Эрт цагт хүмүүс Сутай хайрхнаас сарлаг барьж гаршуулан, сүүг нь ундандаа хэрэглэдэг болжээ. Тиймээс хайрхныг сүүтэй уул гэж нэрлэх болсон байна. Сүүтэй уул гэсэн үг цагийн уртад Сутай болон хувирсан гэнэ. Өөр нэгэн домог. Сутай, Хасагт, Отгонтэнгэр хайрхан бие биеийнхээ оройг харж тогтсон юм гэнэ. Сутай, Отгонтэнгэр хайрхан нь морь унасан эр хүн савдагтай. Харин Хасагт хайрхны савдаг хөх бух унасан бүсгүй хүн байдаг.
Сутай, Отгонтэнгэр нь хоёул Хасагт хайрханд сэтгэлтэй гэнэ. Иймээс хоёр их хайрхан тарвага, булгаа элч болгон илгээж, Хасагт хайрханд сэтгэлээ илчилдэг юм санж. Хасагт хайрхны мөнх цас Отгонтэнгэр хайрхан руу харж тогтсон байдаг аж. Иймээс Хасагт хайрхныг Богд очирвааньд сэтгэлээ өгсөн гэлцдэг байна. Төрийн тахилгат Сутай хайрхны тэнгэрийг тайх тахилгын ёслол эхлэхийн өмнө Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат, өндөр настан Д.Цэдэнпил ийнхүү домог хүүрнэлээ.
Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Цэцэг, Дарви сумынхан Сутай хайрхнаа Цаст богд хэмээн авгайлан, өглөө бүр мөнгөн цагаан оргилынх нь зүг цайны дээж өргөж заншжээ. Цаст богдын тахилгын их овоо нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын Зүйл багийн нутагт буюу хайрхны өвөрт оршдог. Иймээс Тонхил сумынхан Цагаан сарын шинийн 1-ний өглөө эрт хайрхныхаа овоонд ирж золгоод, дараа нь хотол олноороо шинэлдэг уламжлалтай гэнэ. Сүүтэй уул гэх домгийн нэртэй учраас Сутай хайрхны тэнгэрийг тайх тахилгын ёслолд оролцохоор ирсэн хүмүүс хайрхандаа сүү өргөж, лус савдгийг нь аргадан залбирч байв. Д.Цэдэнпил гуай ч үр, ач, зээ нарын хамтаар шүтээн болсон их хайрхандаа сүү өргөж, сүсэглэн залбирлаа.
Энэ зуурт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цагаан халиун морь хүлэглэн ирж, их хөлгөн судар “Ганжуур”, “Данжуур”-аас адис авч, тусгайлан бэлтгэсэн суудалд заларснаар Цаст богдын тэнгэрийг тайх тахилгын ёслол эхлэв. Тэрбээр АСЕМ-ын зочдод бэсрэг наадам үзүүлэх үеэрээ өмссөн улаан дээлээрээ гангарчээ. Сутай хайрхны тэнгэрийг тайх ёслол долдугаар сарын 25-нд буюу Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тайх тахилгын ёслолоос гурав хоногийн дараа болсон тул харьцуулах боломж олгож байлаа. Цаст богдын тэнгэрийг тайх ёслолд Отгонтэнгэрийнхээс 30 дахин бага буюу 1000 гаруй хүн оролцов. Сутай хайрханд очиход Отгонтэнгэрийн замаас бартаа багатай. Гэсэн ч цөөн хүн зорин иржээ. Нутгийн голдуу хүмүүс цугласан байлаа. Улаанбаатараас 1300 км алслагдсан учраас ёстой л сэтгэл гаргаж, зорьсон хишигтнүүд л ирсэн бололтой.
Иймээс цомхон, зохион байгуулалт сайтай тахилгын ёслол болов. Зохион байгуулалт сайтай гэж онцолсон нь учиртай. Отгонтэнгэрийн тахилга хөл толгой нь мэдэгдэхгүй, наад зах нь чанга яригчаар ярьж буй үг, ламын нарын номын уншлага сонсогдохгүй байсан тал бий. Ганцхан дуу өсгөгч зоосон учраас тэр шүү дээ. Сутай хайрхны тахилгын овооны дөрвөн талд дуу өсгөгч байрлуулсан учир хишигтэн олон Ерөнхийлөгчийнхөө хэлсэн үг, тахилгын айлтгалыг бүрэн сонссон.
Өмнөх өдөр нь сүүн цагаан зулайгаа харуулж асан Сутай хайрхан тахилгын үеэр үүлэн баринтгаа нөмөрч, тэнгэрээ бүдийлгэжээ. Хайрхнаас лус савдаг нь хилэгнэчихэв үү дээ гэмээр дүр тодрох аж. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дэд хамба Л.Амгалан тэргүүтэй лам хуврагууд Сутай хайрхны тахилгын сан зэрэг ном судраа уншиж эхлэхэд тэнгэрээс хур бороо шивэрлээ. Тэнгэрийн байдлыг ажваас аадар асгах нь уу гэмээр догшин сүртэй. Гэсэн ч шиврээ бороог цаст Алтайн дагшин салхи хөөж одлоо. Өндөр Алтайн салхи жихүүн ажээ. Хурсан олны царай хүйт даасан байв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тахилгын ёслолд үг хэлэхдээ “Сутай хайрхны тахилгын сангийн сударт “Онгон дагшин газрыг ухаж, уул хайрхныг урвуулсан хийгээд ой модыг огтолж, ус мөрнийг булингартуулсан тэргүүтэн ойшоож эс мэдсний эрхээр тэнгэр, лус савдагтаа омтгой хорлол, осол харшлал алин үйлдсэн бүхнээ илчлэн наманчилму” хэмээжээ. Эртний энэ өчил, наманчлалыг энэ өдөр давтан айлтгая. Ингэснээр Сутай ханы сангийн судар болоод өдгөө үйлдэж буй төрийн тахилгын ёслолын утга санаа нэгэн мөн чанарт нэгдэн нийлж байна.
