийг буруу хэрэглэснээс хүүхэд түлэгдэх шалтгаан болж байна. Гэмтэлтэй залгуур, унтраагуур, индүү, үсний хайч зэрэг зүйлсийг хүүхдээс хол байлга.