Хүрэн даавуун дээлээр ижилссэн, 10 орчим насны ихэр хөвгүүд “Аав аа, их хол шидэх ёстой юу” гэж асуув. “Аль болох хол шидвэл сайн шүү” гэж аав нь хэлж байна. Хөвгүүд гар дахь мөнгөн аягаа Бадархундага нуур руу зэрэг шахам чулуудлаа. Хоёр мөнгөн аяга Бадархундага нууранд цүл, цүл хийн живээд чимээ алдрав. Монголчуудын буян заяа, үр хойчийн ирээдүйг даадаг хэмээн бишрэн шүтдэг Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тайх ёслолын үеэр хийдэг нэгэн зан үйл энэ аж. Тэнгэр хайрхны хэвлийгээс мэлмэрсэн Бадархундага рашаанаас сүсэгтэн олон хүртэж, нуураа аргадан алт, мөнгө, зэс гэх мэт эрдэнээр урласан эдлэл өргөдөг уламжлал эртнээс тогтжээ. Сүсэгтэн олон дээшээ харсан сав хэмээн бэлгэдэн нууранд мөнгөн аяга өргөх нь дийлэнх санж. Ийнхүү хишигтэн олон хэдэн зуун мөнгөн аяга Бадархундага нуурын усанд үйв.
Эртнээс улбаалсан сүсэг бишрэл Бадархундага нуурын усыг рашаан болтол мөнгөжүүлжээ. Нуурын уснаас уувал тагнайд мөнгө амтагдана. Хишигтэн олон үүний зэрэгцээ уухай хадаах аж. Цаст цагаан уулынхаа лус савдгийг баясгаж буй нь тэр гэнэ. Үүлэн баринтгаа хөөж, цаст цагаан зулайдаа нарны цацраг гялбуулсан Отгонтэнгэр хайрхан суудалдаа ханхайна. “Хайрхан нүүрээ өдөржин нуусангүй. Монголчуудын буян заяа тэгшрэх нь ээ” гэж сүсэгтэн олон ярилцана. Отгонтэнгэр хайрхны тахилгын овооны зүгээс хишигтэн олон Бадархундага нуур өөд өгссөөр байв. Төрийн тахилгат Богд очирваань Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол Бадархундага нууранд өргөл өргөх зан үйлээр өндөрлөж буй нь энэ.
Хангайн нурууны ноён оргил мөнх цаст, мөнгөн дуулгат Отгонтэнгэр уулын төрийн тахилга долдугаар сарын 22 буюу XVII жарны гал бичин жилийн зуны адаг сарын хөхөгчин могой өдрийн морин цагт эхэлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатараас нисдэг тэргээр ирж, Отгонтэнгэр хайрхны тахилгын овооны дэргэд 11.40 буюу морин цагт газардсан. Нисдэг тэрэг цаг агаарын байдлаас шалтгаалан товлосон газраасаа өөрт цэгт буусан нь зохион байгуулж буй Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрынхныг нэлээд сандаргаад авна лээ. Тэрбээр нисдэг тэрэгнээс буусан даруйдаа шарга морь унан шууд Бадархундага нуурыг зорьсон юм.
Ингээд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дэд хамба Л.Амгалан, Наро ванчин гэгээн Б.Цэдэн-Иш, Жалханз хутагт Ч.Эрдэнэчулуун тэргүүтэй лам хуврагууд ламчодов, жигжид, очирваань, жанлавцогзол, овооны сан, эзний сан, гурван-эрдэнэ, юлтий, дэвжид сэржим зэрэг ном хурж, Очирваань хайрхны тэнгэрийг тайх тахилгын ёслолыг эхлүүллээ. Энэ зуурт сүсэгтэн олон тэнгэр ууландаа сүү, цагаан идээ, будаа өргөж, буян заяагаа даатган, хурайлж байлаа.
