Мөнгөтэй хүнд бүх юм байдаг гэдэгчлэн үйлдвэрлэл, эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд толгой цохиж буй БНСУ-ын нийслэл Сөүл хотод бүх юм бий. Хүний оюун ухаан, гар, сэтгэл, хөдөлмөрөөр бүтээж болох бүхнийг бий болгосон тэднийг улаанбаатарчуудтай харьцуулах юм биш гэдгийг манайхан андахгүй. Харин дэлхий нийтийн чиг хандлага тэр чигээрээ тогтвортой ирээдүй буюу ногоон хөгжил рүү зорьж байгаа өнөө цагт сөүлчүүдтэй эн зэрэгцэхүйц боломж бидний өмнө нээгдсэнийг (угтаа монголчуудад заяагдсан өгөгдөл юм) сая Солонгост сурвалжилгаар очихдоо илүүтэй мэдрэв. Ногоон хотын эрэлд гарч, хилийн дээс алхсан бидний аялал богц дүүрэн олзтой ирэх гол шалтгаан энэ байсан гэхэд болно.
“Багадаа борооны ус тосож аваад үсээ угаавал намирсан, урт гэзэгтэй болгодог” гэх эмээгийнхээ үгэнд итгэж, хэрэгжүүлээд буруудаагүй юм даг. Ийм сайхан хөх тэнгэрийн оронд амьдарч буйдаа талархах сэтгэл тэр үед өөрийн эрхгүй төрсөн билээ. Тэнд бол борооны ус нь олон төрлийн “найрлагатай” учраас дуслыг ч болов үсэндээ хүргэхээс эр, эмгүй цэрвэдэг аж. Байхгүй юмгүй үйлдвэрлэгч оронд манай Монголын жирийн нэг “Халгай” шампунь “од” болдог нь учиртай юм билээ.
Үс унах эмгэг тэндхийн эр, эм, хөгшин, залуу гэлтгүй бүх хүний эмзэг асуудал болдог учраас монголчуудаас “Халгай” брэндийн бүтээгдэхүүн бэлгэнд авбал их баярладаг гэсэн. Мөн Сөүлд хоногийн 24 цагийн 3-4-т нь л нарны эрчим хүч ашиглах боломжтой байдаг бол Улаанбаатарт тийм биш. Монголд хоногт дор хаяж найман цагт нь нарны эрчим хүч ашиглан, цахилгаан гаргаж авах бүрэн боломжтой гээд бодохоор энэ бол гарцаагүй бурхны хишиг гэлтэй. Гагцхүү энэ давуу талаа яаж ашиглахаас улаанбаатарчууд ногоон хөгжилд хэр хурдан хүрэх нь шалтгаална.
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”- ИЙН ҮНЭ ЦЭНЭ
Солонгос савангийн дуурийн нөлөөгөөр Хан мөрөн гэдэг нэрийг дуулаагүй хөдөөний малчин ч одоо ховор болсон байх. Амьдралаас залхсан олон хүний амиа өргөдөг тэрхүү зовлонт мөрөн Сөүл хотын хэдэн сая хүнийг ундлах цэвэр усны эх үүсвэр болдгийг мэдэх нь харин хэр олон бол. Тийм ээ, тэнд крантны усыг унданд хэрэглэх тухай санахын ч хэрэггүй гэнэм. “Ам чинь хэчнээн цангасан байлаа ч Улаанбаатарт байдаг шигээ санаад “крант кола” ууж болохгүй шүү” хэмээн танил маань дахин дахин сануулсан тул гэнэдэж, гэдэс дотроо аягүйтүүлсэнгүй.
Хан мөрний усыг хуримтлуулан цэвэршүүлж, ундны зориулалттай болгодог зургаан том үйлдвэр тус хотод байдаг аж. Ёндонпу дүүрэгт байрлах “Арису” үйлдвэр л гэхэд өдөрт 440.000 тонн ус цэвэршүүлж, Сөүл хотын баруун хэсгийн зургаан дүүргийн 650.000 гаруй өрхийг цэвэр усаар хангадаг юм билээ. Хэдийгээр тэд 600.000 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай ч алдагдал багатай ажиллахын тулд үргүй зардал болох илүүдэл усаа тооцоод, хэмнэсэн нь энэ гэдгийг Ку Дог Хён мэргэжилтэн хэлэв.
