Энэ жилийн зуны олимпоос эхэлж, дүрвэгчдийн багийг оролцуулахаар Олон улсын олимпын хорооноос шийдвэрлэсэн. Олимпын туг дор их наадамд оролцох тус баг 10 тамирчинтай. Тэдгээрийн тэн хагас нь Өмнөд Суданаас гаралтай юм. Эдгээр тамирчид Кени улсад бэлтгэлээ базааж байгаад Рио де Жанейрод газарджээ.
Өмнө нь дүрвэгсдийн багаас Сирийн усанд сэлэгч Юсра Мардини болон Рами Анис нар Риод ирээд байсан бол Конгогийн жүдоч Попол Мисенга болон Юланде Мабика нар Риод бэлтгэлээ базааж байсан юм. Харин одоо энэ багаас Этиопийн марафон гүйгч Юнас Кинд ирэх наймдугаар сарын 1-нд Бразилд ирнэ. Түүний хувьд Люксембург улсад бэлтгэлээ хийдэг. Марафоны уралдаан хамгийн сүүлийн өдөр болох тул ирэх сарын нэгнээс ирэхээр болсон юм.
Сонирхуулахад, дүрвэгсдийн багийн тугчаар Сирийн усанд сэлэгч Юсра Мардини тодорчээ.
Дүрвэгчдийн баг:
Рами Анис (Сири) - Усанд сэлэгч
Юсра Мардини (Сири) - Усанд сэлэгч
Юланде Мабика (Конго) - Жүдо
Попол Мисенга (Конго) - Жүдо
Юич Пур Бил (Өмнөд Судан) - 800 метрийн гүйлт (эр)
Жэймс Чиенгжик (Өмнөд Судан) - 400 метрийн гүйлт (эр)
Анжелина Надай Лоалтит (Өмнөд Судан) - 1500 метрийн гүйлт (эм)
Рөүс Натике Локонен (Өмнөд Судан) - 800 метрийн гүйлт (эм)
Паоло Амотун Локоро (Өмнөд Судан) - 1500 метрийн гүйлт (эр)
Юнас Кинд (Этиоп) - Марафон