Ламын уншлага, сүсэгтэн олны хурайтай найрсан байхад олон түмэн шуугиад, алга ташаад явчихав. Улсын наадмын түрүү бөх, шинэ аварга Ч.Санжаадамба уул тахилгын ёслолд хүрэлцэн ирсэн нь тэр байж. Түүнээс гадна улсын арслан Э.Оюунболд, Д.Мөнх-Эрдэнэ, “Монос” группийн ТУЗ-ийн дарга, Төрийн соёрхолт Л.Хүрэлбаатар, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нарын нэр хүндтэй эрхмүүд хүрэлцэн ирсэн байлаа. Мөн УИХ-ын гишүүн Я.Санжмятав, З.Нарантуяа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив нарын төрийг төлөөлсөн хүмүүс оролцов. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж морин цагтаа багтан Бадархундага нуураас ирж, тахилгын овооны дэргэд зассан суудалдаа тухлав.
Тэрбээр хишигтэн олонд хандаж үг хэлэхдээ “Уулын тэнгэрийг тайх ёс бол монгол үндэстний олон мянган жилийн уламжлалт зан заншил, хүн, байгаль амь нэгтэйг өнө эртнээс таньсан өвгөдийн билиг ухааны илэрхийлэл, Монголоор овоглосон оюуны өв соёл билээ. Түүхийн явцад төр, шашны хос ёсны төгөлдөр утгат зан үйл, заншил уламжлал болж тогтжээ. Өнөө цагт энэ нь хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн үндэс болсон ногоон хөгжлийн үзэл баримтлалтай яв цав нийцсэн, байгаль хамгааллын төдийгүй үндэстний оюун санаа, үзэл ухамсар, шашин соёл, төр ёсны өргөн дэлгэр агуулгатай болж буйгаараа нэн ач холбогдолтой юм.
Түүнчлэн тахилгын ёслол нь өвөг дээдсийнхээ мэргэн ухааныг ойлгох, монгол ёс заншлаа мэдэх, иргэдийн төрөлх газар шороо, нутаг усаа хайрлан хамгаалах сэдэл, үйлдлийн эрч хүчийг хөглөн, байгаль орчноо гэх сэтгэл, зүтгэлийг бадраахад чухал билээ. Залуучууд минь үүнийг болгоогоорой” хэмээн онцлон тэмдэглэсэн юм. Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрынхан зохион байгуулалтын алдаа гаргаж, микрофонд ганцхан дуу өсгөгч холбожээ. Иймээс сүсэгтэн олны дийлэнх Ерөнхийлөгчийнхөө үгийг сонсож чадсангүй. Хэдэн зуун км зам туулан Тэнгэр хайрхны тахилгын ёслолыг зорин очсон зарим сүсэгтэн зохион байгуулалт, техник хэрэгсэл мууд гомдолтой байгаагаа нуугаагүй.
Дараа нь Ерөнхийлөгч Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх айлтгалаас адис авлаа. Айлтгалыг түүний бараа бологчид тахилгын гал болох мандлын бурханд өргүүлэн, тэнгэрт илгээх ёслол үйлдэв. Лам хуврагууд тахилгын цацлын өчил уншин, цацал өргөхөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж овооны сорогшин модонд хадаг уяж, зул бадраан, сүү өргөн, идээ шүүсийг хөндөж, дээжийг нь овоонд тавив. Дараа нь тэнгэрт хүргэх сумыг хуяг дуулга бүхий харваачид өгч, тэнгэрт дуут сум илгээх ёслол үйлдлээ. Үүний дараа хуврагууд “Морины сэтэр” ном уншиж эхлэхэд Ерөнхийлөгч Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн малчин Б.Баттулгын адуун сүргээс сонгосон бор морийг Отгонтэнгэр уулнаа сэтэрлэн тавьснаар овоо тахилгын дэг ёс өндөрлөв.
Ерөнхийлөгчийг хөдөлсний дараа цагдаагийн байгууллагынхан хамгаалалтаа буулгалаа. Хөл хорионоос гарсан сүсэгтэн олны зарим нь Наро ванчин гэгээнтэн, зарим нь тахилын идээ шүүс рүү ухасхийв. Завхан аймгийнхан бололтой, хэсэг хүмүүс тал талаас нь ноцоод гэгээнтнээ эгээтэй л түлхэж унагаад гутлынхаа улыг арчихсангүй. Биед нь хүрэхийн төлөөх оволзсон тэмцэл дунд өнөөх шүтээн болсон гэгээнтэн нь усанд живэхээр сарвалзаж байгаа хүн шиг л өрөвдөлтэй харагдаж байна лээ. Наро ванчинг Э.Оюунболд арслан өргөж, хоёр цагдаа хамгаалаагүй бол аль хэдийнэ хүний хөлд гишгэгдэж, хавирга сүврэгээ хугалуулж мэдэхээр байлаа. Сүсэглэж, шүтэж болно. Харин гэмтээж, бэртээж болохгүйг ухаармаар.