Хан мөрний усыг эхэлж хуримтлуулаад, дараа нь цэвэршүүлэх үүрэгтэй хоёр том байгууламж хоногийн 24 цагийн турш ажилладгийн хүчинд 1.750.000 хүн ундны усаар гачигдах зовлонгүй аж төрдөг байна. Оффисынх нь үүдээр ортол цэлэлзсэн их усан дээр хөлөө тавьчихав уу гэлтэй, хөх цэнхэр шал “туналзан” угтах нь эхэндээ толгой эргэмээр эвгүй байсан ч аажимдаа дасаад ирэхээр харин ч таатай сэтгэгдэл төрүүлэх аж. Энд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд олноор ирж, усны үнэ цэнэ, ач холбогдлыг таниулах аялалд нь оролцдог гэнэ лээ.
Хан мөрний усыг цэвэршүүлэх энэхүү үйлдвэр нь Сөүл хотын захиргааны харьяанд байдаг тул олон улсын хурал зөвлөгөөн, томоохон арга хэмжээний үеэр зочдын ширээн дээр ихэвчлэн “Арису” гэсэн шошготой ус залардаг гэсэн. Эрэг дээр нь зогсоод харахад бол ногоон саарлаар тунаран дүнсийх мөрний усыг хүн байтугай нохой ч ойртож шиншлэхээргүй мэт. Гэвч ундны эх үүсвэр болгохоор ус хуримтлуулдаг хэсгээ хашаалж, аливаа хог бохирдлоос хамгаалахын зэрэгцээ орчин үеийн шилдэг технологийн дагуу дөрвөн шат дамжлагаар сайтар цэвэршүүлсний дараа бол тэндээс гаргаж авсан гэхээргүй болтлоо “төрөл арилждаг” юм билээ.
Цэвэр усны нөөц хомс болоод ч тэр үү, энд дусал усыг ч мөнгө гэж хардаг юм шиг санагдсан. Солонгост 500 мл-ийн савлагаатай цэвэр ус 700-1500 воны үнэтэй байх аж. Энэ нь хагас литр ундаатай ойролцоо үнэтэй гэсэн үг. Харин Улаанбаатарт 18.5 литрийн савлагаатай цэвэр ус 3500-5500 төгрөгөөр зарагддаг. Тэгэхээр Сөүлд хоёр литр цэвэршүүлсэн ус авах мөнгөөр бид 20 литр ус худалдаж авдаг гэсэн үг.
“Монголд хамгийн хямдхан зүйл ус л байна” гэж ШУТИС-ийн профессор Д.Басандорж халагласны учир энэ биз. Монголчууд эрт дээр үеэс усыг чандмань эрдэнэ хэмээж ирсэн боловч үнэндээ тэр хэмжээнд үнэ цэнийг нь ухаарч, ариглан гамнадаг уу гэвэл эргэлзээтэй. Хүүхэд, залуучууд бол чандмань эрдэнэ гэж юу байдгийг ч мэдэхгүй байлгүй. Тэгэхээр “Чандмань эрдэнэ болсон усаа хайрла” энэ тэр гэж хүний толгой эргүүлэхийн оронд “Ус бол мөнгө юм” гэдгийг энгийнээр ойлгуулах хэрэгтэй мэт.