Бидний өвөг дээдэс уул ус, ургамал цэцэгс хийгээд ертөнц дэлхийн юмс бүхнийг амь шүншигтэй хэмээн хүндэтгэн үзэж, аргадан сүслэж, ая зан, жам ёсонд нь амьдрал ахуй, аж байдлаа зохицуулж, зохицож ирсэн нь амьдралын гүн ухаан, чин ариун сүсгийн илэрхийлэл мөн. Ардын уламжлалт энэхүү ёс заншил эдүгээ төрийн зарлигтай ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болсон нь учиртай.
Нэг талаас энэ нь ардынхаа ухаанаас төр нь суралцаж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үйл хэргийг иргэний ёс заншлаар төдийгүй төрийн бодлогоор баталгаажуулан, дэмжин тэтгэж хэрэгжүүлж буйн илрэл юм. Нөгөө талаасаа, уламжлалт ёс заншил, зан үйл, итгэл сүсгийг сэргээж, өвлөн залгамжлуулах нь даяаршиж буй дэлхий ертөнцөд Монгол Монголоороо орших, үндэсний үзэл, ухамсар, бахархал омогшлыг бадраан хөгжүүлэх учир холбогдолтой” гэлээ.
Үг хэлснийхээ дараа Ерөнхийлөгч Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх айлтгалаас адис авч, бараа бологчид нь түүнийг тахилгын галд өргөж, тэнгэрт илгээх ёслол үйлдэв. Мөн лам хуврагууд тахилгын цацлын өчил уншихад Ерөнхийлөгч овооны сорогшин модонд хадаг уяж, зул бадраан, сүү өргөн, идээ шүүсийг хөндөж дээжийг нь овоонд тавилаа. Дараа нь тэнгэрт хүргэх сумыг Говь-Алтай аймгийн Сурын холбооны тэргүүн, хуяг дуулга бүхий харваач Б.Лхагвадоржид өгч, тэнгэрт дуут сум илгээх ёслол үйлдэв.
Үүний дараа хуврагууд “Морины сэтэр” ном уншиж эхлэхэд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багийн малчин С.Энхболдын адуун сүргээс сонгосон бор морийг тэнгэрийн хүлэг болгон сэтэрлэн тавилаа. Ингэснээр Сутай хайрхны тэнгэрийг тайх тахилгын ёслол өндөрлөж, Ерөнхийлөгч цагаан халиун морь унан, бараа бологчдоо дагуулан Цаст богдыг чиглэн буцав.
Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тайх ёслол дууссаны дараа тахилгын идээ шүүс рүү хурсан олон дайран булаацалдаж бужигнасан. Энэ удаад ч бас хишигтэн олон Сутай хайрхны тахилгын идээ шүүснээс хэлтэрхийг ч болтугай олж авахаар оволзлоо. Ингэхдээ тахилгын идээ будааны өмнөх ширээн дээр өрж тавьсан “Ганжуур”, “Данжуур” судрыг нурааж, дээр нь гишгэчив. Уул усандаа сүсэглэж буй сэтгэл нь сайхан ч атга будаа, хэрчим мах, хэвийн боовны хэлтэрхийн төлөө тэмцэхдээ монголчуудын өв соёлыг өнө эртнээс өнөөдрийг хүртэл тээж ирсэн, үнэт өв болсон судар дээр гишгэж байгаа хүмүүсийг яалтай ч билээ. Дараагийн удаад төрийн тахилга үйлдэхдээ тахилгын идээ, шүүсийг хишигтэн олонд хүртээмжтэй, зөв боловсон хэлбэрээр хүргэх зохион байгуулалт хийх хэрэгтэй нь анзаарагдсан.
Алтайн 13 оргилын нэг Сутай хайрхан уул далайн түвшнээс 4090 метрийн өндөр, баруун хойноос зүүн урд зүгт 60 км сунаж тогтсон байдаг. Хайрхнаас Зүйл, Хөхвөр, Улиастай, Буянт гол эх авч, хүн малыг ундаалан Тонхил, Хулан, Ихэс, Цэцэг нуурт цутгадаг байна. Дөрвөн өртөө газраас дөмөгхөн бараатдаг Сутай хайрхныг 2008 онд төрийн тахилгат уул болгох зарлиг буулгасан. Тус хайрхны төрийн тахилга таван жилийн дараа болно. Гэсэн ч нутгийн хүн зон нь өглөө бүр цай сүүнийхээ дээжийг Цаст богддоо өргөсөөр байх болой.