Тахилгын идээ шүүс рүү дайрсан олон ч ёс бус харагдаж байв. Өлсгөлөн ноход дунд яс хаясан мэт оволзон түлхэлцэж, идээ будааг базаж, савардаж, булаалдаж байв. Хонины чанасан ууцаас хөшиглөж биш, хуруу хумсаараа зулгааж авч атгачихаад эгээтэй л ардын баатар мэт яваа хүнийг хараад хэнд ч сайхан сэтгэгдэл төрөхгүй нь мэдээж. Төрийн тахилгын зохион байгуулалтыг илүү дэгтэй болгох шаардлагатай байгаа нь дээрх үйл явдлаас харагдаж байна. Тахилгын идээ шүүсийг булаалдаж буйд олон хүн эгдүүцэж байсан. Иймээс идээ шүүсийг тахилгад оролцож байгаа хүмүүст жигд хүртээх, олонд нэр хүндтэй лам хуврагаас дарааллын дагуу адис авах боломж олгох зэрэг зохион байгуулалт хийх хэрэгтэй нь анзаарагдсан.
Богд очирваань хайрхны тэнгэрийг тайх ёслолд хол, ойроос цугласан нийт 30 мянга гаруй хишигтэн олон оролцсон гэж Отгонтэнгэр уулын тусгай хамгаалалттай газрын захиргааныхан дуулгасан юм. Завхан аймгийн хүн амын тэн хагастай тэнцэх хүн оролцсон гэхээр Отгонтэнгэр уулын төрийн тахилга ямаршуухан өргөн, дэлгэр болсон нь баримжаалагдана. Тэнгэр уулын тахилгад оролцсон хишигтэн олон сумын төвөөс ч том хүрээ үүсгэн отоглосон юм. Хоол унд олдохгүй, биеэ засах газар хүрэлцэхгүй байх гэх мэт мөн л зохион байгуулалт муугаас шалтгаалсан бэрхшээлүүд хишигтэн олонд тулгарч байв. Гэсэн ч хишигтэн олон Отгонтэнгэр хайрхандаа буян заяагаа даатгаад, Бадархундага рашаанаас ундаалаад, сэтгэл дүүрэн буцлаа. Хууль, журмын дагуу Отгонтэнгэр уулын тэнгэрийг таван жилийн дараа дахин тайна.
Отгонтэнгэр уулыг Этүгэн уул, Сүмбэр уул, Очирваань хайрхан, Цаст цагаан уул хэмээн нэрлэж, нутгийн зон олон нь идээнийхээ дээжийг өргөн, эртнээс тахин шүтэж ирсэн түүхтэй. Анх VI-VIII зуунд түрэгүүд тахидаг байсан гэх түүхийн сурвалж бий. Түүнээс хойш 1779 онд сэргээн тахиж байгаад мартагджээ. Улмаар 1911 онд Богд хаан жил бүр ламын шашны ёсоор тахидаг байсан ч мөн мартагдсан байна. Харин 1995 онд төрийн тахилгатай болгож, дөрвөн жилд нэг удаа, 2012 оноос таван жилд нэг удаа тахидаг уламжлал тогтжээ.
Этүгэн гэдэг нь анхны эх газар гэсэн утгатай үг аж. Эрдэмтэд ч усан галавын их уснаас анх цухуйсан эх газар бол Отгонтэнгэр уулын орой гэж баталдаг билээ. Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4008 метр өндөр өргөгдсөн. Үүний 3752 метрээс дээших нь мөнх цастай, Хангайн нурууны хамгийн өндөр бөгөөд цорын ганц мөнх цастай хайрхан уул юм.