“Арису” үйлдвэрийн мэргэжилтнээс “Хан мөрнөөс өдөрт хэдэн зуу мянган тонноор нь аваад байхаар ус нь татрахгүй юү” гэхэд “Үүнд санаа зоволтгүй” хэмээсэн. Кёнги мужийн Сонам хотод байрлах гүний ус цэвэршүүлэх төвийн үйл ажиллагаатай танилцах үеэр түүний хэлсэн үгний учрыг гүйцэд тайлав. Саарал усыг дахин цэвэршүүлдэг дөрвөн үйлдвэр Сөүлийн орчимд байдгийн нэг нь эднийх. Тэд цэвэршүүлсэн усаа Хан мөрөн рүү буцааж хийдэг юм билээ.
Сонам дахь энэ төв гэхэд л өдөрт 1.6 сая тонн саарал ус, 2000 тонн хар усыг (ялгадас зайлуулах төхөөрөмжөөс гарах хүний өтгөн, шингэнийг агуулсан ус) цэвэршүүлдэг аж. Хүний ялгадсыг 93.5 хувь хүртэл цэвэршүүлдэг бөгөөд энэ усыг хотын ногоон байгууламж услахаас эхлээд олон зүйлд ашиглах боломжтойг мэргэжилтэн Нам Хан Сим онцолсон. Нэг үйлдвэр нь л өдөрт сая гаруй тонн ус цэвэршүүлээд, Хан мөрөн рүү буцааж хийдэг гэхээр улс, хотынх нь бодлого байгальтайгаа эргэх холбоотой байхад зориулагддаг бололтой.
Хур тунадас их унадаг, чийглэг орон гэдэг үзүүлэлт солонгосчуудыг бурхан тэнгэрээс харж үзсэн ганц өгөгдөл гэлтэй. Гэвч үйлдвэржилтийн хэт их хөгжлийн улмаас хур бороо нь хүн арддаа эм биш “дайсан” болоход хүрчээ. Гэхдээ л борооны усыг “Ямар ч хэрэггүй золиг” гээд тэр чигт нь орхисонгүй, тэд. Сөүл хотын борооны ус зайлуулах шугам хоолойны бүтэц, зохион байгуулалт үнэхээр мундаг учраас нийт усны 77 хувь нь саарал ус хадгалах байранд хүргэгдэж, цэвэрлэгдээд, дахин ашиглагддаг юм билээ. Өөрөөр хэлбэл, борооны усны ердөө 23 хувь нь газарт шингэдэг гэсэн үг.
Бид тэнд байхдаа хувингаар цутгаж байгаа мэт усан бороо шаагиж, шилбээр татсан ус зам дээр гэнэт үерлээд ирэхтэй хэд хэдэн удаа таарсан. Гэвч хэдхэн минутын дараа өнөөх их ус хаашаа орчихов гэмээр юу ч үгүй алга болдог юм билээ. Дахин цэвэршүүлсэн борооны усыг крант, жорлонгийн татуургад ашиглахаас эхлээд хэрэглэх зүйл мундахгүй гэдэг нь яалт ч үгүй үнэн.
Харин манай Улаанбаатарт борооны ус зайлуулах систем нь доголдолтой учраас зун, намрын цагт нийслэлчүүд уртын харайлтын тэмцээнд бултаараа орох шаардлагатай болдог. Үүн дээр бас нэмээд нэрмээс болдог хүмүүс нь ТҮК-ийн ажилтнууд. Тэд цэвэрлэсэн хогоо үерийн далан руу, борооны ус зайлуулах шугамын ам руу хээвнэг шүүрдэж байхтай олон удаа таарч, “Ингэж болохгүй шүү дээ” гэхээр өөдөөс юу гэдэг гээч. “Энэ байгаад ч ямар нэмэр байх биш. Угаасаа бид л үүнийг цэвэрлэдэг юм чинь”.
ИРГЭДЭЭ ХЭРЭГЛЭГЧЭЭС ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛГОНО
Сөүлд “Land Cruiser” автомашин хоёрхон ширхэг байдаг гэнэ. Нэг нь лав Сөүл дэх Саудын Арабын Элчин сайдын яамныхны шаргал хөлөг харагдана лээ. Улаанбаатарын гудамжаар “хөглөрч” байдагтай харьцуулахад дэлхийд арваннэгдүгээрт эрэмбэлэгдэх том эдийн засагтай орны нийслэлчүүд яагаад “Land Cruiser” унадаггүй юм бол? БНСУ-д гадаадын машин хөлөглөвөл өндөр татвар төлдөг учраас иргэд нь эх орондоо үйлдвэрлэсэн унаа сонгодог аж. Ер нь Өмнөд Солонгос юухнаа ч өөрсдөө дотооддоо үйлдвэрлэж, хангахыг хичээдэг нь анзаарагдана. Сөүл хотын удирдлагууд иргэдээ эрчим хүч хэрэглэгчээс үйлдвэрлэгч болгохоор зорьж буйг энд жишээ татаж болох юм.
Тус хотын худалдааны төв, бэйсболын цэнгэлдэх хүрээлэн, дунд сургуулиуд болон айл өрхүүд дээвэр дээрээ нарны зайн дэлгэц суурилуулсан нь үүний нотолгоо. Айл өрхүүд нь зай хэмнэх үүднээс тагтныхаа гадна талд дэлгэцийг налуу байдлаар “уяж” сэргэлэн загнасан нь өөрийн эрхгүй нүднээ тусна. Одоогоор тэндхийн 145 сургуульд нарны зайн дэлгэц суурилуулаад байгаа бол 2018 онд дээрх тоог 500-д хүргэх зорилттой юм билээ.
Хотынхоо зүрхэнд орших, 10.000 ажилтантай, үүдэндээ өндөр гэгчийн “өвсөн” ханатай, ногоон тодотголтой Сөүл хотын захиргааны барилгын дээврээ ч нарны илч ашиглах дэлгэцээр “зэвсэглэжээ”. Ер нь төр засгаа хараад суух бус, ногоон хөгжлийн төлөө түүчээлэн манлайлах ёстойгоо Өмнөд Солонгосын иргэд, байгууллагууд хэдийнэ ухамсарлачихаж гэлтэй.
Манайд ойрдоо 30 градус давж халаад, хүмүүс сүйд. Гэхдээ Монголд үдэш оройдоо сэрүүхэн болчихдог нь аз. Тэгвэл нэг хүн фэйсбүүк хуудсандаа “Солонгост өдөр ч, шөнө ч саунд байгаа юм шиг, халууцаж үхлээ” гэж бичжээ. Үнэхээр ч тийм. Хөдөлбөл хөлөрнө, тайван бай гэсэн “хууль” үйлчилдэг гэчихэд буруудахгүй Сөүлд сэрүүцүүлэгч төхөөрөмжийг энд тэндгүй байрлуулах шаардлагатай болдог. Дотор ороход жиндүүлэх маягтай тэдгээрийг цахилгаанаар ажиллуулж таарна. БНСУ-ын одоогийн Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн эцэг хэчнээн халуун бүгчим байсан ч зочин ирээгүй бол зочны өрөөнийхөө сэрүүцүүлэгч төхөөрөмжийг ажиллуулалгүй эрчим хүчээ хэмнэдэг туйлын арвич хямгач байсан гэдэг.
Харин өдгөө Азид дөрөвдүгээрт жагсах том эдийн засагтай болж, бар болон архирч буй тус улсын 10.3 сая хүн амтай нийслэлд хэдэн сая сэрүүцүүлэгч төхөөрөмж, иргэдийнхээ өчнөөн олон цахилгаан хэрэгслийн “хоол”-ыг бэлдэж чадаж байгаа. Сөүл хотын захиргааны Ногоон эрчим хүчний хэлтсийн дарга Квон Мин “Эрчим хүчний төслүүдийг Засгийн газрын дэмжлэгээр хэрэгжүүлдэг. Бид атомын цахилгаан станцыг нэгээр бууруулах төсөл хэрэгжүүлж байгаа” гэв. Сөүлд орой юм уу өглөө, эсвэл бямба, ням гаригт тусгай байцаагч нар айл өрх, байгууллагуудад шалгалт хийн, эрчим хүчний үр ашиггүй хэрэглээгээ хэрхэн бууруулах талаар зөвлөгөө өгдөг аж.
Үгэнд ороогүйг нь торгочихдог ч бололтой. Квон Миний өгүүлснээр иргэдийнхээ хэрэглээг багасгахгүй ч нийлүүлж буй эрчим хүчийг нэмэхгүй байхыг зорьдог гэнэ. Сөүлд айл өрхүүд өөрсдийн эрчим хүчний хэрэглээгээ байгаль орчинд ээлтэй байдлаар яаж хангаж болохыг судлан, дээврээ нарны зайн дэлгэцээр “чимэх” гэдэг ч юм уу, эко шийд гаргаад, хэрэгжүүлж чадвал хотоос нь нэмэлт бонус өгдөг юм байна.
Жишээлбэл, 500 айлын цахилгааны төлбөр сард зургаан сая вон гардаг байлаа гэхэд тав болговол хэмнэсэн нэг сая вонд нь нөхөн олговор олгож, эсвэл урамшуулдаг аж. Солонгосын тосгон, хөдөлгөөнүүд ч хоорондоо туршлагаа харамгүй хуваалцаж, сургалт зохион байгуулдаг агаад наанадаж орон сууцаа сайн дулаалчихвал цахилгаан халаалтын нэмэлт хэрэгсэл ашиглах шаардлагагүй талаар нэгнийгээ сэнхрүүлж дөнгөдөг гэсэн.
Үр дүнд нь болоод ч тэр үү, Сөүлд айл өрхүүд 6.79 сая ширхэг гэрлийг эко, өндөр үр ашигтай ледээр сольсон гэх мэт мэдээ олонтаа цацагдах аж. Арлын Японд ч айл өрхүүд нь дээвэртээ нарны зайн дэлгэц байрлуулчихаад, “мини” эрчим хүч үйлдвэрлэгч болж, хэрэглээнээсээ илүү гарсныг улсдаа зардаг. Харин одоогоор манайд нарны зайн дэлгэцийн худалдан авагчид нь малчдаар хязгаарлагдаж буй.
ГУРВАН ХУВИЙГ ГУРАВ ДАХИН НЭМЭГДҮҮЛНЭ
Одоогоор сөүлчүүд эрчим хүчний хэрэглээнийхээ гурван хувийг сэргээгдэх эх үүсвэрээс гарган авч байгаа дүн бий. Квон Мин “Улаанбаатартай харьцуулахад Сөүлд хоногийн цөөн цагт л нарнаас эрчим хүч гарган авах боломжтой. Байгалийн боломжоос илүүтэйгээр төр засгийн бодлого ямар вэ гэдгээс их зүйл шалтгаална” хэмээн онцлоод, 2020 он гэхэд дээр дурдсан гурван хувийг даруй 10-т хүргэхээр төлөвлөж буйг дуулгасан.
Хотоо ногооруулахаар зориг шулуудсан, нүүрстөрөгч бага ялгаруулах хөгжлийн зарчмыг нь бусад оронд хэрэгжүүлж байгаа БНСУ-ын нийслэлчүүд “нарны гэрлэн хот” бүтээхийг зорьж буй нь юухнаас ч илт. Биднийг Ачасан (Ача уул)-д авирч байхад нарны зайн дэлгэц суурилуулсан байсан нь анхаарал татаж байлаа.
Тэндээс хүссэн хэн ч утсаа “тэжээчих” боломжтой юм билээ. “Эрчим хүчний мөрөөдлийн төв”-д бага ангийн сурагчдыг аваачин, цахилгаан хэрэгслүүдийг залгаатай орхивол эрчим хүч “идсээр” байдгийг, хэрэглээгээ хэрхэн бууруулж болох талаарх гэх мэтчилэн эко боловсрол олгодгийг дуурайчихмаар санагдсаныг нуух юун.
“Нарлаг Монгол, эрчим хүчний диваажин” тодотголтой, сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй, жилийн 365 хоногийн 260 орчим (зарим мэргэжилтэн 294 гэдэг) өдөрт нь нарлаг байдаг манай улс бурхнаас илгээсэн нөөц баялгаа ашиглаж чадаж байна уу гэвэл үгүй. Гэхдээ Монгол Улсад нарны анхны мега станцыг Японтой хамтран энэ онд барих, дотоодын “Ньюком” групп нь БНСУ-ын KEPCO компани, Японы “Softbank”-тай Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах болсон нь алхам урагшилсан хэрэг. Мөн Зүүн хойд Азийн хотуудын дарга нар оролцох “Хотуудын ногоон өсөлт-Эрчим хүчний ногоон шийдлүүд” форумыг Улаанбаатарт зохион байгуулж буй нь сайшаалтай.
Хүн эрчим хүчгүйгээр амьдарч чадахгүй шиг монголчууд дундардаг биш ундардаг сэргээгдэх эрчим хүчний нөөцөө ашиглаж чадвал цаашдаа экспортлох боломжтой нь үнэн. Гэхдээ үүнээс урьтаж 2020 он гэхэд үйлдвэрлэх эрчим хүчнийхээ 20 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс гарган авахаар, 2030 онд дээрх хувийг 30-д хүргэхээр зорьж буйгаа хэрэгжүүлэх учиртай. Энэ нь бид хойд хөршөөсөө л гэхэд жилд эрчим хүч импортлоход зарцуулдаг 25 гаруй сая ам.долларыг дотооддоо үлдээж чадна гэсэн үг. Цаашилбал, хэрэгжүүлэх санаачилга нь гараад багагүй хугацаа өнгөрч буй “Азийн эрчмийн супер сүлжээ”, “Говьтек” төслийг хэрэгжүүлчихвэл манайд ихээхэн унацтай.
10 мВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц жилд 14.746 тонн хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлэх тооцоо бий. Манай улсын сэргээгдэх эрчим хүчний анхны томоохон эх үүсвэр болох “Салхит” салхин цахилгаан станцыг “Клин Энержи” компани ашиглалтад оруулсан. Исгэрэх салхийг “бугуйлдаж”, мөнгө болгох тус станцыг ашиглалтад оруулснаар жилд 122.000 тонн нүүрс түлэхээс татгалзаж, 1.6 сая тонн цэвэр ус хэмнэх, хүлэмжийн хийн ялгарлыг ч багагүй бууруулах нөлөөтэй. Тодорхой тооцоо хийж, ус, нүүрс ашиглалгүй эрчим хүч үйлдвэрлэх төслүүдээ дэмжин, урагшлуулж чадвал агаарын бохирдол багасах гээд үр шим нь их.
Манай ачаалал ихтэй ажиллаж буй “өвгөн” ДЦС-уудтай харьцуулахад сэргээгдэх эх үүсвэрүүд дамжуулах сүлжээнээс хараат биш буюу эрчим хүчийг хол зайнд бус, тухайн орон нутагт үйлдвэрлэх учир зардал хэмнэх талтай. Тиймээс ч зөв бодлого, төлөвлөлт, менежменттэй хөдөлбөл сэргээгдэх эрчим хүчийг Монголд хөгжүүлэх боломжтой тухай салбарын мэргэжилтнүүд тодотгодог болов уу.
Дотоодын банкууд ч Ногоон зээлийн сан байгуулж, байгаль орчинд ээлтэй, хүлэмжийн хийг бууруулах төслүүдэд таатай санхүүжилт олгохыг зорьж буйгаас гадна Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Уур амьсгалын өөрчлөлтийн сан гээд гараа дэлгэх зээлдүүлэгч цөөнгүй. Нөгөөтэйгүүр, сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч гарган авах технологийн өртөг сүүлийн жилүүдэд хямдарч буй. 2050 он гэхэд цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлд зарцуулсан нэг ам.доллар гурван “ногоон”-той тэнцэх цахилгаан үйлдвэрлэх тооцоо бий юм билээ.